Дэлхий нийтээр..
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 2021 оны нэгдүгээр улирлын цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелэжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллалаа. Тус үйлдвэр улс, орон нутгийн төсөвт сүүлийн хоёр жилд нийт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Эрдэнэтийн Овоогийн зэс, молибденийн ордыг түшиглүүлэн уулын баяжуулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж хүдэр олборлолтыг 37 сая тоннд, хүдэр боловсруулалтыг 32 сая тоннд хүргэсэн.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт техник, технологийн шинэчлэлт болон одоогийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” 2020 онд амжилт бүтээл арвинтай байлаа. Хэдийгээр дэлхий нийтийг цочроосон цар тахлын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоосон хүндрэлтэй цаг үе тохиосон ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн баялаг бүтээгч уурхайчдын үйл ажиллагааны үр дүн сайн байлаа. Улс орны хэмжээнд цар тахлын тархалттай тэмцэж буй хүнд цаг үед "Эрдэнэт үйлдвэр"-ийн хамт олон халдвар хамгааллын дэглэм баримтлан, өндөр зохион байгуулалттай ажилласнаар үйлдвэрлэл хэвийн жигд, төлөвлөлт үзүүлэлт амжилттай биелэсэн гэдгийг онцоллоо.
Тодруулбал:
- Үйлдвэр техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөн, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдэд 100-аас дээш хувь,
- 2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлож, 32.5 сая тонн хүдэр боловсруулсан,
- Санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сайн гарсан,
- 2020 онд 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж төлөвлөгөөг 16 орчим хувиар давуулан биелүүлсэн,
- 2020 онд нийт 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон улс орны өмнө хүлээсэн үүрэг үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. 2021 оны эхний улирлын байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-143 хувиар биелүүлсэн байна. Үүний үр дүнд борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелэжээ.
2021 оны нэгдүгээр улирлын байдлаар, улс, орон нутгийн төсөвт 149 тэрбум, өнөөдрийн байдлаар 266 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. 2017-2020 онд 29.4 сая ам.долларын геологи хайгуулын ажил гүйцэтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажиллах хугацааг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид наанадаж 70 жил ажиллах боломжийг бүрдүүлжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсыг нуруун дээрээ үүрч яваа, хөдөлмөрч, бүтээлч,түүхэн хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. “Эрдэнэт үйлдвэр” турж үхэх гэж байгаа саалийн үнээ биш юм гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд нотолж чадсан учраас маш их баяртай байна. Цаашдаа Монгол Улсын эдийн засгийн нийт ачааллын аравны нэгийг, 10 их наядын улсын төсвийн 1 их наядыг үүрч, дахиад 60-70 жилийн хугацаанд ажиллах техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсруулж нотолж чадсан. 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын 91 дүгээр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хувьцаат компанийг онцгой дэглэмд авч байсан. Энд ирсэн миний нэг зорилго бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн боломж, эдийн засгийн нөөц дээр тулгуурлаад “Зэс баяжуулах” үйлдвэрийг байгуулах Засгийн газрын 129 дугаар тогтоолыг танилцууллаа” гэв.

Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болж, Онцгой дэглэмийн горимоор ажилласан 2019 онд 65.8 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөг, нийт 153.8 тэрбум төгрөгийг зөвхөн худалдан авалтаас хэмнэж чаджээ. “Эрдэнэт үйлдвэр” нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласнаар сүүлийн 10 жилд анх удаа гадаад болон дотоодын зээлийн өр төлбөргүй болжээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
