Дэлхий нийтээр..
Цөөн хүн амтай улсуудын авлигатай тэмцэх стратеги
Цөөн хүн амтай улс орнууд авлигыг илрүүлэх, түүнтэй тэмцэхэд тодорхой бэрхшээлтэй тулгардаг тухай би өмнөх нийтлэлдээ дурдаж байсан. Хүн бүр нэг нэгнээ мэддэг газарт шийдвэр гаргах албан тушаалтан болон оролцогч талуудын хооронд хувийн харилцаа холбоо үүсэх нь бараг л тодорхой зүйл юм. Энэ нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад хүндрэл учруулаад зогсохгүй төрийн шийдвэр гаргах үйл явц бодитоор явуулах хүчин чармайлтыг сааруулах албан бус соёлыг бий болгодог байна.
Цөөн хүн амтай улс орнуудад авлигаас үүдэлтэй асуудлууд нь тодорхой шийдлүүдийг шаарддаг. Эдгээр асуудлыг шийдэхэд тус болох хэд хэдэн арга байдаг:
§ Авлигыг нэрээр нь нэрлэх: Нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос урьтал болгох буюу төрийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд үйлчлэх нь авлигын нэг хэлбэр юм. Уг харилцаа нь ихэвчлэн мөнгө өгч авалцдаггүй нь олон нийтийн итгэлийг урвуулан ашигласан үйлдлээ авлигын шинжтэй үйлдэл гэхээсээ илүүтэй хүмүүс хоорондын буюу нийгмийн харилцаа мэт харагдуулдаг байна. Дээрх үйлдлийг зүгээр өнгөрөөсөөр байвал авлигатай тэмцэх ямар ч хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй. Иймд авлигын энэ хэлбэрийг хэвийн бус үйлдэл гэдгийг нийтийн дунд хэвшүүлэхийн тулд ураг төрлийн авлигын шалтгаан, илрэх хэлбэр, түүнээс үүдэлтэй хор уршгийг олон нийтэд тогтмол мэдээлж системтэй боловсрол олгох шаардлагатай байна.
§ Олон нийтийн санаа бодлыг ашиглах: Нягтарсан нийгмийн бүлэг, энэ бүлэгт магадгүй албан бус нийгмийн хориг арга хэмжээ нь (нийгмийн гадуурхалт, хавчлага болон гутаан доромжлол) илүү хүчтэй байж авлигыг хязгаарлах ач холбогдлыг нэмэгдүүлж болох юм. Дээр дурдсанчлан, өөрийн ойр дотнын хүмүүст эрх мэдлээ ашиглан туслалцаа үзүүлж байгаа үйлдлийг нийтээрээ авлигын нэг хэлбэр гэж хүлээж авахгүй, энгийн үзэгдэл мэт үзэх нь олон нийтийн өмнө ч ичиж, санаа зовохгүй байх нөхцөлийг бүрдүүлж болзошгүй юм. Гэвч авлигын эсрэг тэмцэгчид шударга ёсыг бэхжүүлэхийн тулд зүй бус үйлдэл гаргасан этгээдийг ичгүүртэй байдалд оруулах болон нийгмийн бусад хориг арга хэмжээг ашиглах арга замыг хайж олох шаардлагатай.
§ Шийдвэр гаргах үйл явцад эр бүхий албан тушаалтан нь хувь хүний үзэл суртлаас ангид, нөлөөнд автахгүй байх: Дээр дурдсанчлан цөөн хүн амтай нийгэмд олон хүн амтай нийгэмд хэрэгжих боломжтой ашиг сонирхлын зөрчлийн хатуу дүрмийг хэрэгжүүлэхэд хэцүү байдаг. Цаашилбал, “албан ёсны” ашиг сонирхлын зөрчилгүй байсан ч жижиг улс орнуудад төрийн шийдвэр гаргагчид шийдвэрт нь нөлөөлөх зарим хүмүүстэй хувийн харилцаа холбоотой байх магадлал өндөр байдаг. Жишээлбэл, ажилд томилох үүрэг бүхий албан тушаалтнууд ажилд орохоор хүсэлт гаргасан хүмүүсийн дор хаяж нэгтэй нь холбоотой байдаг. Тиймээс цөөн хүн амтай улс орнууд аль болох хувийн холбоо хамаарлыг арилгахад илүү их анхаарал хандуулах ёстой.
§ Олон улсын хамтын ажиллагаа: Жижиг улс орнуудын хувьд авлигын эсрэг хуулиудыг идэвхтэй хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлийг даван туулах өөр нэг арга бол олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжийг эрэлхийлэх явдал юм. Жишээлбэл, олон улсын хамтын ажиллагаа. Зөвхөн гаднын хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлал бага гэх ойлголтын улмаас бус цөөн хүн амтай улс орнуудад авлигатай тэмцэх зэрэг аливаа асуудалд өндөр түвшний мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдагтай холбоотой юм. Тухайлбал, олон улсаас зохих мэргэжилтэй боловсон хүчин хэлбэрээр тусламж, дэмжлэг үзүүлбэл учирч буй хүндрэлийг хөнгөвчилж болно.
Авлигатай тэмцэхэд нэг төрлийн арга барил байдаггүй, бүх жижиг улс оронд авлигатай тэмцэх нэг жор байдаггүй нь бас үнэн. Гэсэн хэдий ч маш жижиг харьяаллын бүсүүдэд авлигатай тэмцэх стратеги боловсруулахдаа эдгээр улсуудад тулгардаг нийтлэг сорилтуудыг хүлээн зөвшөөрч, жижиг байдлын зарим давуу талыг ашиглахын зэрэгцээ сул талыг нь арилгах авлигын эсрэг стратегийг боловсруулах нь ашигтай юм.
Эх сурвалж: https://globalanticorruptionblog.comДэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2025/05/08
С.Чулуун: Ласло Фөлдешийн ажилласан газар угсаатны зүйн судалгаа харьцуулалт хий...
-
Хэн юу хэлэв...2020/04/28
Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэг гаргалаа
-
Үйл явдал2024/06/26
“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх жүдочдын нэрс албан ёсоор бата...
-
Дэлхий нийтээр..2025/11/27
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүл...
