Үйл явдал
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу дээрх хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хууль, тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг явуулах үеэр тогтоолын төслийн хавсралтын 3.1 дэх хэсгийн “тавигдах шаардлага” гэснийг “тавих шаардлагыг хуулиар нарийвчлан зохицуулж” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэхээр тооцсон. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45.0 хувьтай тэнцэхээр тусгасныг тодотголоо.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Энхцэцэг, Ж.Алдаржавхлан, М.Мандхай, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун, Б.Заяабал, Х.Булгантуяа, Б.Бейсен, Ж.Баясгалан, С.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Монгол Улсын 2025 оны хөгжлийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 35 төсөл, арга хэмжээний нэлээдгүй хэсэг нь эхлээгүй байгаа бөгөөд үүнийг “Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгаагүй шалтгааныг лавлав. Мөн дулааны цахилгаан станцыг 500 тонн цагаар өргөтгөх болон Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг эрчим хүчээр хангахтай холбоотой төсөл арга хэмжээг 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнөөс хассан шалтгааныг тодруулж байлаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариултдаа, Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг л тусгадаг тул 2025 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлууд орхигдсон, хийдэл гарсан. Гэхдээ 2025 он дуусах болоогүй тул Засгийн газар он дуустал төлөвлөгөөнд туссан бүх ажлаа эхлүүлж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр Орхон аймгаас буюу бараг 1000 км-ын цаанаас 110 кВ-ын шугамаар эрчим хүчийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт дамжуулдаг тул, эрсдэл их өндөртэй. Иймд Өвөрхангай аймгийн төвд 100 МВт-ын эрчим хүчийг дөрвөн цагаар үйлдвэрлэх хүчин чадалтай батерей станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэсэн. Дээрх ажлууд ойрын хугацаанд шийдвэрлэгдэх байх хэмээв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд ирэх оны зарлага, санхүүжилтийг 33.4 их наяд төгрөг гэж тусгасан нь энэ жил төсвийн зарлагаа нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байна гэж ойлгох нь зөв үү гэдгийг лавлахын зэрэгцээ төсвийн зарлага, санхүүжилтэд бүтцийн өөрчлөлт хийх, төсвийн урсгал зардлаа бууруулаад, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн яам ажиллах шаардлагатай гэсэн санал хэлсэн.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, төсвийн зарлага одоо 35 их наяд төгрөг байсныг бууруулж 34 их наяд төгрөг болгож, цаашдаа төсвийн зарлагаа бууруулах төлөвлөгөөтэй байгаа. 2021 онд төсвийн зардал 11 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 35 их наяд төгрөгт хүрч, гурав дахин өссөн байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нүүрс, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унасан нөхцөлд төсвийн орлогод гол эрсдэлийг дагуулах тул цаашдаа төсвийн зардлаа өсгөхгүй явна гэж төлөвлөсөн юм билээ хэмээн хариулав.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа 2025 онд эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьтай байхаар өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн нь бодит байдалтай хэр нийцэж байгаа талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тодруулахын зэрэгцээ хэрэглээний өсөлтийг буруу тооцоолсон хариуцлагыг хэн үүрэх талаар лавлаж байв. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр энэ асуудал хөндөгдсөн гээд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь эдийн засгийн өсөлт, инфляцийг тооцсон хувь хэмжээ үндэслэл муутай байгааг хэлсэн. Олон улсын валютын сан эдийн засгийн өсөлтийг 6.2 хувь гэж тооцсон байсан. Засгийн газраас энэ өсөлтийг 2026 онд 6.0, 2027-2028 онд 6.5 хувь байхаар тооцсон байна билээ. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь хэмжээг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэхээр тооцсонтой гишүүд санал нийлэхгүй байгаа гэсэн тайлбарыг өгсөн.
Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан, тус зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь байх боломжгүй гэж үзсэн. Зөвлөлийн таамаглалд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5.5, 2026 онд 5.4, 2027-2028 онд 5.0 хувьтай буюу Засгийн газрын төсөөллөөс 2 хувиар доогуур байсан. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засагт нөлөөлөх уул уурхайн салбарын эрсдэлийг тооцохдоо 2026 онд уул уурхайн салбар хүнд байдалтай байна гэж харсан гэх нэмэлт тайлбарыг өгсөн.
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, татвар болон нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх хуулиуд батлагдаагүй учир төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсан хуулийн хүрээнд боловсруулсан байна. Хэрэв дээрх шинэчлэлийн асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгана гэвэл Сангийн яамнаас хийж буй тайлбараар төсвийн орлогыг бууруулж, зарлага нэмэхгүй гэх зэргээр хүнд байдалд хүрэх нь. Уг нь Засгийн газраас хаврын чуулганы хугацаанд шинэчлэлийн төслүүдээ батлуулсан бол асуудлаа төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгаад 2026 оноос хэрэгжих боломжтой байлаа гэсэн саналыг хэлж байв.
Үргэлжлүүлэн Байнгын хорооны саналаар “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтын 3.1 дэх хэсгийн “тавигдах шаардлага” гэснийг “тавих шаардлагыг хуулиар нарийвчлан зохицуулж” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдав.
Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан. Тус Байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн 1 саналын томьёоллоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулгадаа онцлов.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Лувсанжамц нар үг хэлсэн. Ингээд тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


Үйл явдал
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Үйл явдал
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Хэн юу хэлэв...2020/10/01
Х.Баттулга: Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт ба...
-
Дэлхий нийтээр..2024/12/13
Б.Найрамдал: Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хэрэ...
-
Үйл явдал2019/12/02
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
-
Дэлхий нийтээр..2025/08/07
Мас-Рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид ...
