Дэлхий нийтээр..
Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой боллоо
Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өнөө өглөө Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссуригийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж байна.

Бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж байгаа ЕБС төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+ байна. Магистрын хувьд голч дүн 3 байх ёстой. Элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байна.
Америкийн Нэгдсэн Улсын Кансас хотын Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24 мянган ам.доллар 4 жилийн хугацаанд 96 мянган ам. доллар байдаг бол энэ гэрээний хүрээнд Монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу 4 жилийн хугацаанд 39600 ам доллараар суралцах эрх нээгдэж байна.
Харин магистрын сургалтад хамрагдах оюутнууд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгээр суралцах эрхтэй. Цаашид Боловсрол, Шинжлэх Ухааны яамны зүгээс АШУҮИС-ийг Миссуригийн их сургуультай холбон хос дипломтай төгсгөх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Канзас хотын Миссуригийн их сургууль нь 1929 онд байгуулагдсан инженер, технологи, шинжлэх ухаан, анагаах ухаан, компьютер зэрэг мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн бакалавр, магистрын сургалттай мужийн сургууль бөгөөд өнөөдрийн байдлаар 160 мянга гаруй оюутан суралцаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
Хиймэл оюун ухааны ЧатЖиПиТи системийг хөгжүүлэгч ОпенЭйАй компани 2026 оны гуравдугаар улиралд 10.9 тэрбум ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээсэн талаар «Уолл стрит журнал» сонин мэдээлжээ.
Тус компанийн улирлын орлого өмнөх улирлаас 50 орчим хувиар өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн ч алдагдал нь буураагүй байна. Харин ч өмнөх улирлын 10.1 тэрбум ам.доллароос 10.9 тэрбум болж нэмэгджээ.
Компанийн орлого эрчимтэй өсөж байгаа хэдий ч үйл ажиллагааны зардал өндөр хэвээр байгаа нь санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, тооцоолох хүчин чадлыг өргөжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм.
«Уолл стрит журнал» сонин дээрх мэдээллийг компанийн санхүүгийн баримтад үндэслэн нийтэлсэн бөгөөд ОпенЭйАй компани уг үзүүлэлтийн талаар тайлбар өгөөгүй байна.
Дэлхий нийтээр..
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
Дэлхий нийтээр..
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
-
Дэлхий нийтээр..2020/09/02
Монголбанкны худалдан авсан үнэт металл 14.8 тоннд хүрэв
-
Хэн юу хэлэв...2022/09/19
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг “Бэлчээрийн үндэсний V форум”-д о...
-
Хэн юу хэлэв...2021/04/21
Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондонгийн шүүхэд ха...
-
Дэлхий нийтээр..2021/02/20
Ерөнхий сайд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдыг хүлээн ...
