Үйл явдал
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууд болон донорын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг байгууллагуудыг алдаршуулах ёслолыг өчигдөр зохион байгуужээ.
Хүндэтгэлийн ёслолыг ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Л.Соронзонболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын донорын холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг шалгаруулж талархал илэрхийлэн шагнал гардууллаа. Мөн цусны донорын хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Топ донор” нэг, Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй донортой, үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. ЦССҮТ нь 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.
Үйл явдал
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үйл явдал
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Үйл явдал
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

