Үйл явдал
Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийг хэлэлцэх үндэсний чуулган Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдана
2026 оны зургаадугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд Төрийн ордны их танхимд болох Уламжлалт анагаах ухааны салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн шийдвэр, зөвлөмж боловсруулах зорилготой “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГАН” Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” 03 дугаар зарлигийг баталж, Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Тус зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 87 дугаар тогтоолоор баталсан төлөвлөгөөнд Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, тогтолцоо, хүний нөөц, сургалт, судалгаа, инноваци, эмийн үйлдвэрлэл, уламжлалт эмийн зохистой хэрэглээ, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар тодорхой зорилтууд тусгасан нь Уламжлалт анагаах ухааны хөгжлийг төрийн бодлогын түвшинд дэмжиж буй алхам болсон юм.
Тус чуулганыг “Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв, Оточ Манрамба Их Сургууль, “Манба дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэг санаачлан, Эрүүл мэндийн яам зохион байгуулагчаар ажиллаж байна.
Хамтран зохион байгуулагчаар:
- Боловсролын яам
• ЭМЯ-ны дэргэдэх “Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл”
• “Тэжээхүй ухаан” төрийн бус байгууллага
• Оточ Манрамба их сургуулийн төгсөгчдийн холбоо тус тус оролцож байна.
Чуулганд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, чуулганыг санаачлан зохион байгуулагч Монголын Уламжлалт эмнэлэг, сургалтын “Манба Дацан” төвийн тэргүүн, Хамба лам Оточ Манрамба Их Сургуулийн Ректор Д.Нацагдорж тэргүүтэй төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Уламжлалт анагаах ухааны салбарын эрдэмтэн, судлаачид, удирдах ажилтан, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож,
- Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ
- Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны уялдаа холбоо, их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан, санхүүжилтийн тогтолцоо
- Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо, хүний нөөцийн бодлого
- Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, бүртгэл, хүртээмж
- Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн эрүүл мэндийн асуудал сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.
Чуулганы үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 87 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, цахим шилжилт, хөгжлийн асуудлыг эрх зүйн баримт бичгүүдэд тусгах санал, зөвлөмж боловсруулахаар зорьж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой, нэгдмэл тогтолцоотой дэлхийн 25 орны нэгээр үнэлдэг. Энэ утгаараа тус чуулган нь уламжлалт анагаах ухааны хөгжлийг шинэ шатанд гаргах, бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог бэхжүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой юм.
“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГАН”
Хэвлэл мэдээллийн албатай холбогдох: 98830330, 94052992, 99040811
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2023/05/04
“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгөөр 3000 иргэнд зөвлөгөө мэдээ...
-
Үйл явдал2022/10/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Чөлөөт бүс2019/10/01
“Төв аймгийн сүм хийдийн лам нарын бүртгэл” эмхэтгэл хэвлэгдлээ
-
Үйл явдал2022/09/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
