Тод мэдээ
МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн. Улмаар өнөөдөр намын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Одоо уг саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газрын сайд, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд үүнийхээ таван жилд сайдаар ажилласан туршлагатай. Түүнийг намын шат шатны байгууллага, залуучуудын байгууллага, төрийн байгууллага, ЗГ, УИХ-д ажилласан арвин туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж үзэж буйгаа Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх болон намын Бага хурлын гишүүд хэлсэн юм. Ингээд гишүүдийн 99.2 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжиж, тогтоол гаргалаа.
Улмаар Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулсан юм. Тэрбээр "Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна" гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ нь 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөж, 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
- 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
- 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
- 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн тус тус ажиллаж байгаа билээ.
Тод мэдээ
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
Тод мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тод мэдээ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ.
-
Өнөөдөр2020/05/21
Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг орон сууцжуулна
-
Тод мэдээ2024/10/18
“Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг...
-
Тод мэдээ2023/01/12
“Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг орон нутагт хөг...
-
Өнөөдөр2024/07/05
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио ...