Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

“Монгол төрийн тамганы хөшөө” нь Монголын төр ёсны түүх, төрийн бэлгэдэл, залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ. 

Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн бөгөөд үүнд Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн үеийн болон 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамганы дүрслэл багтдаг.

Уг хөшөө нь Монголын төрт ёсны түүхэн хөгжил, төрийн бэлгэдлийн өөрчлөлт, төрийн залгамж чанарыг нэг дороос харах боломж олгодог онцгой ач холбогдолтой дурсгал юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Төрийн ордны хойд талд байрлах хөшөөний суурь суулт өгч цуурсан, 2006 оноос шинэчилж засварлаагүй байсныг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэн, суурин дээрх тамгыг хүрэл цутгуураар хийж буцаан байршуулах ажлыг гүйцэтгэж эхэллээ. Уг ажлыг 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй албан айлчлал эхэллээ. Энэхүү айлчлал нь Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын шинэ боломжуудыг тодорхойлох зорилготой.

Айлчлалын хүрээнд хот төлөвлөлт, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль орчин, хог хаягдлын менежмент, эрүүл мэнд, боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Энэ үеэр талууд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурна

-Хоёр хотын Засаг дарга нар “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанбаатар хот хоорондын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичиг;

-Хөх хотын Бүсийн эдийн засаг, худалдааны туршилтын чөлөөт бүс болон Монгол Улсын Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

-Хоёр хотын дүүргүүд болон Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурна.

Түүнчлэн хавдрын эмчилгээний иж бүрэн төхөөрөмжийг нийслэл Улаанбаатар хотод бэлэглэлээ. Ховор төрлийн хорт хавдартай хоёр хүүхдийг Хөх хотод нарийн шинжилгээнд хамруулж, өвчний онош болон цаашдын эмчилгээний төлөвлөгөөг мэргэжлийн багтай хамтран тодорхойлох чиглэлээр хамтран ажиллана.

Анх 1991 онд ах дүү хотын харилцаа тогтоосноос хойш хоёр хот эдийн засаг, худалдаа, хот байгуулалт, эрүүл мэнд, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Энэхүү айлчлал нь 35 жилийн түүхтэй найрсаг харилцааг шинэ шатанд ахиулж, олон салбарт хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байгаагаараа онцлог юм. 

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Минск хотноо “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж, Беларусь Улсын Дуурь, балетын их театрт Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа.

Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, олон нийт үзэж сонирхлоо.

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа.

Беларусийн сонгодог урлагийн төв болон хөгжиж буй Дуурь, балетын их театр нь 1939 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд театрын тайзнаа Беларусийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна “Хунт нуур”, “Щелкунчик” зэрэг дэлхийн сонгодог дуурь, балетын бүтээлүүдийг тогтмол толилуулдаг байна.

Мөн “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэнг Минск хотноо эдгээр өдрүүдэд гаргаж, монголын өв соёл, зан заншлын талаар Беларусийн олон нийтэд мэдээлэл өгч, сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко нар Тусгаар тогтнолын ордонд хийсэн албан ёсны хэлэлцээнийхээ дүнгээр хэвлэлд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа Беларусь Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, бодит хамтын ажиллагаагаар бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг талууд тэмдэглэлээ.

Мөн талууд “Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал” болон байгууллага хоорондын баримт бичиг байгуулсан нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодотгож байгааг онцоллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Александр Григорьевич Лукашенко Таны урилгаар үзэсгэлэнт сайхан Беларусь Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.

Биднийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж буй эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Беларусийн төр засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал үр дүнтэй, амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ийнхүү хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хэрэгжүүлж байгаа нь Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэж үзэж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.

Миний бие өнөөдөр эрхэм Ерөнхийлөгчтэй хамт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байгаадаа баяртай байна.

Айлчлалын хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д гарын үсэг зурж, ирэх он жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Мөн хамгийн чухал зүйл бол “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г байгуулж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны эрх зүйн бат бөх үндэс суурийг тавьж чадлаа.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, оюуны өмч зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичиг байгуулсан билээ.

