Тод мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн стратегийг тодорхойлохдоо энэ гурван шилжилтэд анхаарах шаардлагатай
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон шалтгаан болон хүрсэн үр дүн, цаашдын зорилтот түвшинг тэрбээр тодотгов. Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ гэдгийг Ерөнхий сайд онцлоод төсөл тус бүрийн давуу талыг танилцуулав.

2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэлээ.
Цаашид Монгол Улсын хөгжлийн дараагийн стратегийг тодорхойлохдоо дараах гурван шилжилтийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг хөгжлийн стратегидээ илүү анхаарах, хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн шилжилт хэрхэн өрнөх вэ гэдэг дээр стратегиа тодорхойлбол илүү чухал. Гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт ямар байх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлээд “Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг” хэмээн дээрх гурван шилжилтийг тодорхойллоо. Тиймээс эдгээр шилжилтээр бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох шинэ хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа учир үүнийг хэрэгжүүлж чадвал хөгжлийг хөөж биш угтаж гүйцэх болно гэв.
Мөн тэрбээр “Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно” гэлээ.
Энэ удаагийн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-аас бүсийн засаглал, эрх зүйн орчин, эдийн засаг, татварын орчин, хүн ам, нийгмийн хөгжлийн бодлого, дэд бүтэц, бүс ба шилжилт (AI хиймэл оюун ухааны шилжилт, ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт) гэсэн асуудлуудад төвлөрч үр дүн гарна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Тод мэдээ
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Тод мэдээ
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ
Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, засвар үйлчилгээ хийнэ.
Энэ хүрээнд ХУД-ийн 5, 6, 7, 23, 24 дүгээр хорооны хэрэглээний усыг өнөөдөр 22:00 цагаас 11 дүгээр сарын 8-ны 08:00 цаг хүртэл хэсэгчлэн хязгаарлана.
Хэсэгчлэн ус хаах хэсэгт “Food City” худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл, замын хойд талдаа “Мөнх Хадаа”-аас Нисэхийн тойрог хүртэл суурьшлын хэсэг хамрагдах юм.
Тодруулбал, гарч байгаа бохир усны хэмжээн дэх хатуу хог хаягдал нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөлтийн насос станцын хүлээн авах санг цэвэрлэх юм.
Оршин суугчид 00 цаас, салфетик, хоолны хог хаягдал, үсний сэв зэргийг суултууртаа хийж урсгаж байгаа нь бохир усны шугам хоолойг бөглөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Тиймээс нийслэлийн оршин суугчид та бүхнийг бохирын шугам болон суултуурт хатуу хог хаягдал хаяхгүй байхыг уриалж байна.
Тод мэдээ
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Туул-1” коллектор төслийн байршилд ажиллалаа.
“Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсэн. Бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаа больсон. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэр 2007 онд гарч байсан. Энэ бол Улаанбаатар хотын бохирын төв магистрал. 2012 онд нэг, хоёрдугаар хэсэг ашиглалтад орсон. Үүнээс хойш уг төсөл зогссон. 11 км орчим нь гүйцэтгэгдээгүй. Одоо энэ хэсгийн ажил эхэлсэн байна” гэлээ.
УСУГ-ын Ерөнхий инженер Ж.Дагвасүрэн “Энэ оны есдүгээр сард ажлын зургийн өөрчлөлт батлагдсан. Ингээд долоон бригад 70 гаруй хүнтэйгээр ажлыг эхлүүлээд байна. Сарын дотор 1.2 км шугам хийгээд байна. Энэ ондоо багтаан нийт хоёр км шугам хийх төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн диаметртай буюу 1.5 метрийн шугам угсарч байна. Энэхүү шугам нь Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлх шугамын ачааллыг хуваалцах үүрэгтэй юм. Тус шугам тавигдсанаар төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. Хэрвээ “Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй болно. Одоо хийж буй энэхүү шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай” гэлээ.


-
Өнөөдөр2020/12/28
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2022/09/29
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг а...
-
Тод мэдээ2021/05/29
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /2021.05.29/
-
Тод мэдээ2023/11/30
Мал, тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 7-оос орон даяар зохион байгуулагдана
