Дэлхий нийтээр..
МАН-аас Зүүн бүсэд нэр дэвшигчид Хэнтийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал суманд ажиллав
УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны зургаа дахь өдрийн уулзалтаа Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал суманд үргэлжлүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийг хөгжүүлэх гарц, шийдэл, намын мөрийн хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх салбар бүрийн төлөөллийг багтаа нэгтгэсэн юм. Түүний ахалсан багт Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Ухнаагийн Отгонбаяр, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Цагаанхүүгийн Идэрбат нар багтаж байгаа бөгөөд тэд зүүн бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж байна.
Дархан сум дөрвөн багтай, хөдөө аж ахуй дагнасан нутаг бөгөөд тэмээний тоогоор Хэнтий аймагтаа тэргүүлдэг. 2023 оны жилийн эцсийн тооллогоор 270,221 тоо толгой малтай байсан бол өнгөрсөн өвөл төмөр зуд нүүрлэсний улмаас нийт малын 50 гаруй хувь нь хорогдсон. Иймд малчдын амьдрал ахуйг дэмжих, малчдыг чадавхжуулах “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлүүлсэнд, малчдын нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэж өгсөнд малчид талархаж байв. Бүсийн хэмжээнд боомтын сэргэлт, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймагт хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд иргэдэд үр өгөөжөө өгнө гэж үзэж байна.
Баянмөнх суманд сүүлийн найман жил МАН тогтвортой засаглаж байна. Өнгөрсөн жилүүдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр спорт цолцолбор, бохирын шугам, цэвэрлэх байгууламж, Эрүүл мэндийн төвийн урсгал их засвар, цэцэрлэгийн барилгыг өргөтгөсөн байна. Энэ оны төсөвт сум доторх далан, гэрэлтүүлэгтэй, явганы хүний замтай гурван километр засмал зам тавихаар тусгагджээ.
Дэлгэрхаан сум бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хэнтий, Дорнод,Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх концепцын чухал маршрут юм. Энд Их Монгол Улсын анхны нийслэл Аураг хотын туурь оршдог төдийгүй “Монголын нууц товчоо”-г бичиж дуусгасан газар. Сумын нутагт “Монголын нууц товчоо” аялал жуулчлалын цогцолбор баригдаж, энэ онд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалт өрнөж байна. “Аварга тосон” рашааныг түшиглэн 200 гаруй иргэн, ААН үйл ажиллагаа явуулдаг. Тус сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Соёлын төв, цэцэрлэг, сургуулийн их засвар хийгдэж, эмнэлгийн10 ортой барилга шинээр ашиглалтад оржээ. Эмч, цагдаагийн байр баригдаж эхлээд байгаа аж.

Цэнхэрмандал суманд сүүлийн жилүүдэд шинэ цэцэрлэг, ЗДТГ-ын барилга ашиглалтад орсон төдийгүй гурван жил “царцаад” байсан Соёлын төвийн барилгын хөрөнгө оруулалт энэ оны улсын төсөвт тусгагджээ. Тус суманд хөдөө аж ахуй, дотоодын аялал жуулчлал түлхүү хөгжсөн. Сүүлийн жилүүдэд газар тариалан эрчимжиж байна. Тухайлбал, тус сумын нутагт орших “Хар зүрхний хөх нуур”-ыг үзэж сонирхохоор зуны улиралд 5000-8000 машин, хүн зорин ирдэг байна. Энэхүү байгалийн үзэсгэлэнт газарт Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан цол олгосон түүхтэй.
Эдгээр сумдын иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан зүүн бүс нутгийн түүхэн газрууд, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт байгаль, соёлын өв, ан амьтанд түшиглэж гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилтыг туйлын зөв. Ялангуяа дээрх концепцын хүрээнд авто болон төмөр зам, дэд бүтэц өргөжиж, бүтээн байгуулалт дагасан ажлын байр бий болж, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэж үзэж байна.
Мөн энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр парламент 126 гишүүнтэй болж, иргэдийн төлөөлөл нэмэгдэж, эрх мэдлийн төвлөрлийг бууруулах хөгжлийн шинэ гарц нээгдэнэ. Монголын нийгэмд сүүлийн 30 жилд үүссэн авлигын эсрэг олон шинэчлэлийг хийж буй Ерөнхий сайдаа багаар нь дэмжих нь зөв. Зөвхөн нэг аймгийн аль нэг сумын хөгжлийг биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар харсан сонгууль болж байна.
Тиймээс бусад, нам эвсэлтэй харьцуулахад МАН-аас зүүн бүс рүү илгээсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр амьдралд ойр, бодлого, судалгаанд суурилсан, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн, энэ тойрогт нэр дэвшиж буй багт салбар бүрийн төлөөллийг багтаасан, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байгаа болохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг бүтэн ялна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байлаа.


Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Чөлөөт бүс2020/05/13
Чойжин ламын сүм музейн гудамжийг авто машингүй болгов
-
Хэн юу хэлэв...2019/08/22
Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно
-
Үйл явдал2020/07/21
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/11/15
Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ
