Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Олигархид хориг тавих нь тийм ч хялбар биш

Огноо:

,

Сэтгүүлч:

Оросын дээд удирдагчидтай нягт холбоотой байсан Алишер Усманов тэрбум тэрбумын хөрөнгөөсөө нэрээ хол байлгахын тулд траст болон нууц оффшор компаниуд, Швейцарийн банкны данс, гэр бүлийн гишүүдийнхээ ард нуугдаж байна. 

Гол үр дүн

§ Усманов өөрийн үндсэн бизнесийнхээ 49 хувийг эзэмшдэг буюу хориг арга хэмжээний босгын дөнгөж дор байгаа юм. Үлдсэн хэсэг нь янз бүрийн нууц оффшор компаниуд болон бизнесийн түншүүдийнх нь мэдэлд байдаг.

§ Усмановын дүү нарын нэг болох Ташкент хотын эмэгтэйчүүдийн эмч Швейцарийн банканд олон зуун сая доллар бүхий 27 данс эзэмшдэг байжээ. Үүний ихэнх нь Усмановын бизнесийн эзэнт гүрэнтэй холбоотой байв.

§ Усмановын бэлэн мөнгө дэлхий даяар хэрхэн урсаж байгааг олж тогтооход банкны мэргэжилтнүүдэд ямар бэрхшээл учирдаг, мөн түүнтэй ямар ч хамааралгүй мэт харагдах хэрнээ түүний гүйлгээ хийдэг компаниудын толгой эргэм тоог харуулсан арав гаруй сэжигтэй үйл ажиллагааны тайланг OCCRP хянан үзсэн.

§ Нэгэн банкны ажилтан 2003 оны 03-р сараас 2015 оны 01-р сарын хооронд нийтдээ 1.6 тэрбум гаруй долларын 182 сэжигтэй шилжүүлэг хийсэн Усмановын компанийн есөн дансыг мэдээлжээ.

§ Түүний Дилбар супер дарвуулт онгоц, нисдэг тэрэг, Их Британи дахь томоохон үл хөдлөх хөрөнгө зэрэг хувийн эд хөрөнгө оффшор болон нууц траст компанид хадгалагдаж байна.

Орос улс Украин руу довтолсны хариуд дэлхийн хамгийн баян 100 хүний нэг болох Оросын олигарх Алишер Усмановын эсрэг АНУ, Их Британи, Европын холбоо хориг арга хэмжээ авсан.

Усманов бол илт бай байсан юм. Түүнийг Ерөнхийлөгч Путинтэй ойр дотно байсан, Ерөнхий сайд асан Дмитрий Медведевт тансаг байшин барьж өгсөн, ОХУ-ын эрх баригч дэглэмийг дэмжсэн гэх зэргээр буруутгаж байгаа юм. Бизнесийн өдөр тутмын “Коммерсант” сонины эзэмшигч тэрээр эрх баригч Нэгдсэн Орос намын сонгуулийн зөрчлийн талаарх сурвалжилгад хяналт тавьж байсан редактор, топ менежерээ ажлаас халж байв.

Оросын олигархиудын эсрэг барууны хориг арга хэмжээ нь тэднийг баялгаа ашиглахад нь саад учруулах, улмаар Путины дэглэмийг дэмжсэнийх нь төлөө шийтгэх зорилготой юм. Гэвч дэлхий ертөнц хурдацтай хөгжиж байгаа энэ үед олигархийг шийтгэх нь тийм ч хялбар биш юм.

Усмановын 19 сая долларын үнэтэй Sardinia дахь харшийг Италийн засгийн газар хураан авсан байж магадгүй байна. Мөн Германы эрх баригчид Хамбургт зогсож буй түүний 600 сая долларын үнэтэй Дилбар усан онгоцыг албан ёсоор хураан авахаар шаргуу хичээж буй бололтой.

“Уг усан онгоц Кайманы арлуудад бүртгэлтэй бөгөөд Мальтад төвтэй Klaret Continental Leasing компанийн эзэмшилд байдаг тул хориг арга хэмжээ авах зорилгоор Усмановтой шууд холбоход бэрхшээл учирч байна” хэмээн Forbes мэдээлсэн юм.

Бичиг баримт дээр Усманов үндсэн бизнесийнхээ 49 хувийг л эзэмшиж байгаа нь хориг тавихад саад болоод байгаа юм. Учир нь АНУ-ын Сангийн яам хориг арга хэмжээ авахдаа 50 хувийн босгыг ашигладаг аж (Тэрбээр үүнийг “санамсаргүй тохиолдол” гэж тайлбарласан).

Хайж мөшгөхөд илүү хэцүү олон тэрбумын хөрөнгө түүнд бий. Узбек гаралтай уг бизнесмен хамаатан садан, янз бүрийн санхүүгийн компаниудын хооронд мөнгө эргэлдүүлэхэд олон жилийг зарцуулсан.

Дэлхийн санхүүгийн систем болон түүний цоорхойг ашиглах Усмановын ур чадварыг харгалзан үзвэл түүний бүх хөрөнгийг олж тогтоох боломжтой эсэх нь тодорхойгүй байна.

