Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 4.6 дахь зорилт, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2, 3.2.9 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг шинээр боловсруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, нийцүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог хангах замаар төрийн нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтыг бий болгох зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр үргэлжлүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах болсон хэрэгцээ, шаардлага, олон улсын туршлагыг танилцуулав.
Сүүлийн 30 орчим жилийн хугацааны үзүүлэлтээс үзвэл Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байлаа. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлсэн байна.
Монгол Улс өнөөг хүртэл байгалийн баялгийн үр өгөөжийг ашиглах замаар улс орныхоо нийгэм эдийн засгийн зорилтуудыг хангах их бага хэмжээний бодлого, хууль цөөнгүй гарсан билээ. Үүнээс дурдвал, эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх, хуваарилах зорилгоор Монгол Улс 2009 онд Хүний хөгжил санг, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж, хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газраас холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг төдийлөн зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөг хүрлээ.
Харин 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулснаар “Үндэсний баялгийн сан" хэмээх Үндсэн хуулийн шинэ ойлголт бий болж, түүнийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, удирдах болон эдгээртэй холбоотои бусад нарийвчилсан харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон.
Иймд, дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангийн талаар эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжтой уялдуулан бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах хэрзгцээ, шаардлага туйлын чухал байгааг харуулж байна.
Дэлхий дээр 1940 оноос эхлэн үндэсний баялгийн сангийн тухай ойлголт анх бий болж, түүнээс хойш баялгийн сангийн тоо эрчимтэй нэмэгдэн (ялангуяа 2010 оноос хойш), өнөөдрийн байдлаар олон улсад 176 баялгийн сан үйл ажиллагаа явуулж байна.
Хэдийгээр үндэсний баялгийн сангийн талаарх онол, олон улсын туршлага чамгүй байвч Монгол Улсын засаглалын хэлбэр, эдийн засгийн бүтэц, газар нутаг, нүүдэллэн аж төрөх ёс, Монгол хүний сэтгэхүйн онцлог гэх мэт үндэсний шинжид тулгуурласан төрөлжсөн сангууд, тэдгээрийн удирдлага зохицуулалтыг Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төсөлдөө тусган боловсруулах нь ач холбогдолтой төдийгүй түүнийг нарийвчлан томьёолох нь цаашид тогтвортой хөгжлийн суурийг тавих үндэс бүрдэнэ.
Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлага болон олон улсын сайн туршлагыг тандан судалсны үндсэн дээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу анхдагч хуулийн төслийг дараах байдлаар боловсруулжээ. Үүнд:
Хуулийн төслийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд нийт 5 бүлэг, 16 зүйлээс бүрдэх аж.
Нэгдүгээр бүлэг. Хуулийн зорилт, Үндэсний баялгийн сангийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан.
Хоёрдугаар бүлэг. Үндэсний баялгийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх буюу Улсын Их Хурал, Засгийн газар болон төрөлжсөн сангийн шууд удирдлагыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг зохицуулсан.
Гуравдугаар бүлэг. Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан болох Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн төвлөрүүлэх, түүний зориулалт, зарцуулалтын талаар нарийвчлан зааж, мөн сангийн орлогыг төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийн зохион байгуулалтын зарчмыг тодорхойлон үндэсний баялгийн сангийн тогтвортой байдлыг хангах зохицуулалтын талаар тусгасан.
Дөрөвдүгээр бүлэг. Сангийн нягтлан бодох бүртгэл, ил тод байдал, хяналт хэрэгжүүлэх журмын талаар тусгасан.
Тавдугаар бүлэг. Бусад зүйлд хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага болон хууль хүчин төгөлдөр болох тухай зохицуулсан.
Түүнчлэн, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль баталсан холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тус хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түуний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд дараах эерэг үр нөлөө гарна:
- Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана.
- Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвийн баялгийн үр өгөөжөөс бүрдсэн Үндэсний баялгийн санг бий болгох эрх зүйн орчин бүрсдсэнээр 2019 оны Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулж, бодитоор хэрэгжих эрх зүйн орчин бий болно.
- Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ.
- Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Ирээдүй өв сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртэх хуримтлалыг бий болгоно.
- Ирээдүй өв сангийн хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлнэ гэж Засгийн газраас үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
Тод мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тод мэдээ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ.