Дэлхий нийтээр..
УИХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хууль зүйн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр хэлэлцжээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалт болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй талаар тус тус зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр зарчмын зөрүүтэй санал гаргасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ.
Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 16 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 3.2, 3.3 дахь хэсгийг хасаж, 1 дүгээр зүйлийн 4 дэх заалтын “22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсэг” гэснийг “14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэг” гэж өөрчилж, мөн зүйлийн 3 дахь заалт болгон шилжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хууль санаачлагчид буцаахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
Дэлхий нийтээр..
АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд ойртож байна
АНУ, Иран болон Оман улс дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал усан замын нэг болох Ормузын хоолойг дахин нээх тохиролцоонд ойртож байгаа талаар албаныхан мэдэгдлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцоог ойрын хугацаанд зарлаж магадгүй гэж мэдэгдсэн бол Иран хэлэлцээ эцсийн шатандаа орсныг мэдээлжээ.
Гэвч талуудын хооронд хэд хэдэн гол асуудлаар санал зөрүү хэвээр байна. Иран АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн хоригийг цуцлахыг шаардаж байгаа бол АНУ үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Мөн усан замаар зорчих хөлөг онгоцны зохицуулалт, үйлчилгээний төлбөрийн асуудал хэлэлцээний гол сэдэв хэвээр байгаа аж.
Хэлэлцээрийн төсөлд Персийн булан руу нэвтрэх хөлөг онгоцыг Ираны тал, булангаас гарах хөдөлгөөнийг Оманы тал зохицуулах хувилбар тусгагдсан талаар мэдээлжээ. Харин үйлчилгээний төлбөр авах асуудал дээр талууд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.
Ормузын хоолой дахин нээгдсэнээр дэлхийн газрын тосны нийлүүлэлт хэвийн болж, эрчим хүчний зах зээлд үүсээд буй дарамт буурах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэвч бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжоогүй бөгөөд хэлэлцээр эцэслэн батлагдах хүртэл тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа юм.