Усманов хөрөнгөө Кипр, Бермуд болон Британийн Виржиний арлууд зэрэг газруудад хэрхэн нуун дарагдуулсан, мөн төрийн албан тушаалтнууд магадлан судалж, банкны байгууллагууд нуугдмал гарал үүсэл, мөнгө угаасан байж болзошгүй шинж тэмдгийнх нь талаар мэдээлсээр байсан хэдий ч түүний мөнгө олон жилийн турш оффшор байгууллагуудаар хэрхэн урсаж байсныг харуулсан хэсэгчилсэн зургийг OCCRP болон Guardian-ын сурвалжлагчид Suisse Secrets, Panama Papers, FinCEN Files зэрэг хэд хэдэн томоохон хэмжээний санхүүгийн баримт бичиг, мэдээллийг ашиглан нэгтгэн гаргасан юм.

Олон улсын хамтын ажиллагаа

Энэхүү мөрдлөгт ашигласан мэдээлэл нь сэтгүүлзүйн олон төслийн хамтын ажиллагааны ачаар OCCRP болон Guardian-ын сэтгүүлчдэд нээлттэй болсон юм. FinCEN files-ын мөрдөх ажиллагааг Buzzfeed News-ээс олж авсан мэдээлэлд тулгуурлан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ) удирдан явуулсан. Panama Papers төслийг Германы Süddeutsche Zeitung сонины олж авсан мэдээллээр мөн ICIJ удирдан явуулсан. Suisse Secrets-ийн мэдээллийг Süddeutsche Zeitung-аас олж авсан бөгөөд уг төслийг OCCRP-тэй хамтран зохион байгуулсан юм.

Хэдийгээр зарим мэдээлэл нь 2004 оноос эхтэй ч Усмановын ашигласан халхавч компаниуд (shell companies)-ын зарим нь 2021 онд ашиглалтад орсон байна.

Сэтгүүлчдийн асуултад Усмановын төлөөлөгч хариулахдаа “Ноён Усманов ямар ч улсын засгийн газраас нуун дарагдуулахын тулд өөрийн баялгийг хамаатан садандаа тарааж байгаагүй. Энэ бол үндэслэлгүй, баримтгүй мэдэгдэл” хэмээн мэдэгджээ.

Гэвч өмнө нь Усмановын хэвлэлийн алба түүний Их Британи дахь үл хөдлөх хөрөнгө, асар том усан онгоц нь “урт хугацааны өмнө буцалтгүйгээр траст компанид шилжсэн” бөгөөд ашиг хүртэх эрх нь түүний гэр бүлд харьяалагддаг хэмээн бичиж байв.

“Ноён Усмановын бүх бизнес, мөн түүний хувийн татварын тайлан, зардлын шалгалтыг өнөөг хүртэл Big 4 [аудитын] компани хийж ирсэн. Түүний бүх хөрөнгө оруулалт, зарлага, орлого нь дагаж мөрдөх журмын дагуу явагдсан” хэмээн түүний хэвлэлийн алба бичсэн байна.

Усмановын хөрөнгийн эх сурвалж

Оросын бусад олон олигархиудын хөрөнгөөс ялгаатай нь Усмановын хэдэн тэрбумын хөрөнгө нь ЗХУ-ын дараах хувьчлалын бүдүүлэг схемээс эхтэй гэдгийг нотлох баримт байхгүй. Гэхдээ түүнд засгийн газар, ялангуяа байгалийн хийн томоохон компани болох Газпромтой ойр дотно харилцаатай байсан нь түүнд ашигтай байсан нь эргэлзээгүй юм.

ЗХУ-ын сүүлийн жилүүдэд гялгар уут (plastic bags) зарж баяжсан тэрээр дараагийн хэдэн арван жилд төрөл бүрийн бизнес, хөрөнгө оруулалтаар өөрийн хөрөнгөө хэдэн тэрбум долларт хүргэсэн.

Усмановыг сэжиг бүхий санхүүгийн ашиг олдог гэдэг утгаар нь олигархи гэж тодорхойлдог ч тэрээр энэ нэр томьёоноос өөрийгөө холдуулахыг хичээдэг.

Тэрбээр “Орост худалдаж авсан миний болон хамтрагчдын маань бүх хөрөнгө хоёрдогч зах зээлээс эхтэй байсан, хувьчлал гэж нэрлэгдэх үйл явц биш байсан. Надад хэн ч, юу ч бэлэглэж байгаагүй” хэмээн 2020 онд Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Усманов төрийн өмчит хийн монопол Газпромын хөрөнгө оруулалтын албаны даргаар томилогдоход нь 1990-ээд онд түүний бий болгосон бизнесийн амжилт нөлөөлсөн байна. Тэрээр байгалийн хий дамжуулах хоолой үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой Оросын гангийн үйлдвэрүүдийн хувьцааг худалдаж авах тус компанийн үйл ажиллагааг удирдсан юм.

