Үйл явдал
НҮБ-ын Төрийн албаны өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.
Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн зүгээс НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн билээ.
Мөн Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг олон улсын байгууллага дэмжиж буйн нэгэн илрэл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл юм.
Энэ удаагийн Төрийн албаны өдрийг НҮБ-аас COVID-19 цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад гол анхаарлаа хандуулан байна.
“Тэргүүн эгнээнд COVID-19 цар тахал өвчний эсрэг тэмцэж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх нь” сэдэвт олон хүний амь насыг аврах ажлыг дэмжин урамшуулсан виртуал арга хэмжээг зургаадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 21.00-23.00 цагийн хооронд НҮБ-ын төв байранд зохион байгуулах юм.
Жил бүр тохиодог Төрийн албаны өдрийн гол зорилго нь Төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэж, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудах, улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм орчиндоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж яваа нийт төрийн албан хаагчид Та бүхэнд НҮБ-ын төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье!
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл
Улаанбаатар хот
2020 оны 06 сарын 22-ны өдөр

Үйл явдал
АНУ: Ам.долларын ханш суларч, үнийн өсөлтөд нөлөөлөв
АНУ-д ам.долларын ханш суларснаар иргэдийн өдөр тутмын зардалд дарамт нэмэгдэв. Сүүлийн саруудад ам.доллар гол валютуудын эсрэг ойролцоогоор 10 хувиар буурч, худалдан авах чадвар дордсон нь “далд татвар”-тай адил нөлөө үзүүлж буйг эдийн засагчид онцоллоо.
Ханшийн уналт импортын барааны үнийг өсгөж, ялангуяа кофе зэрэг гадаадаас авдаг бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд бараг 19 хувиар нэмэгджээ.
Мөн ам.долларын сулрал гадаад аяллын зардлыг өсгөж, америкчуудын хувьд валютын алдагдал илүү мэдрэгдэж, зарим валютын эсрэг ханш 10–17 хувиар буурсан.
Нөгөө талд, сул доллар олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудад эерэг нөлөө үзүүлж, АНУ-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаад зах зээлд хямдарснаар экспорт тэлэх нөхцөл бүрдлээ.
Харин дотоодын зах зээлд төвлөрсөн жижиг, дунд бизнесүүдийн зардал өсөж, ашиг шахагдав. Импортод түшиглэсэн компаниудын дарамт нэмэгдсэн нь хэрэглэгчдэд очих үнийн өсөлтийг улам хурдасгаад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump сул доллар экспортыг дэмжинэ гэж үздэг ч бодит байдал дээр инфляцын дарамт иргэдэд илүү хүчтэй мэдрэгдсээр байгаа юм.
Үйл явдал
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд барих юм.
Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2023 оны аравдугаар сард хотын даргаар томилогдоод эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зоригтой шийдлүүдийг төлөвлөсөн. Бид анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн. Эрчим хүчний төслүүдийг улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн.
Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм зэргээс ажлыг үргэлж зогсоож ирсэн. Харин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн түншлэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна. Төслийг эхлүүлсэн, өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хийж ирсэн бүх хамт олондоо талархал илэрхийлье.
Энэ жил Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө үргэлж ажиллана. Ард түмэнд амлалтаа биелүүлж, цаг хугацаандаа төслийг ашиглалтад оруулахын төлөө ажиллацгаая” хэмээн онцоллоо.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй суурьшлын бүсүүдийн эрчим хүчний хангамжийг тогтвортой шийдвэрлэх ач холбогдолтой.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргасан.

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана.
Мөн орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Мөн шинэ орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж өргөжиж, хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлэх юм.

Үйл явдал
Спирит Эйрлайнс компани дампуурлаа зарлав
АНУ-ын хямд өртөгтэй агаарын тээврийн компани болох Спирит Эйрлайнс 34 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарлав.
Тодруулбал, тавдугаар сарын 02-ны өдөр тус компани бүх нислэгээ цуцалж, үйл ажиллагаагаа албан ёсоор хаах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн бөгөөд энэ нь огцом өссөн шатахууны үнэ болон санхүүгийн хүндрэлтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Спирит Эйрлайнс өмнө нь хоёр удаа дампуурлын хамгаалалтад орж байсан ч санхүүгийн байдлаа сэргээж чадсангүй. Түүнчлэн АНУ-ын Засгийн газраас санал болгосон ойролцоогоор 500 сая ам.долларын аврах санхүүжилтийн хэлэлцээр бүтэлгүйтсэн нь эцсийн шийдвэрт нөлөөлөв.
Ойролцоогоор 17 мянган ажилтан ажлын байраа алдах эрсдэлд орж, зорчигчид нислэг цуцлагдсаныг гэнэт мэдсэн нь салбарын хэмжээнд томоохон цохилт боллоо. Шатахууны үнэ өссөн нь Ирантай холбоотой зөрчилдөөнөөс үүдэлтэй бөгөөд энэ нь агаарын тээврийн салбарт дарамт нэмэгдүүлж, Спирит Эйрлайнсийг дампууралд хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг болов.
Спирит Эйрлайнс нь хямд тийзийн загвараараа АНУ-ын нисэхийн зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлж байсан ч үйл ажиллагаагаа зогсоосноор хямд нислэгийн сонголт багасах төлөвтэй байна.
-
Дэлхий нийтээр..2025/01/07
Орон сууцжуулалтын ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хэсэг тав дах...
-
Үйл явдал2023/05/24
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Дэлхий нийтээр..2026/03/11
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
-
Дэлхий нийтээр..2020/12/02
ТБХ: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэл...
