Үйл явдал
Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн чөлөөлөлт”, “Эрх зүйн чөлөөлөлт”, “Авлигын эсрэг чөлөөлөлт”, “Ногоон хөгжлийн чөлөөлөлт” бодлогын хүрээнд 2026 оны зургаадугаар сард ажлуудыг нарийвчлан төлөвлөн хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг шуурхай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлээр холбогдох газрын дарга нарт үүрэг өгөв.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бизнесийн орчны шинэчлэлийг нэн тэргүүний зорилт хэмээн онцолж, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслүүдийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Эдгээр хууль батлагдсанаар бизнес эрхлэх эрх зүйн орчин сайжирч, төрийн хүнд суртал, олон шат дамжлага буурч, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг бодитойгоор арилгах боломж бүрдэнэ хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн дараах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг шуурхай хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Үүнд:
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
- Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж бэлтгэх;
- ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангах;
- Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах;
- Экспортын ажлын хэсгийн хүрээнд эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
- Эрчим хүчний салбарын стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг эхлүүлэх, гэрээг үзэглэх;
- Засгийн газрын байгууллагуудын бүтэц, орон тоо, чиг үүргийн давхардлын талаар нэгдсэн тооцоо, судалгааг яаралтай гаргах.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөгжлийн бодлогын зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Үйл явдал2021/08/13
Улаанбаатарт өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Дэлхий нийтээр..2025/07/03
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
-
Дэлхий нийтээр..2026/01/28
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав
-
Дэлхий нийтээр..2021/08/25
Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэ...