Хожим нь Газпром эдгээр хөрөнгийг “үндсэн бус” гэж үзэх үед Усманов болон түүний бизнесийн түншүүд уг хөрөнгийг ажил олгогчоосоо худалдаж авсан нь ашиг сонирхлын зөрчил байсныг тэрбээр Financial Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үгүйсгээгүй юм.

2017 онд Оросын авлигатай тэмцэгч Алексей Навальный Оросын гангийн үйлдвэрүүдийг оффшор компанийн тусламжтайгаар бодитоор (de facto) хувьчилсан хэмээн Усмановыг буруутгаж байв. Хэдэн сарын дараа оффшор компанийн үйлчилгээ үзүүлэгчдийн материалыг агуулсан Paradise Papers-ийн дэлгэсэн баримтуудыг эш татан Навальный Усмановыг Facebook-т их хэмжээний хөрөнгө оруулалт хийх зорилгоор Газпромын хөрөнгө оруулалтын салбараас (өөрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан) түншийнхээ удирддаг зуучлагч оффшор компанид мөнгө зээлсэн гэж мэдэгджээ.

Нэгэн цагт Усманов нийгмийн сүлжээний компанийн хувьцааны 8 хувийг эзэмшдэг хэмээн мэдэгдэж байв. Усманов мөн Оросын интернэт үйлчилгээ болон гар утасны үйлчилгээ үзүүлэгч MegaFon-д хөрөнгө оруулсан, Хятадын Алибаба технологийн фирмтэй хамтран ажилласан, Apple компанийн 100 сая долларын хувьцааг худалдаж авсан гэх мэдээлэл ч бий.

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн эмч

Саодат Нарзиева нь Узбекистан улсад амьдардаг, 56 настай, эх баригч, эмэгтэйчүүдийн эмч юм.

Тэрээр гуч гаруй жил эмчээр ажилласан туршлагатай бөгөөд Ташкент хотын 6-р амаржих газрын ерөнхий эмчийн орлогчоор ажиллаж хангалттай орлого олдог байх.

Гэсэн хэдий ч түүний амьдралын хэв маяг Узбекистаны эмчийн хувьд ер бусын дэгжин хээнцэр байгаа юм.

Венец, Сардиниа, Дубай зэрэг газраар аялж, хувийн онгоцоор нисэж, VIP агаарын тээвэр болон усан онгоцоор зугаалж явсан нь түүний Facebook дэх зургуудаас харагддаг.

Мөн тэрээр наран шарлагын газар, оюу усаараа алдартай Сардиниагийн зүүн хойд эрэг дагуух Коста Смеральда арал дээр амарчээ.

Үүнээс гадна, Credit Suisse-ийн дэлгэсэн мэдээллээс харахад Нарзиева олон жилийн турш олон тэрбум доллар дамжсан Швейцарийн 27 банкны дансны эцсийн өмчлөгчийн жагсаалтад багтсан байна. Хамгийн их үлдэгдэлтэй байсан 2011 оны 04-р сард эдгээр дансны зөвхөн нэг нь л гэхэд 2.1 тэрбум доллартой байв. Бусад ихэнх нь хэдэн зуун саяар хэмжигдэх үлдэгдэлтэй байжээ.

Нарзиева бол жир нэг эмэгтэйчүүдийн эмч биш нь ойлгомжтой.

Үнэндээ тэр Алишер Усмановын дүү юм.

Түүний амьдралын хэв маяг бол олигархиудын төрөл төрөгсдийн тансаг хэрэглээний жишээ юм. Нөгөө талаас түүний баялаг, тэр дундаа Швейцарийн банкны дансууд нь олигархиуд болон тэдний мөнгө хоорондын холбоог бүдгэрүүлэхэд барууны нэр хүндтэй банкууд хэрхэн тусалж болдгийн нотолгоо билээ.

Нарзиева яагаад эдгээр дансны эцсийн өмчлөгчийн жагсаалтад орсон нь тодорхойгүй байна. Өгөгдлөөс харахад тэдгээр нь корпорацийн дансууд бөгөөд 16 нь түүний ахын бизнесийн ашиг сонирхлыг нэгтгэхийн тулд ашигладаг томоохон эзэмшлийн бүтэц болох USM групптэй холбоотой мэдээллийг жагсаасан байна.

Credit Suisse-ийн дэлгэсэн мэдээлэлд данс эзэмшдэг хуулийн этгээдийг нэрлээгүй байна. Гэвч Нарзиевагийн дансны дугааруудын нэг нь санхүүгийн сэжигтэй гүйлгээний тайланг агуулсан FinCEN files-аас олдсон дансны дугаартай таарч байна. Энэ нь уг аж ахуйн нэгжийг Усмановын хөрөнгөө хянаж байсан гол компаниудын нэг болох Gallagher Holdings гэж тодорхойлох боломжийг сэтгүүлчдэд олгосон юм.

