Тод индэр
Манба Дацан хийдийн зурхайч Я.Аюурзана: Ёс суртахуунтай хүн ёс зүйтэй байдаг

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч Я.Аюурзанатай ёс суртахуун, ёс зүйн талаар ярилцсанаа хүргэж байна.
– Хууль бол ёс суртахууны хэм хэмжээг тогтоодог. Тэгвэл Бурханы шашин юуг тогтоодог юм бэ?
– Бурханы шашин бол ёс суртахууны хэм хэмжээг хуулиас илүү тогтооно. Одоо Монголд улсад маш олон хууль байна. Хүмүүсийн ёс суртахуун өдрөөс өдөрт дээр дооргүй муудсаар. Хүний санаанд багтахгүй ёс бус үйл, гэмт хэрэг нэмэгдсээр байна. Энэ нь хууль бол ёс суртахууныг хэр тогтоож байгаагийн илрэл. Монголд хулгайгүй, үүдээ ширмэл эсгийгээр хаадаг үе байлаа. Монголчууд “Нүгэл, буян” гэж юу байдгийг мэдэж, ёс зүйтэй байсан үе мартагдаагүй байна.
– Ёс суртахуун бол сэтгэлийн боловсрол гэж томъёолдог. Энэ хэр оносон тодорхойлолт гэж та боддог вэ?
– Энэ оновчтой тодорхойлолт. Сэтгэлийн боловсролтой хүн бусдыг хайрлаж, хүндэтгэдэг, нийгмийн хэв журмыг баримталдаг, ёс суртахуунтай байж, амьдрал үйлс нь өөдрөг байдаг. Монголчууд “Сэтгэл зөв бол заяа зөв” гэдэг шүү дээ. Сэтгэл бол цэвэр ариун ус шиг тунгалаг чанартай. Бидний зүрхний тольтонд нигүүлсэхүй сэтгэл тунгалаг гэрлээ цацруулан тэтгэж байдаг. Сэтгэлийнхээ уг үндсэнд байгаа нинж асралын сэтгэлээ дэлгэрүүлэн хөгжүүлж сэтгэлийн боловсролыг олно.
– Бурханы шашинд муу сэтгэлийг ялснаар гэгээрдэг гэдэг. Гэгээрлийг ёс суртахуунтай холбож ойлгож болох уу?
– Сэтгэлээ номхотгож чадаагүйгээс уур хилэн ихтэй, хүсэл шунал нь дэвэрсэн, юмны мөн чанарыг шинжилж, учрыг олохгүй мунхаг харанхуйгаас хилэнцэт үйлийг үйлдэж, эрдэнэт хүмүүний энэ сайхан төрлөө гутааж явах нь харамсалтай. Хүн чанараа алдахгүйн тулд хүсэл шунал, уур хилэн, мунхаг тэргүүтэн муу сэтгэлээ номхотгон даран дарсаар ёс суртахуунтай болж, гэгээрлийн замд орно. Ёс суртахуун бол гэгээрлийн суурь мөн.
– Муу сэтгэл гээд ярьснаас үүдээд асуух зүйл байна. Энд арван 10 нүгэл, 10 цагаан буяны тухай ярих ёстой болно тийм ээ, багш аа. Яаж 10 цагаан буяныг дэлгэрүүлж, 10 хар нүглийг тэвчих үү?
– Бие, хэл, сэтгэл гурваар хийсэн зөв буруу бүх зүйлийг 10 зүйлд багтааж, буруу үйлүүдийг “Арван хар нүгэл”, түүнээс цээрлэх зөв үйлүүдийг “Арван цагаан буян” гэдэг. Амь таслах, эс өгснийг авах, буруу хурьцах гурав нь биеэр үйлдэгддэг. Худлаа ярих, хов ярих, ширүүн үг хэлэх, чалчих дөрөв нь хэлээр үйлдэгдэнэ. Шунаг сэтгэл, үзэн ядах, буруу сэтгэл гурав нь сэтгэлээр үйлдэгддэг. Эдгээрийг “Арван хар нүгэл” гэдэг юм.