Тэгвэл энэхүү төрийн айлчлалын дүнгээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, боловсрол, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичгийг нэмж байгууллаа.

Мөн худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах, хоёр улсын худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Айлчлалын үеэр зохион байгуулж буй “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Бизнес эрхлэгчид болон худалдаа, аж үйлдвэрийн байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг бид тууштай дэмжих болно.

Беларусь Улс нь манай улсын хувьд Европын зах зээл рүү гарах тээвэр, логистикийн чухал гарц болж байдаг бол Беларусь Улс нь манай улсыг Азийн зах зээл рүү гарах үүд хаалга хэмээн үздэг.

Үүнтэй холбогдуулан Брест-Улаанбаатар чиглэлийн “Монгол вектор” чингэлэг тээврийн төмөр замын маршрут нь тээвэр, логистикийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү боломжоо ашиглан манай хоёр улс идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар ярилцаж, энэ чиглэлээр манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Манай улс ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улсаас хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизм нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд цаашид Монгол Улсад трактор угсрах үйлдвэр байгуулах асуудлаар ярилцлаа.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын ноос, ноолуурыг Беларусийн маалингатай хослуулж, шинэ төрлийн утас болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо.

Монгол, Беларусийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа харилцан нотоллоо.

Энэ хүрээнд монголчуудын түүх, соёлын хосгүй үнэт өв болох “Монголын нууц товчоо”-г беларусь хэлнээ орчуулж, олон нийтийн хүртээл болгосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Айлчлалын үеэр “Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо зохион байгуулж, мөнх хөх тэнгэр, тал нутгийн аялгуугаар Беларусийн анд нөхдийнхөө сонорыг мялаан, сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад баяртай байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Беларусийн Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хоёр улсын нийслэлд соёлын өдрүүд зохион байгуулж, үндэсний өв соёлоо харилцан сурталчлах, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх, түүх, соёлын өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, хамтарсан судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллах саналтай байна.

Мөн хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд цаашид уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотолж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл төгс байна.

Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Беларусийн ард түмэнд чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.Г.ЛУКАШЕНКО:

Эрхэм хүндэт төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,

Өнөөдөр, өчигдөр хоёр өдрийн турш бид миний эрхэм найз, хамтран зүтгэгч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй маш өргөн агуулгатай яриа хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хариу айлчлал нь 2024 оны зургаадугаар сард бидний тогтоосон өндөр түвшний харилцаа холбооны сайн уламжлалыг үргэлжлүүлж байна.

Үүний дараа бид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын арга хэмжээний үеэр дахин уулзсан. Гэхдээ энэ айлчлал манай хоёр орны харилцааг чанарын хувьд шинэ түвшинд гаргах нь дамжиггүй.

Газарзүйн хувьд алслагдмал хэдий ч Беларусь, Монгол Улс нийтлэг ашиг сонирхол, энх тайван, тэнцвэртэй, прагматик гадаад бодлого, ард түмний хоорондын урт удаан хугацааны найрамдал, хамтын ажиллагааны уламжлалаар холбогддог.

Хэлэлцээний үр дүнгээс харахад Минск, Улаанбаатарын хоорондох улс төрийн өндөр түвшний ойлголцлыг эдийн засгийн томоохон төслүүд болгон хувиргах хоёр талын тууштай үүрэг амлалт харагдаж байна.

Өнөөдөр гарын үсэг зурсан хэлэлцээрүүд, юуны түрүүнд Беларусь, Монгол Улсын 2027-2029 оны хамтын ажиллагааны замын зураглал нь энэ үйл явцад түлхэц өгөх болно.

Мөн би хамтран зүтгэгчтэйгээ 2024 онд Улаанбаатар хотод байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн явцыг нарийвчлан хэлэлцсэн.

