Хэн юу хэлэв...
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.. Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал удирдан явууллаа.
Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудал хурц байна. Төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол нэмэгдэж буйг Ерөнхий сайд анхааруулав. Хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг байгааг онцолж, Улаанбаатар хотод “Хүүхдийн ордон-2” байгуулахаа зарлалаа. Сүхбаатарын талбайн баруун тал, Улаанбаатар хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, “Хүүхдийн төлөө” сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлана. Монголын “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцна. Энэхүү ордонд шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх орон зайг нээнэ.

Ерөнхий сайд хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх бус бодит ажил хийх шаардлагатайг онцолж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриаллаа.
Үндэсний компаниуд, баялаг бүтээгчдээ нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн үйлс өрнүүлж, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОНД сургалтын өрөө танхим тохижуулж, өөрсдийн нэрэмжит болгож, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэхэд оролцохыг Ерөнхий сайд урилаа.
Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх, мөн цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар боллоо. Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Хосууд хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол буурч байгаа нэг том шалтгаан нь хүүхэд өсөж хөгжих орчин нөхцөл муу байгаагаас болж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эх, хүүхдийн эндэгдэл өсөж байна. 2025 онд 53,716 эх амаржсан нь өмнөх оныхоос 3,600-аар цөөн байна. Өсвөр насны охидын төрөлт Номхон далайн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр байна.

Эрт илрүүлгээр монгол хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчлөл, харааны өөрчлөлттэй, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал нэмэгдсээр байна. Хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөж, дарамт, гадуурхал, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж хохирч байна. Охидын жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөр өсөж, нэг жилд 50 гаруй хүүхэд зам, тээврийн ослоор амиа алдаж байна. Тус хуралдаанаар үндэсний зөвлөлийн 2025, 2026 онд баталсан шийдвэр, ажлын үр дүнг дүгнэн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллын ажлын өнөөгийн байдлыг хэлэлцлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын талаар илтгэл танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас “Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна гэв. Мөн “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг хөтөлбөр”-үүд хэрэгжүүлж сургалтын байгууллага, гэр бүл болон нийгмийн бусад орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх ажлуудыг хийнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн сургуулиудын орчныг бүрэн камержуулах ажлыг хоёр жилийн хугацаанд бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа гэв.
Монгол Улс 1.311.769 хүүхэдтэй. Энэ нь нийт хүн амын 36,2 хувийг эзэлж байна.














Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Хэн юу хэлэв...2023/06/26
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болно
-
Үйл явдал2024/03/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Дэлхий нийтээр..2022/12/26
Төв аймгийн Эрдэнэ суманд мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байна
-
Үйл явдал2022/11/23
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
