Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.Өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 29-нөөс
2026 оны есдүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 29-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр, 31-нд Алтайн салбар уулсаар, 9-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 29, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, цаашдаа дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор 30-35 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
Үйл явдал
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Хөдөө, орон нутагт ШТС-ууд зориулалтын саванд шатахуун олгохгүй байна гэдэг асуудлыг иргэдийн зүгээс тавьсан.
Тэгвэл шуурхай штабын зүгээс зөвхөн Улаанбаатар хотод АИ92 шатахууныг саванд олгохгүй байх зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж, 8-р сарын 15-нд хязгаарлалтыг зогсоосон байдаг.
Иймээс хөдөө орон нутагт автобензин болон дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням аж ахуйн нэгжүүдэд сануулж, бүх ШТС-уудад мэдээлэл хүргэж ажиллахыг сануулав.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Гэсэн ч хөдөө орон нутагт шатахууны хүлээгдэл бүрэн арилаагүй байна. Тэр дундаа Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймагт шатахууны хүлээгдэл өндөр байгаа учраас тус таван аймагт нэн даруй хангамжийг нэмэгдүүлэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Мөн шуурхай штабын өнөөдрийн хурлаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц бүрдүүлэхийг анхааруулав.
Өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 7,6 хоног, “Багануур” ХК 12 хоног, “Монголросцветмент” ТӨҮГ 55 хоног, “Шивээ-Овоо” ХК 22 хоног, “Эрдэнэт” ТӨҮГ 16 хоног, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15 хоног, Хөтөлийн “Цемент Шохой” ХХК 20 хоногийн тус тус нөөцтэй байна.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван сарын хэрэглээг хангах хатуу гэрээ байгуулах болоод 20000 метр кубын багтаамжтай агуулах барих бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Ойрын хугацаанд агуулах, сав түрээслэх, нэмэлт нөөц бүрдүүлж, эргэн мэдээлэх үүрэг өглөө гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр /Цагаан-Үүр сум/ голын усны түвшин өмнөх өдрөөс 10 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/ гол үерийн түвшинг 5 см даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Үйл явдал
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын "Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь" сэдэвт салбар хуралдаан боллоо.
Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ.
Тэрбээр “Усны хомсдол бий болсны дараа хэрхэн арга хэмжээ авах вэ гэдгээс илүүтэй, хомсдолоос яаж сэргийлэх вэ гэдэг асуулт бидний бодлогын төвд байх ёстой. Өнөөдөр дэлхийн олон хотод энэ сорилт тулгарч байна. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэл, эдийн засгийн төвлөрөл усны хэрэгцээг улам нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, газрын доройтол, хур тунадасны гормын өөрчлөлт, хөрсний ус шингээх болон хадгалах чадавхын бууралт усны байгалийн эргэлт, нөхөн сэргээлтийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, усны эрэлт өсөж байхад байгалийн нөхөн сэргэлт, хүртээмж буурч байгаа юм.
Ус бол хотын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчин, улмаар хотын хөгжлийн тогтвортой байдалтай шууд холбоотой суурь нөөц билээ. Улаанбаатар хотын ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь Туул голын сав газрын доорх усны нөөцөд түшиглэдэг бөгөөд хүн ам, барилгажилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг дагаад усны эргэлт нэмэгдсээр байна.

Дэлхийн банкны 2026 оны үнэлгээнд Улаанбаатар хотын гүний усны нөөцөд үзүүлж буй дарамт нэмэгдэж, ашиглагдах хэмжээ нь уст давхаргын нөхөн сэлбэгдэх хурднаас хэтрээд байгааг онцолсон байна.
Ийм нөхцөлд шинэ эх үүсвэр хаана байгаад ач холбогдол өгөхөөс илүү байгаа усаа хэрхэн хамгаалах, хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх зэрэгт анхаарлаа хандуулах нь зүй. Тиймээс хур тунадас, үерийн усыг зөв менежментээр удирдаж, боломжит нөөц болгон ашиглах шаардлагатай. Бид энэ чиглэлийн бодит алхмуудыг эхлүүлж, Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг дахин цэвэршүүлэх “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан. Үүний үр дүнд эрчим хүчний салбарт жилд 18 сая хүртэлх шоо метр гүний усыг хэмнэх боломж бүрдсэн юм.
Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, усны эргэлтийн системийг сайжруулах зорилго, зорилтуудын биелэлтийг хангах хүрээнд голууд дээр тохируулгатай усан сан барьж, гадаргын усны эх үүсвэрээс унд ахуйн ус хангамжийг хангах, болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэх зэрэг төсөл хөтөлбөрийг нэн яаралтай хэрэгжүүлэх нөхцөл шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Тулгамдсан энэхүү асуудлыг аливаа хот дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс хот, бүс орон нутгийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.




-
Дэлхий нийтээр..2025/01/02
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргад эмгэнэл илэрхийл...
-
Үйл явдал2025/08/29
Улаанбаатарт өөртөө 20 хэм дулаан
-
Үйл явдал2021/12/21
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2023/06/14
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замд үер бууж, эвдрэл үүссэн байна