Тодорхой чиглэлээр, ялангуяа хүнсний хангамжийн чиглэлээр бид мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа өсөж буй боловч түүний боломж бололцоо бүрэн хэрэгжээгүй байна.

Энэ зорилгоор бидний ашиглаж буй нэмэлт хүчирхэг хэрэгсэл бол энэ оны 07 дугаар сард хүчин төгөлдөр болсон “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр” юм.

Бид энэхүү баримт бичгийг бэлтгэхэд Монголын найзууддаа бүх талын дэмжлэгийг үзүүлсэн. Беларусь улс Евразийн эдийн засгийн холбоог даргалж байх үед Минск хотод гарын үсэг зурсан нь бэлэгшээлтэй болсон гэж бид үзэж байна.

Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг эрс багасгасан. Одоо тулгамдаж буй асуудал бол бизнес эрхлэгчдэд үүнийг үр дүнтэй, үр ашигтай ашиглахад нь туслах явдал юм.

Өнөөдөр бид Беларусь-Монголын хамтын ажиллагааны цаашдын гол өсөлтийн чиглэлүүдийг тоймлов. Юуны өмнө, энэ бол аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа юм.

Беларусь Улс Монголын найдвартай карьер болон зорчигч тээврийн хэрэгслийн хэрэгцээг хангах, мөн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа баталгаажуулсан.

Шинэ бөгөөд сонирхолтой чиглэл бол хөнгөн үйлдвэрлэл бөгөөд бид маалинган даавуу, ноолуураар даавуу хамтран үйлдвэрлэх гэж байна.

Энэ нь Беларусийн байгалийн сэрүүн байдал болон Монголын тал нутгийн дулааныг хослуулсан өвөрмөц, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн байх болно. Зүгээр нэг зотон даавуу биш, харин хоёр соёл, эдийн засгийн амьд сүлжилдсэн бэлгэдэл юм.

Хоёр дахь чиглэл бол хөдөө аж ахуйн цогцолбор юм. Беларусь улс Монголын хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Бидний боломж болон Монголын цар хүрээ нь биднийг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд түлхэц өгч байна. Бид хүнсний боловсруулах цогцолборуудын барилгын ажлыг хурдасгаж, Беларусийн хөдөө аж ахуйн технологийн дамжуулалтыг эрчимжүүлнэ.

Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд болон хүрсэн тохиролцоонууд хоёр улсад бодит эдийн засгийн ашиг тус авчирч, ард түмний маань сайн сайхан байдлыг улам сайжруулахад үйлчилнэ гэдэгт би итгэлтэй байна.

Үнэн бодитой, үр дүнтэй яриа хэлэлцээний төлөө эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд дахин талархал илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...39 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг да...

Үйл явдал42 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагв...

Үйл явдал51 минутын өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж ...

Үйл явдал2 цаг 36 минут

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

Үйл явдал2 цаг 41 минут

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээ...

Үйл явдал2 цаг 47 минут

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгү...

Үйл явдал2026/10/26

“Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

Үйл явдал2026/10/26

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжи...

Үйл явдал2026/10/26

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нэ...

Үйл явдал2026/10/26

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргө...

Үйл явдал2026/10/26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал ...

Үйл явдал2026/10/26

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ...

Үйл явдал2026/10/26

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаа...

Үйл явдал2026/10/23

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Үйл явдал2026/10/23

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Хэн юу хэлэв...2026/10/23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Үйл явдал2026/10/23

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алд...

Үйл явдал2026/10/23

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

Үйл явдал2026/10/23

Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 6...

Үйл явдал2026/10/23

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэм...

Үйл явдал2026/10/22

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд...

Үйл явдал2026/10/22

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ...

Үйл явдал2026/10/22

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөт...

Үйл явдал2026/10/22

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай э...

Үйл явдал2026/10/22

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч ...

Үйл явдал2026/10/22

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Дэлхий нийтээр..2026/10/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Үйл явдал2026/10/21

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Үйл явдал2026/10/21

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Үйл явдал2026/10/21

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Санал болгох