Gallagher Holdings-ийн эцсийн өмчлөгч бол Усманов гэдэг нь илэрхий байхад Credit Suisse түүний дүүг банкны дансны эцсийн өмчлөгч гэж бүртгэсэн нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй Credit Suisse дэх данснуудын 10 нь 2013 онд нээгдсэн бөгөөд Усманов бизнесийн эзэнт гүрнээ өөрчлөн Нарзиева, бусад дүү нар болох Гульбахор Исмаилова, түүний нөхөр болон бизнесийн хоёр хамтрагчдаа компани нээж өгч байсан үе юм.

Сэтгүүлчид эдгээр үр дүнг нийтэлсний дараа санхүүгийн гэмт хэргийн мэргэжилтэн Грэм Барроу “Энэ бол хачирхалтай түүх” гэж бичжээ.

“Миний туршлагаас харахад гэр бүлийн ийм ойр дотнын хүн нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ашиглагдах нь ер бусын зүйл. Тэд энэ тохиолдолд яагаад ийм зүйл хийх ёстой болсныг хэлэхэд хэцүү ч дүү нь сайн танигдаагүй, дээр нь банк болон Усманов ойр дотно харилцаатай байсан нь нягт нямбай шалгалтын үйл ажиллагааг амжилтгүй болоход хүргэсэн байж магадгүй юм” хэмээн тэрээр бичжээ.

Сайжруулсан хяналт шалгалт

Барроу цааш нь Credit Suisse Усмановын данстай хэрхэн харьцах ёстой байсан, мөн сэтгүүлчдийн илрүүлсэн зүйлс яагаад эргэлзээ төрүүлж байгааг тайлбарлав.

Тэрээр “Алишер Усмановыг УТНБЭ [Улс төрд нөлөө бүхий этгээд] (тиймээс өндөр эрсдэлтэй үйлчлүүлэгч) гэж үзэх шаардлагатай тул түүний төрөл төрөгсөд болон ойр дотнын хүмүүстэй нь банк адилхан харьцах ёстой” гэв.

“Энэ нь үйлчлүүлэгчийн баялгийн эх үүсвэрийг олж авах, баталгаажуулах, түүнчлэн компанийн өмчлөлийг баталгаажуулах зэрэгт зохих шалгалтыг сайжруулна гэсэн үг юм. Хэрэв [түүний дүү] [эцсийн өмчлөгч]-ийн жагсаалтад орсон бол түүнийг үндсэн аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгч байсан гэдгийг дагах ёстой. Хэрэв тийм биш бол яагаад ахынх нь биш түүний нэр бичиг баримт дээр бичигдсэнийг тайлбарлахын тулд бага зэрэг ажиллах шаардлагатай болно.”

“[Хэрэв] дүү нь үнэхээр [эцсийн ашиг хүртэгч] байсан бол энэ нь олон асуулт үүсгэнэ. Дүүгийнх нь амьдралын хэв маяг асар их гүйлгээтэй эдгээр компаниудын ашиг хүртэгч эзэмшигчийн хувьд санхүүгийн үйл ажиллагаатай нь дүйцэж байгаа эсэх. Хэрэв тийм биш бол түүнийг Алишер төлөөлөгчөөр ашигласан эсэх зэрэгт тэд зохих хариу өгөх ёстой байсан”.

“Эцсийн өмчлөгч нь тэдний бүртгэлээс өөр байгаа нь тодорхой байгаа бол энэ нь [сайжруулсан зохих шалгалт] явагдаагүйг харуулж байна”.

“Энэ бол, мэдээжийн хэрэг, бүхэлдээ таамаглал бөгөөд үнэн хариулт нь хэзээ ч мэдэгдэхгүй байж магадгүй юм”.

Усмановын хэвлэлийн алба уг дүгнэлтийг няцааж: “Хатагтай Саодат Нарзиева нь түүний ах ноён Алишер Усмановын нэрийн өмнөөс Швейцарийн банканд ямар нэгэн данс эзэмшиж, хянадаг байсан, мөн ноён Усмановтай холбоотой дансанд гарын үсэг зурсан гэдгийг бид эрс үгүйсгэж байна” гэжээ.

Credit Suisse-ийн төлөөлөгч сэтгүүлчдэд цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ тус банк “боломжит харилцагчийн талаар тайлбар өгөх боломжгүй”, “Credit Suisse бүх хориг арга хэмжээ, ялангуяа ЕХ, АНУ, Швейцарийн тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлдэг” гээд “Банкны бизнесийн үйл ажиллагааны талаарх гүтгэлэг, дайралтыг” няцаасан байна.

Сэжигтэй үйл ажиллагаа

Хэдийгээр Швейцарийн 27 банкны данс маш их мэт санагдаж болох ч энэ нь Credit Suisse болон дэлхийн бусад банкны байгууллагууд дахь Усмановтой холбоотой дансны багахан хэсэг юм.

FinCEN Files банкууд болон бусад санхүүгийн тоглогчдоос АНУ-ын Сангийн яаманд ирүүлсэн 2,100 гаруй Сэжигтэй үйл ажиллагааны тайланг дэлгэсэн нь Усманов болон түүний компаниуд Credit Suisse болон Кипр, Орос, Латвийн бусад банкуудад олон арван данс эзэмшиж байсныг харуулж байна.

Эдгээрийн зарим нь Усмановын хувийн данс буюу Орос дахь түүний жинхэнэ бизнест харьяалагддаг бол бусад олонх нь бизнесийн тодорхой зорилгогүй оффшор буюу халхавч компани, мөн Кипр, Британийн Виржинийн арлууд зэрэг нууц бүс нутагт бүртгэлтэй компаниудын эзэмшилд байсан юм.

FinCEN Files-ийн өгөгдөл нь зөвхөн Усманов маш олон банкны данстай байсанд биш, мөн тэрээр баялгаа нуун дарагдуулахын тулд тэдгээрийг хэрхэн ашигласантай холбоотой байснаараа сонирхолтой байгаа юм.

Усмановын мөнгө хэрхэн, ямар шалтгаанаар дэлхий даяар урсдагийг банкны мэргэжилтнүүд хүртэл олоход бэрхшээлтэй байсан бөгөөд түүний гүйлгээ хийдэг холбоо хамааралгүй мэт санагдах олон тооны компаниуд толгой эргэмээр байв.

Ихэнхдээ бизнесийн тодорхой зорилгогүй, мөнгө угаасан байж болзошгүй шинж тэмдэг бүхий, гарал үүсэл нь тодорхойгүй буюу сэжигтэй олон тэрбум долларын гүйлгээг банкны ажилтнууд удаа дараа илрүүлж байсныг Сэжигтэй үйл ажиллагааны тайлан илтгэж байна.  

Жишээлбэл, 2003 оны 03-р сараас 2015 оны 01-р сарын хооронд нийт 1.6 тэрбум гаруй долларын 182 удаагийн сэжигтэй шилжүүлэг хийсэн тус компанийн есөн дансыг Усмановын Gallagher Holdings-ийн корреспондент банкаар ажиллаж байсан Нью-Йоркт төвтэй зээлдэгч BNY Mellon банкны ажилтан илрүүлжээ.  

2016 оны 12-р сарын 23-нд АНУ-ын Сангийн яаманд хүргүүлсэн тайландаа тухайн ажилтан “Gallagher нь Кипрт бүртгэлтэй, Кипр, Орос, Швейцарийн банк болон бусад олон байгууллагатай ихээхэн хэмжээний гүйлгээ хийдэг, халхавч компани байж болзошгүй тул гүйлгээ нь тун сэжигтэй байна” хэмээн бичиж байжээ.

Халхавч компани яагаад сэжигтэй байдаг вэ?

Тайлбар болгон BNY Mellon-ийн ажилтан нэмж:

“Халхавч компаниудыг хувь хүн, аж ахуйн нэгж хууль ёсны зорилгоор үүсгэж, ашиглаж болно.

Гэвч байгуулахад хялбар, үйл ажиллагаа явуулахад зардал багатай, аж ахуйн нэгжийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг нуун дарагдуулж болохуйц бүтэцтэй учраас мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэгтэй холбогддог.

Халхавч компанийг ашиглах нь гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд шууд болон корреспондент банкаар дамжуулан компанийн эзэмшигч өөрийн жинхэнэ нэр, гүйлгээний төрөл, зорилгыг задруулахгүйгээр шилжүүлэх боломж олгодог” гэв.

Сэжиглэх болсон нэмэлт шалтгааны талаар ажилтан хэд хэдэн зүйлийг тэмдэглэв:

  • Gallagher болон түүний хэд хэдэн түнш “Panama Papers-ийн мөрдлөгийн явцад тогтоогдсон” бөгөөд энэ нь тэд гутамшигт оффшор үйлчилгээ үзүүлэгч Mossack Fonseca-г ашигласан гэсэн үг юм;
  • “Олон гүйлгээг их, хоорондоо ойролцоо бөгөөд давтамжтай хэмжээгээр илгээсэн”
  • “Зарим гүйлгээнд мөнгө шилжүүлэгч/түлээн авагч банкуудыг жагсаасан бөгөөд жинхэнэ мөнгө шилжүүлэгч/түлээн авагч нь гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэлд тодорхойлогдоогүй байсан”
  • “Мөнгөний эх үүсвэр, гүйлгээний зорилгыг тогтоох боломжгүй байсан”

Онцгой сэжигтэй гүйлгээний нэг жишээ болгон 2004 оны 04-р сард Gallagher-ийн хүлээн авсан 49.5 сая долларын шилжүүлгийг ажилтан тайлбарлав.

Энэ мөнгө Багамын арлын Sevenkey Limited гэх “корпорацын зээлдүүлэгч” (“corporate lender”)-ээс ирсэн бөгөөд түүний эзэн “[ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир] Путины ахлах туслах асан Игорь Шуваловын  итгэмжилсэн хүн юм” гэж ажилтан бичжээ.

Дараа нь Gallagher уг 49.5 сая долларыг Британийн Corus Group хэмээх ган үйлдвэрлэгчийн хувьцааг авахад ашигласан.

“BNYM ... энэ мөнгийг эцсийн дүндээ Путинтэй маш ойр дотно харилцаатай хүнээс авсан” гэж тэрээр бичсэн байна.

Шуваловын гэнэтийн олз

BNY Mellon-ийн ажилтны сэжиг үндэслэлтэй байсан бололтой. 2011 оны нарийвчилсан мөрдлөгийн явцад Barron’s мэдээлж, дараа нь Financial Times-ын баталсанчлан Усмановын компанид зээл олгосон нь Шуваловт санхүүгийн асар их гэнэтийн олз авчрав.

Усмановын компанид 5 хувийн хүүтэй 49.5 сая долларын зээл олгосон Шуваловын Sevenkey хэдэн жилийн дараа зээлийн нөхцөлөө өөрчилсний дараа 119 сая долларын орлоготой болов. Энэ нь жилийн 40 хувийн өгөөж юм.

Barron's-ын тэмдэглэснээр, Gallagher-ийн санхүүгийн тайлангийн төсөлд тус компани “тухайн үед банкнаас 9 орчим хувийн хүүтэй зээл авах боломжтой байсан. Энэ нь яагаад Sevenkey-ээс [ийм өндөр хүүтэй] зээл авсан бэ гэсэн асуулт тавихад хүргэж байна.”

Шувалов ОХУ-ын Тэргүүн шадар сайдаар томилогдсоны дараа Усмановын хяналтад байдаг компанид нэг тэрбум орчим долларын зээл олгохыг засгийн газар дэмжсэнийг Barron's мөн онцолжээ.

Энэ нь Шуваловын ашиг сонирхлын зөрчилтэй цорын ганц бизнесийн зохицуулалт биш байв. 2004 онд Оросын засгийн газар гадаадынханд хөрөнгө оруулах боломж олгохын тулд хөрөнгө оруулалтын дүрмээ зөөлрүүлэхийн өмнөхөн Sevenkey хийн аварга компани болох Газпромын 18 сая долларын хувьцааг худалдаж авсан. Энэхүү шинэчлэл нь хувьцааны үнэ өсөхөд хүргэсэн бөгөөд 2008 он гэхэд Sevenkey 100 сая гаруй долларын орлого олжээ.

Barron's болон Financial Times-ын асуултын хариуд Шувалов ямар нэгэн буруутай үйлдлийг үгүйсгэсэн юм.

2010 он гэхэд Шувалов Оросын хамгийн чинээлэг төрийн албан хаагчдын нэг гэдгээрээ алдартай болсон байв. 2016 онд Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Шувалов 50 сая долларын үнэтэй хувийн онгоцоор эхнэрийнхээ коргинуудыг Европ даяар зөөвөрлөж нохойн шоунд оролцуулсан тухай мөрдөлтийн үр дүнг нийтэлж байжээ.

Эдгээр гүйлгээнд гаднын илгээгч болон хүлээн авагч оролцсоны зэрэгцээ 2017 оны 07-р сард Deutsche банкнаас гаргасан өөр нэг тайланд Усманов өөрийн бизнесийн эзэнт гүрний хүрээнд сэжигтэй аргаар мөнгө шилжүүлснийг тусгасан байв.

2017 онд гурван сарын хугацаанд Усманов өөр рүүгээ шилжүүлсэн нийт 190 сая гаруй долларын зургаан шилжүүлгийг Deutsche банк мэдээлсэн юм. Эдгээр гүйлгээ нь “... эдийн засгийн ямар ч зорилгогүйгээр, [Усманов]-ын хяналтад байдаг олон тооны хувийн данс болон оффшор компаниудын дансаар дамжсан” хэмээн тайланд дурджээ.

Deutsche банк “Хэдийгээр гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэлд “ӨӨРИЙН САНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ”, "НОГДОЛ АШГИЙН ШИЙДВЭР"-ийн төлбөр гэж харагдаж байгаа боловч “эдгээр гүйлгээний арилжааны зорилгыг хараат бус судалгаагаар баталгаажуулах боломжгүй” гэв.

Deutsche банк 2017 оны 02-р сарын өөр нэг тайландаа Усманов дүү Нарзиева руу хэрхэн мөнгө илгээснийг дурдсан бөгөөд энэ нь түүний жинхэнэ зорилгын талаар эргэлзээ төрүүлжээ. Өмнөх жил нь түүн рүү “гэр бүлийн сангийн шилжүүлэг” гэсэн тайлбартайгаар илгээсэн нийт 667,000 гаруй долларын хоёр гүйлгээг банкны ажилтан гаргаж ирсэн байна.

“Энэ бол гэр бүлийн гишүүндээ шилжүүлсэн гэхэд ер бусын их хэмжээний мөнгө” гэж банкны ажилтан бичжээ.

JP Morgan Chase банкны 2017 оны 05-р сард гаргасан тайланд дурдсанаар 2012 онд Нарзиева руу зүгээр л “бэлэг” гэж тэмдэглэн 3 сая доллар шилжүүлсэн байна.

Таван сарын дараа тэрээр ах руугаа 100,000 долларыг хоёр удаагийн шилжүүлгээр буцаан илгээжээ. Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлд уг мөнгийг “ахдаа урсгал зардалд” гэж бичсэн нь Нарзиевагийн ах дэлхийд алдартай тэрбумтан гэдгийг харгалзан үзвэл инээдтэй хэрэг юм.

Нарзиева ахынхаа илгээсэн 3 сая долларын ихэнхийг юу зарцуулсныг 2017 оны 10-р сард Standard Chartered  банкнаас гаргасан тайлан илтгэж байгаа юм. 

Тэр “3 сая долларын бэлгийг хүлээн авсныхаа дараа АНЭУ-ын гангийн компанийн захирал гэгддэг [Шохрух] НАСИРХОДЖАЕВ-т нийтдээ 2.5 сая гаруй доллар шилжүүлсэн” хэмээн банкны ажилтан бичжээ.

Standard Chartered  банк “НАРЗИЕВА болон НАСИРХОДЖАЕВ нар нь эмч ба гангийн компанийн захирал гэсэн өөр өөр чиглэлээр тусдаа бизнес эрхэлдэг тул тэдний хооронд хийгдсэн мөнгөн гуйвуулгын зорилгыг тогтоох боломжгүй” гэжээ.

Тайланд дурдаагүй боловч Насирходжаев бол Нарзиевагийн хүргэн болохыг түүний Facebook хаягт бичсэн сэтгэгдлээр OCCRP баталж байгаа юм.

Траст ба нууцууд

Усмановын илүү тодорхой хөрөнгө болох бизнесийн эзэнт гүрнийх нь хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, аварга том усан онгоц зэрэг нь траст болон оффшор компаниудын ард нуугдаж байдаг бөгөөд тэдгээрийн эзэмшил түүнтэй ямар холбоотой болохыг тогтооход хүндрэлтэй байдаг.

2018 онд Орост АНУ шинэ хориг арга хэмжээ тавьсаны дараа Усманов корпорацын бүтцээ өөрчлөн зохион байгуулж, USM-ийн үндсэн хөрөнгийн 49 хувийг Оросоор дамжуулан шууд өөрийн мэдэлд оруулсан. Үлдсэн 51 хувь нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа бизнесийн түншүүд болон оффшор компаниудад тархсан хэвээр учир одоогийн дүрмийн дагуу хориг тавих боломжгүй байгаа юм.

Усманов нууц оффшор компаниудыг өргөн ашигласан тул түүний болон гэр бүлийн гишүүдийнх нь олон жилийн туршид олж авсан хөрөнгийг түүнтэй шууд холбоход хэцүү байдаг.

Оросын хөрөнгө мөшгөгч

Эдгээр хөрөнгийн 3 тэрбум гаруй долларын буюу хэсэгчилсэн жагсаалтыг Оросын хөрөнгө мөшгөгч төсөл каталогид оруулсныг эндээс үзэх боломжтой.

Хэдийгээр 600 сая долларын өртөгтэй Дилбар аварга усан онгоц Усмановынх болох нь олонд мэдэгдэж байгаа ч уг онгоцон дээр байгаа Airbus H175 нисдэг тэрэгний өмчлөлийг 2018 онд Кайманы арлуудын компанид шилжүүлсэн тул түүнийг олж тогтоох боломжгүй аж.

Уг нисдэг тэрэг усан онгоцон дээр байгааг гэрэл зурагт буулгасан учраас зөвхөн тэр өдрөөс хойш л Усмановтой бүрэн холбож болох юм.

Түүний хэвлэлийн албаны бичсэнээр бол уг усан онгоцыг Усманов эзэмшдэггүй, эцсийн эзэмшигчийн эрхийг нь гэр бүлдээ “хандивласан” “буцалтгүй траст”-д шилжүүлсэн байна.

Мөн Усмановын Их Британид эзэмшиж байсан үл хөдлөх хөрөнгө траст-д харьяалагддаг хэмээн түүний төлөөлөгч бичжээ. Усмановын хамгийн алдартай үл хөдлөх хөрөнгө бол Английн Суррей мужид байрлах, 16-р зууны үеийн Тюдорын байшин болох Sutton Place юм.

1990-ээд онд худалдахаар бүртгүүлэхдээ дор хаяж 40 сая долларын үнэтэй байсан уг үл хөдлөх хөрөнгө Усмановтой маш их холбогддог тул Wikipedia хуудсанд хүртэл түүнийг өмчлөгчөөр нь нэрлэсэн байдаг. Гэхдээ үүнийг Киприйн хоёр компани Усмановтой бичиг хэргээр холбоогүй траст үйлчилгээний фирмээр дамжуулан эзэмшдэг. Financial Times  сонин Sutton Place-ийг Усманов “үнэхээр эзэмшдэг” эсэх талаар бүхэл бүтэн мөрдөх ажиллагаа явуулсан ч хариулт авч чадаагүй юм.

Эцэст нь, OCCRP-ийн Оросын хөрөнгө мөшгөгч төслийн хүрээнд сэтгүүлчид Италийн Sardinia арал дээр Усмановтой холбоотой эргийн зургаан харш илрүүлжээ.

Тэр зөвхөн нэгийг нь л шууд эзэмшдэг. Хоёрыг нь түүний дүү Гульбахор Исмаилова эзэмшдэг. Бусад нь Бермуд мужид байгуулагдсан нэгэн компанид хүргэдэг нэгдмэл корпорацын эзэмшилд байдаг.

Оффшор үйлчилгээ үзүүлэгчийн задруулсан бүртгэлээс тус компани Усмановтой холбоотой тухай тооцооны хүснэгт олдоогүй бол мөрдлөг мухардах байв.

Энэ бол Оросын хамгийн муу нэртэй тэрбумтнуудын нэг ба түүний хөрөнгийн хоорондын холбоог судлах ажлын нэгээхэн хэсэг юм.

Энэхүү мэдээллийг бэлтгэхэд Олеся Шмагун (OCCRP), Мэттью Купфер (OCCRP), Рустам Исмаилов (OCCRP), Сесилия Анеси (IrpiMedia) нар хамтран ажилласан болно.

ШИНЭЧЛЭЛТ, 03-р сарын 22: Нийтлэлд Credit Suisse-ийн тайлбарыг оруулан шинэчилсэн.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт бүс

Хуурамч мөнгөн тэмдэгтээс сэргийлье

Огноо:

,

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “......банканд гадаад улс руу шилжүүлэг хийх зорилгоор 20 ширхэг 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийх гэсэн боловч хуурамч евро байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус мэдээллийг шалгахад Монгол Улсын иргэн Ц, гадаад улсын иргэн Ш нар нь зарим арилжааны банк болон валют солих үйлчилгээ эрхэлдэг газруудад хуурамч байж болзошгүй “евро” гэх мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр солиулсан байж болзошгүй ба дээрх этгээдүүдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Галт уулын Лава урссаны улмаас Исландын алдарт халуун рашаан руу явдаг зам хаагджээ

Огноо:

,

Исланд улсад сүүлийн гурван сарын хугацаанд дөрөв дэх удаа онц байдал зарлав. Учир нь өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд халуун лава нь ойролцоох суурин газар руу урсан оржээ. Үүний улмаас  зарим байшин шатсан хэдий ч хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан тул оршин суугчдад  аюул учраагүй хэмээн эрх баригчид мэдэгдээд байна.

Харин галт уулын халуун хайлмаг 43 дугаар замыг дарж урсаад буй. Энэхүү зам нь Исландын алдарт “Blue lagoon” халуун рашаан руу хүргэдэг. Ийнхүү тус замаар зорчих боломжгүй болсон нь тус халуун рашаан болон туйлын туяа үзэх жуулчдын хуваарьт аялалыг цуцлахаас аргагүйд хүргээд байгаа юм. Тус халуун рашаан нь дэлхийд алдартай бөгөөд  жуулчид тус улсад  очих нэг шалтгаан болдог аж.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Цасан шуургатай үед автомашинтай явж байгаад зогсох шаардлага тулгарвал хэрхэх вэ

Огноо:

,

Цасан шуургатай үед төөрөх эсвэл бусад шалтгаанаар урт хугацаагаар зогсох шаардлага тулгарвал дараах зөвлөмжийг санаарай. 

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ11 цаг 58 минут

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Тод мэдээ12 цаг 1 минут

Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна

Тод мэдээ12 цаг 6 минут

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Тод мэдээ12 цаг 7 минут

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар аж...

Тод мэдээ12 цаг 12 минут

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Тод мэдээ12 цаг 14 минут

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Тод мэдээ12 цаг 17 минут

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдү...

Өнөөдөр12 цаг 19 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр12 цаг 24 минут

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр12 цаг 26 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод индэр2024/03/27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инно...

Тод мэдээ2024/03/27

Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны авто замд нүхэн эвдрэл засварлах ...

Өнөөдөр2024/03/27

ХХААХҮЯ: 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа

Тод мэдээ2024/03/27

Бартаат замын туулах чадвар сайтай 16 автомашиныг хамгаалалтын 7 зах...

Тод мэдээ2024/03/27

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны а...

Тод мэдээ2024/03/27

С.Чинзориг: Эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхийг бүхий л талаар ...

Тод индэр2024/03/27

Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боло...

Өнөөдөр2024/03/27

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/26

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тухай тогто...

Өнөөдөр2024/03/26

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр2024/03/26

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/25

"Улаанбаатар марафон"-ы бүртгэл үргэлжилж байна

Тод мэдээ2024/03/25

Хөлийн гол орчимд шар усны үер бууж, 30 орчим айл үерт автлаа

Тод мэдээ2024/03/25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхий...

Өнөөдөр2024/03/25

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2024/03/25

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Тод мэдээ2024/03/25

Энэ онд Шархад дэд төвд 110 айлын орон сууц ашиглалтад орно

Тод мэдээ2024/03/25

ЦЕГ: АТМ эвдсэн этгээдийг илрүүлжээ

Тод мэдээ2024/03/25

Нийслэлийн 34 хорооны 1306 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хү...

Тод мэдээ2024/03/25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тэ...

Санал болгох