Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Т.Түмэнжаргал: Ирээдүйн эрүүл, зөв иргэний төлөө үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх нь чухал

Огноо:

,

Сэтгүүлч:

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг ирэх  сарын 1­ний өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна. Тус сургалт болон ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.ТҮМЭНЖАРГАЛТАЙ ярилцлаа.

-Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Уг хуулийг хэрэгжүүлснээр ямар давуу тал бий болох вэ? 

-2019 оны УИХ-ын чуулганаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хуулийг баталсан. Энэ хуулийн зорилт нь ерөнхий боловсролын сургуульд суралцагчийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Хуулийг хэрэгжүүлэх тухай Улсын Их хурлын 53 дугаар тогтоолын дагуу 2021 оноос 1-5 дугаар анги, 2022 оноос дунд анги, 2023 оноос ахлах ангийн сурагчдад үдийн хоолны үйлчилгээнд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дэлхийн 180 гаруй оронд хүүхдийн хоолны хуулийн зохицуулалт байдаг. Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж 10-15 жилийн дараах  эрүүл, зөв монгол залуусын үеийг бий болгох нь чухал юм.

 

-Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалтад хэчнээн хүнийг хамруулж байна вэ?

-Сургуулийн тогооч нар бол дээрх зорилтыг бодит биеллээ олоход голлох үүрэгтэй. Иймээс хамгийн түрүүнд тогооч нараа бэлтгэх хэрэгтэй. Сургалтыг 14 хоногийн хугацаатай явуулах бөгөөд нийслэлийн 18 сургуулийн 25 тогоочийг хамруулан хоол хүнсний илчлэгт чанар, хүүхдийн хоолны цэс зохиох, хүүхдийн хоол бэлтгэх технологийн онцлог, хоолны илчлэг тооцох аргачлал, түүхий эд бүтээгдэхүүний чанар, хүлээн авах, хадгалалт тээвэрлэлтэд тавих шаардлага зэрэг онолын болон практик дадлагыг хослуулан явуулж байна. Суралцагчдад эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг бэлтгэж хүргэхэд тогооч нарын үүрэг хариуцлага чухал бөгөөд цаашид энэ чиглэлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалтыг өргөн хүрээнд өөрөөр хэлбэл улсын хэмжээнд зохион байгуулахад олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал Койка, Жайка, Дэлхийн банк, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Эхний төслүүд 2021 оноос эхлээд хэрэгжээд явахаар мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах гээд олон асуудлууд шийдэгдэнэ. Тэд ч бидний саналыг нааштай хүлээж авч байгааг дуулгахад таатай байна. Өнгөрсөн онд  Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран эхлүүлсэн Эрүүл хооллолт-Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих төсөл хөтөлбөрийн үргэлжлэл болж ирэх сард бид Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн сургууль цэцэрлэгт очиж, төслийн хүрээнд  хүүхдийн хоолны 185 нэр  цэсийг боловсруулснаа танилцуулах, тогооч нарыг сургах сургалтыг зохион байгуулахаар явах гэж байна. Энэ үеэрээ тус аймгуудын сумдын тогооч нарыг хамруулна. Өнгөрсөн онд дээрх гурван аймгийн сургуулийн гал тогоог дээрх сангийн тусламжаар шинэ тоног төхөөрөмжтэй болгосон юм.

-Сурагчид сургууль дээрээ үдийн хоол идэх нь хэр ач холбогдолтой вэ?

-Сургуулийн үдийн хоол гэдэг бол тухайн хүүхдийн ходоодыг зүгээр нэг цатгах тухай асуудал биш юм. Дэлхийн олон оронд үдийн хоолоороо дамжуулан нийгмийн халамжийн үйлчилгээг явуулдаг. Ялангуяа Азийн орнууд болох Япон, Солонгос зэрэг оронд сургуулийн Үдийн хоолны үйлчилгээ өндөр хөгжсөн байдаг. “COVID-19” цар тахлаас болоод сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ дэлхийн олон оронд тасалдсан. Үүнтэй холбоотойгоор дэлхийн 60 гаруй сая хүүхэд өлсгөлөнд өртөх аюултай болоод байгаа тухай мэдээлэл байна. Тодруулбал, тухайн хүүхдүүд сургуульдаа явж, үдийн хоол идэж, хоногт хоол хүнснээсээ авах илчлэгийн тодорхой хувийг авдаг. Манай оронд ч гэсэн хүүхдүүд сургуулийнхаа үдийн цай үйлчилгээнд хамрагдсанаар суралцагчдын хичээлийн идэвх, ирц сайжирсан судалгааны дүн байдаг. Гэдэс цатгалан эрүүл хүүхдүүд хичээлдээ сайн сурахад томоохон түлхэц болно. Бидний бас нэг анхаарах ёстой зүйл бол хоол хүнсний харшилтай хүүхдүүд байдаг. Тэдэнд тохирох тусгай хоол бэлтгэж өгөх хэрэгтэй. Энэ бол гаднын орнуудад тогтсон хэвшсэн асуудал гэж хэлж болно. Иймээс сургуулийн хоол зүйч, эмч хоёр нягт хамтран ажиллах шаардлагатай. Сургууль дээрээ хүүхэд шим тэжээл сайтай хоол идээд сурчихвал түргэн хоол, чихэрлэг амттан худалдан авч идэхгүй байх бүрэн боломжтой.

-Энэ жилийн хувьд үдийн цай хөтөлбөр үргэлжлэх үү?

-Бид ирэх нэг жилийн хугацаанд үдийн цайг үдийн хоол болгох бэлтгэл ажлаа хангаж ажиллана. Ингээд ирэх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн сурагч бүр сургууль дээрээ үдийн хоол идэх боломжоор хангагдана гэсэн үг. Энэ жилийн хувьд үдийн цай хөтөлбөр хэвийн үргэлжилнэ. Цар тахлын энэ үед сургууль дээр нь хүүхдэд амин дэмээр баялаг, дархлааг дэмжсэн, байгалийн гаралтай жимсний шүүс, халуун ундааг сонгон өгөх нь зүйтэй.  Үдийн цайны хувьд хүүхдийн хоногт авах илчлэгийн 10-15 хувийг олгоно. Үдийн хоол болоод ирэхээрээ хоногт авах илчлэгийнхээ 30-35 хувийг тухайн сурагч авах боломжтой болно.

-Сурагч бүрийг эрүүл чанартай аюулгүй үдийн хоолоор хангах ажилд хэр бэрхшээл тулгарч байгаа вэ?

-Бидний одоо явуулж буй үдийн цай хөтөлбөр нь хангамжийн нэгдсэн тогтолцоонд шилжээгүй. Олон сургуулийн хувьд зах зээлээс гэрээт борлуулагчаас хүнсний түүхий эдээ олон шат дамжлагаар дамжуулан хүлээн авдаг. Иймээс ерөнхий боловсролын сургуулийн хоол, хүнсний хангамжийг нэгдсэн системд оруулах шаардлагатай. Баталгаатай нэг эх үүсвэрээс, тогтвортой үнээр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээ авах нь чанар аюулгүй байдалд ч тустай байх болно. Мөн ерөнхий боловсролын сургуулийн гал тогоог  стандартын шаардлага хангуулах томоохон ажил байна. Бидний явуулсан нэгэн судалгаагаар улсын хэмжээнд  огт гал тогоогүй 30 орчим сургууль байна. Үүнээс гадна зориулалтын бус гал тогоотой сургууль ч бас байна. Гал тогоогүйн улмаас шууд бэлэн бүтээгдэхүүн худалдан авч үдийн цайндаа олгож байна гэсэн үг. Тэдгээр бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын баталгаажилтгүй, хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй хүүхдэд ямар ч шим тэжээл болохгүй, өөрөөр хэлбэл хоосон илчлэг болдог бүтээгдэхүүн байх асуудал ихээхэн гардаг. Үүний дараа суралцагчдад эрүүл, аюулгүй хоол хүнсийг хүргэхэд мэргэжлийн хүний нөөцийн асуудал чухал. Түүнчлэн сургуульд хоол зүйч ажиллана гэж тус хуульд заасан байгаа. Тухайн сургуулийн Үдийн хоолны шим тэжээллэг  чанар аюулгүй байдалд хяналт  дотоод хяналтаа тавьж, тогоочид зөвлөгөө өгч ажиллах гол хүн нь хоол зүйчид байх юм. Гэтэл өнөөдөр цөөн хэдэн сургуульд хоол зүйчээр мэргэжилтэн бэлтгэж байна. Ер нь энэ төрлийн мэргэжлийг сонгон суралцвал ирээдүйд ажлын байр нь бэлэн байна. Мөн хүнсний чиглэлээр төгссөн хүмүүсийг 1-1.5 жилийн хугацаанд суралцаж, мэргэжлийн хоол зүйч болох  хөрвүүлэн сургах сургалт ШУТИС дээр явагдаж байна.

Эцэст нь хэлэхэд хүүхдэд учирдаг хоол тэжээлийн гурван дарамт байдаг тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн хийсэн судалгаанд дурдсан байдаг. Үүнд 1.хоол тэжээлийн дутал 2. далд өлсгөлөн 3. илүүдэл жин таргалалт. Эдгээр асуудал нь бүгд эрүүл, зөв хоол, хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглээгүйгээс үүдэлтэй. Иймээс ирээдүйн монголын иргэдийнхээ төлөө тэдний хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь бүх нийтийн үүрэг болоод байгааг хэлмээр байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН. 2020.08.20

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/09/02

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга У...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэ...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ...

Үйл явдал2026/09/02

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно...

Үйл явдал2026/09/02

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй б...

Үйл явдал2026/09/01

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Үйл явдал2026/09/01

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Үйл явдал2026/09/01

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Үйл явдал2026/08/31

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал2026/08/31

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал2026/08/31

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал2026/08/31

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал2026/08/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал2026/08/31

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Санал болгох