Манай хүмүүс арван хар нүгэл үйлдсэнээр хэзээ ч сайн сайхан үүсдэггүй. Муу заяа үүнээс эхтэй гэдгийг мэддэг. Гэвч зарим нь зан заншлын буруу дадал зуршлаас болж арван хар нүгэл үйлддэг. “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” гэж буруу цэцэрхэж гэм нүглээ зузаалсаар үйлсээ гэмтээж явдаг хүн ч бас байх юм.
Монголчууд эртнээсээ “Ёс алдах вий” хэмээн ихэд эмээж арван хар нүглийг цээрлэх ёс зүйд хичээн суралцаж ирсэн. Үр хүүхдүүддээ “Нүгэл, буян”-ыг мэдэхгүйгээс болоод ёс алдаж хилэнц уналд орох вий гэж болгоомжлон, багаас нь зөв ёс зан үйлд сургаж ирсэн уламжлалтай.
Арван хар нүглийг нарийвчлан задлан сайтар ойлгож, үр дагаврыг ухамсарлаж, бүх “сэдэл”-ийг нь дарж байж арван цагаан буяныг үйлдэнэ.
Эс өгснийг авах нүгэл гэхэд бусдын юмыг өөрийн болгох хүсэл нь “сэдэл” юм. Түүндээ хөтлөгдөн хулгайлах, булааж дээрэмдэх, зээлснээ өгөхгүй байх, хадгалуулсан зүйлийг нь өөрөө болоод бусдад өгч ашиглуулж хонжоо хайх, арга мэх луйвраар өөрийн болгох, бусдыг хулгай дээрэмд өдөөн хатгах, улс нийтийн өмчийг шамшигдуулах, өөрийн болгож ашиглах гэх мэт нь эс өгснийг авсан нүгэлд хамаарна. Энэ нь маш их нэхэлтэй. Эс өгснийг авсан үйлийн үр боловсорч цаг нь болохоор ямар нэг хэлбэрээр буцаж гарна. Эд малын гарлага гараад зогсохгүй, эрүүл мэнд эрхтэнд нөлөөлдөг. Гэнэтийн осолд орж, гар хуруугүй болох, дараа дараагийн үр удам нь хоосон ядуу явж зовох, үр хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй төрөх гэх мэт гайтай ч нийтэд хор уршиг ихтэй байдаг. Ган зуд нүүрлэж тариа ногооны ургац муудах, аадар бороо орох, хүчтэй салхи шуурга гарч гамшиг болох, хулгай дээрэм хийгээд хүн ба хүн бусын хорлолд өртөх, амь насаа алдах гэх мэт хор уршгийг “Бодь мөрийн зэрэг” сударт заасан нь бий. Монголчууд эртнээс “Хүний юм хүнд хоол болохгүй” гэж хулгайг цээрлэж ирсэн уламжлалтай.
Энэ мэтээр арван хар нүгэл үйлдэх “сэдэл”-ийг дарж, ямар хор уршиг гарахыг сайн ойлгож ухамсарлаж, ёс зүйд суралцаж дадсанаар “Арван цагаан буян”-ыг үйлдэнэ. Чухамдаа төгс жаргалын үндэс нь арван цагаан буян юм.
Бусдыг төөрөгдүүлэх зорилгоор худлаа ярих, эв эеийг эвдэхээр хов ярих, эвдрэлцүүлэхүйц чалчаа үг хэлэх, өс санах, үзэн ядах, атаа жөтөө хийх, хорлох сэтгэл агуулах зэрэг буруу үзэл нь ихээхэн уршигтай нүгэл гэдгийг манай зарим хүмүүс ойлгохгүй байна.
“Би” гэсэн үзэл нь давамгайлсан, эрх чөлөө ярьж, бусдын сайн явдлыг үгүйсгэн шүүмжилж гутаадаг, хилэнцэт муу үйлийг дэвэргэж баясдаг, алдаатай үзэл номлол баримталж дагаж буруудсан, ичгүүр сонжуураа гээж ямар гэм зэм учрахыг нь мэдэхгүй буруу үзэлд бүрэн автсан хүмүүс мэр сэр байна. Арван хар нүглийн хамгийн адгийнх нь буруу үзэл юм.
Нүгэлт муу үйлээс хүмүүсээ аврахын тулд бүх шашны сургууль, төрийн болон хувийн хэвшлийн бүх албан байгууллагад “Буян нүгэл”-ийн талаар урт богино хугацааны сургалтыг тогтмол явуулж хүн ардаа ёс суртахуунтай болгууштай. Хүн бүр “Арван цагаан буян” хураадаг болгочихвол манай улс Үндсэн хуулиндаа заасан хүмүүнлэг ардчилсан нийгмээ байгуулж чадна. Хөгжил дэвшилд хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ.
– Буддизмын үйлийн үр, ёс суртахууны сургаалууд хэнд ч хамааралтай. Үйлийн үрийн сургаалд ирээдүй өөрөөс чинь хамаарна гэдэг.Үүний тулд бид хичээх хэрэгтэй байх нь ээ.
-Тийм ээ, хүн бүр хичээх хэрэгтэй. Монголчуудын эртнээс өвлөгдөж ирсэн сайхан заншлууд алдагдан гээгдэж байна гэж харамсан ярьж байгаа олон хүн байна. Зөв буруу үйлийн үр боловсорч, тийм хэмжээний жаргал, зовлон урган гардаг. Зөв үйл хэдий өчүүхэн ч үр дүн нь жаргал байдаг. Урьд хийсэн буруу үйлээс л бүх зовлон урган гардаг. Энэ үйлийн үрийн сургаал нь манай хүмүүсийн ёс суртахуун, монголчуудын сайхан ёс заншлын уг сурвалж юм. Хуулиа олшруулж, хууль хүчний байгууллагаа бэхжүүлэхээс илүү хүмүүсээ ёс суртахуунтай болгоход илүү анхаарах нь чухал болоод байна л даа.
СЭТГЭЛ ЗАСАХ АРГЫН НЭГ БОЛ БЯСАЛГАЛ МӨН
-Ёс суртахуунтай нэгэн байхын тулд боловсролтой байх ёстой юу? Бурханы шашин бол мэдлэг боловсрол, ёс суртахуун хоёрыг зэрэгцүүлж явдаг гэдэг шүү дээ.
-Ёс суртахуунтай байхын тулд боловсролтой байх ёстой. Мунхагийн харанхуйд будилж явахгүйн тулд хүн үргэлж сурч боловсорч байх ёстой. “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэдэг цэцэн үг бий. Мэргэжил мэдлэг эзэмших, улмаар мэргэших явцдаа бурханы сайн номлолд суралцаж, ёс суртахуунаа төгөлдөржүүлж, нийгмийн сайн сайхнаас үлгэр дуурайлал авч хүнлэг байх нь чухал юм даа. Гадаад, дотоодод сурч өндөр боловсролтой гэх боловч ёс суртахуунгүй бол тэр гутамшиг.
-Ёс суртахуун, ёс зүй ялгаатай юу?
– Ялгаатай байлгүй яах вэ. Ёс суртахуунтай хүн ёс зүйтэй байдаг. Одоо ёс зүйн хороо, ёс зүйн алба гэх мэт байгууллагууд байна. Ёс суртахуунтай хүн энэ хороо буюу албаар орж арга хэмжээ авахуулахгүй л дээ. Ингэхээр хүмүүсээ ёс суртахуунтай болгочихвол энэ хороо алба хэрэггүй. Зөв ёс суртахуунд суралцчихвал бүгд л нийгмийн мөрдөх ёс журмаа баримтлаад явна.
-Ёс суртахуунтай хүмүүн гэж хэнийг хэлэх вэ? Энэ давуу тал мөн үү?
-Ёс суртахуунд суралцаж, сэтгэлийн гэм нь арилсан, нийтээр мөрдөх ёс журмыг баримтлан хэрэгжүүлэгч, үйл амьдралдаа арван цагаан буяныг дэлгэрүүлэгч хүнийг ёс суртахуунтай хүн гэж хэлнэ. Энэ маш том давуу тал. Одоо ажилгүйдэл их байгаа ч ажилдаа эзэн болох хүн нь цөөн байна шүү дээ. Монголчууд “Гар хөдөлбөл ам хөдөлнө” гэж хүүхдэдээ сурган хөдөлмөрлөж, үйлдвэрлэж ирсэн ард түмэн.
-Үнэндээ өнөөдөр Монголд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол ёс суртахуун болоод байх шиг санагддаг. Тэр тусмаа ковидын айдас хүйдэс жихүүцэл төрүүлж буй энэ цагт ёс суртахуун ямар байх ёстой юм бол оо?
– Одоо ёс суртахуунгүй хүн цөөнгүй байгаа болохоор гараа хөдөлгөхгүй бусдын бүтээснийг хүртэж суух хүсэлтэй хүн байсаар байна. Ёс суртахуунгүй, хариуцлага муутайгаас болоод ковид монголд өргөн тархлаа. Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс хамаг асуудал үүсч байна. “Муугийн уршиг олонд, Могойн цус тэнгэрт” гэдэг л болоод байна. Бусдад өвчин халдаахгүй, өвчилж эмчлүүлж бусдыг зовоохгүй байгаа нь арван цагаан буяныг дэлгэрүүлж байгаа юм л даа. Бүгдээрээ буянаа дэлгэрүүлцгээе гэж уриалмаар байна. Төр засгийн өндөр албан тушаалтнаас жирийн иргэд хүртэл бүх хүнийг ковидын хуулиа мөрдөж, өндөр ёс суртахуунтай байцгаахыг хүн ард маань хүсч байна даа.
-Дайн байлдаан, олныг хамарсан өвчин зовлонгийн үед ёс суртахуун доройтох тал байна уу?
-Хэцүү үед хүний санаа сэтгэл зовж, айж эмээх, бухимдах нь их болдог. Иймд хэн нэгнээс эсвэл төр засгаас бурууг хайж, уурлаж ундууцдаг. Энэ нь ёс суртахуун доройтох нэг сэдэл болж байна. Ёс суртахууны доройтлоос “Дайны хажуугаар дажин” гэдэг юм үүсдэг.
-Сэтгэлийг бурханы номоор засна гэдэг. Сэтгэл засах олон аргын нэг бясалгал уу?
-Сэтгэл засах аргын нэг бол бясалгал мөн. Бясалгал хийж сэтгэлээ номхотгож чадсан хүний бие сэтгэл амгалан байдаг. Иймд хүн бүр бясалгалд шамдах хэрэгтэй. Бурханд залбирч, ном сонсож, олон тоогоор тарни тоолж, бясалгал хийж буй хүн нигүүлсэнгүй сэтгэлтэй болж, сэтгэлийн гэмээ арилгадаг.
-Сэтгэлийн үйл, оюуны бяр чадамжийг зөв залах ямар “жор” байна вэ?
-Манай монголчууд “Эрдэмт хүн даруу, Их мөрөн дөлгөөн” гэж цэцэлсэн нь бий. Энэ маш гүн утга агуулгатай. Оюуны бяр чадамжийг үүгээр илэрхийлжээ. Сэтгэлээр үйлдэх гурван муу үйлийг хорих замаар явж, эрдэмд шамдах нь оюун сэтгэхүйгээ бяртай болгох “жор” тэр болно.
-Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
Тод индэр
Б.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тус төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.
-Монгол Улсад анх удаа хот доторх Туулын хурдны замын хэмжээний томоохон авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Аливаа ажлын эхлэх хүртэлх зам хамгийн урт гэдэг. Туулын хурдны замыг барьснаар яг ямар үр дүн гарах юм бэ?
-Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулж, Хонгконгийн ““ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээний хэлэлцээрт ороход бэлэн болоод байна. Ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын эхээр авто замын ажлыг эхлүүлнэ. Туулын хурдны замын тендер сонгон шалгаруулалтыг 2025 оны нэгдүгээр сард зарлаж, ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, замын трассын бодит судалгаа, олон улсын туршлага судлах, газар чөлөөлөх зэргээр бэлтгэл ажлууд хийгдэж ирлээ. Нийслэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, хотод хамгийн их тулгамдаад байгаа түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүч зэрэг асуудлыг шийдвэрлэхээр 24 мега төслийг гараанаас гаргаж байгаагийн нэг нь Туулын хурдны зам. Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай хамтаар баригдсанаар түгжрэлд хамгийн өндөр үр дүнгээ үзүүлж, нийтдээ 40 гаруй хувиар түгжрэлийг бууруулна. Энэ бол маш том үр дүн гэж үзэж, хүлээлт өндөр байна.
-Туулын хурдын замын техникийн үзүүлэлтээс товч дурдвал?
-Үндсэн авто замын урт 32 км, үндсэн авто замын эгнээ 6, хоёр түвшний огтлолцол бүхий гарц уулзварыг 7 байршилд шийднэ. Хоорондын зай нь 3-7 км байна. Үндсэн авто замаас гадна холбоос замуудыг барина гэсэн үг. Нийт 9.8 км урт гүүрэн байгууламж, 4 байрлалд туннель барина. Авто замаар дамжих тооцоот хурдыг 80-100 км/цаг гэж тооцоолж байна. Туулын хурдны зам дангаараа замын хөдөлгөөний дундаж хурдыг 13.5 хувиар нэмэгдүүлнэ.
-Байршлын хувьд яг хаанаас хаа хүртэл гэж төсөөлөх вэ?
-Ерөөсөө л хотын зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээ дагаж 32 км тасралтгүй үргэлжилнэ. Дундуур нь 7 орц гарцтай. Олон улсын экспресс зам байдлаар гэрлэн дохиогүй үргэлжилнэ гэж тооцоолж байгаа. Хурдны зам дундуур орц гарцыг шийдэж өгснөөр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүр зэргээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаад зогсохгүй одоогийн асуудал болоод байгаа Нисэх, Яармагийн түгжрэлийг арилгана гэж тооцож байна.
-Туулын хурдны замыг хэдий хугацаанд барих вэ. Нэгэнт бариад эхлэх нь тодорхой болсон учраас санхүүжилтийн хувьд л асуудал үүсэхгүй бол барьчих боломжтой санагдаж байна?
-Туулын хурдны замыг богино хугацаанд өндөр үр дүнтэй барьж байж л түгжрэлийг бууруулна. Энэ хүрээндээ бид Улаанбаатар хотын хэмжээнд 2024 онд өмнөх 10 жилийн хугацаанд баригдсан авто замуудаас ч урт авто замыг шинэчилсэн. 2025 онд ч хурдны замтай, олон түвшний огтлолцлол замтай болохын тулд нэгдүгээр түвшний авто замуудын шинэчлэл үргэлжлээд явж байна. Санхүүжилтийн тал дээр барилгын ажил нийт 2.3 наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Нийт өртөгт үндсэн авто зам, гүүр туннель, шугам сүлжээний ажил болон бусад ажлууд багтана. Энэ онд 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Гүйцэтгэгчээ шалгаруулчихлаа. Ажил явуулахад асуудал байхгүй. 2028 оны наймдугаар сард Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн.
-Туулын хурдны замын барилгын ажлыг гүйцэтгэх Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК-ийн талаар хүмүүс их сонирхож байгаа байх. Хэр туршлагатай компани юм бэ?
-Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 4 компаниас шалгарсан нь “ХаоЮань групп” ХХК. Энэ компани нь 2008 онд Хонгконгт бүртгэгдсэн. Инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам гээд олон салбарт бүтээн байгуулалт хийдэг туршлагатай. Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн болон хурдны замын төслүүд хэрэгжүүлж байсан. Хүлээлгэж өгсөн төслүүдээс нь дурдвал, Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл, Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл, Сербийн 253 км хурдны зам болон E763 хурдны зам, Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл, Казахстан Кама хурдны замын төсөл, Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл, Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл, Малайз улсад байгаль орчныг хамгаалах технологи бүхий аюултай хог хаягдлыг боловсруулах иж бүрэн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байсан. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Дотоод, гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд жилд 2 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Туулын хурдны замыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх бүрэн бололцоотой компани гэж үзэж, шалгуур үзүүлэлтүүдтийг хангасан учраас сонгосон.
-Хотоо тойроод 32 км урт үргэлжлэх хурдны замтай болчихвол мэдээж хэнд ч таатай, жинхэнэ бүтээн байгуулалт болно гэж бодож байна?
-Тэгэлгүй яах вэ. Туулын хурдны замаар түгжрэлийг бууруулаад зогсохгүй шүү дээ. Цаашид энэ хэмжээний бүтээн байгуулалтыг улс орондоо хийж чадах юм байна гэсэн урам зориг ч болно. Тиймээс нийслэлийн удирдлага, баг, хамт олон хичээж ажиллаж, төслөө амжилттай хэрэгжүүлнэ. Туулын хурдны зам түгжрэлийг бууруулахаас гадна эдийн засгийн хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх, түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийг нөхөх, эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөөтэй. Жишээлбэл, Улаанбаатар хотын иргэд цаг хугацаа, ажиллах боломж, түлш зэргээ түгжрэлд зарцуулдаг учраас нэг цагт 6500 төгрөг, жилд 3 их наяд төгрөгийг түгжрэлээс болж алддаг байна. Туулын хурдны зам төслөөр энэ алдагдсан боломжийн өртгийг нөхнө. Ингэснээр иргэдийн амьдралын чанар сайжирна. Гол нь стрессгүй амьдарна. “20 минутын хот” төлөвлөлтийг дэмжинэ. Азийн авто замын сүлжээний хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болсноор хотын төвийн агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулна. Олон талын ач холбогдолтой төсөл бол Туулын хурдны зам юм.
Тод индэр
"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
Монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг хөхиүлэн дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Монгол дархан: өв, урлахуй” тусгай үзэсгэлэ2025 оны долоодугаар сарын 04-ний өдөр Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан дэлгэж байгаа онцлогтой.
“Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор болж буй тус үзэсгэлэнд Монгол, Буриадын 60 уран бүтээлч, дархан 138 бүтээлээр үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Ийнхүү ардын, шашны, чимэглэлийн урлал болон чөлөөт уран бүтээл зэрэг дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.
Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлч:
- Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” ТББ;
- “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан;
- Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ;
- “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл тус тус шилдгийн шилдгээр шалгарлаа.
Уран бүтээлч Д.Энхдаваа “Би уг үзэсгэлэнд дөрвөн бүтээл дэлгэснээс “Хас Эрдэнэ” гэх бүтээлээрээ шилдэг уран бүтээлч шагналыг хүртлээ. Ган сийлбэрээр урласан уг бүтээлээ орчин цагийн хийцээр алмас эрдэнийн 15 шигтгээ шигтгэн хийсэн. Очир алмас нь тухайн айл гэр, хувь хүний эд хөрөнгийг хамгаалахаас гадна өнө мөнх, өргөн дэлгэр байхыг бэлгэддэг. Мөн хэт хутга нь монгол эр хүний гоёлын нэгэн чухал зүйл бөгөөд үе удамдаа өвлүүлэн үлдээдэг гэдгээрээ эрхэм ач холбогдолтой” хэмээв.
Уран бүтээлч Г.Эвсанаа “Уг үзэсгэлэнд хоёр дахь жилдээ уран бүтээлээ дэлгэж байна. Утсан сүлжмэл, хөөмөл хоёрыг хослуулан XIII-XV зууны үеийн хатдын эдэлж хэрэглэж байсан зүйлсээс санаа аван “Хатан эмээл” хэмээх бүтээлээ туурвисан” гэлээ.
Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд долоодугаар сарын 4-20-ны өдрүүдэд дэлгэнэ.
Тод индэр
П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан
Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс хуулийн төслийг боловсруулах явцын талаар тодрууллаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй гол зорилго нь юу вэ?
-Хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр Нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээг өсгөж байна. Гэвч үүнийг дагаад цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерээс унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гэмтэлд өртөх, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхэд нөлөөлөх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал ихсэж байна.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 700-800 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Үүний хажуугаар шинэ тутам гарч ирж буй цахилгаан тээврийн хэрэгслүүд ямар ч зохицуулалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд зайлшгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
-Уг хуулийн төслийг боловсруулахад бусад улсын туршлагыг судалсан уу?
-Манай ажлын хэсэг өнгөрсөн сард Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, туршлага судлаад ирсэн. Тус улсын байгаль цаг уурын онцлог, түгжрэл, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ зэрэг нь манай улстай төстэй юм билээ. Түүнчлэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуйг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа 2023 оны 06 дугаар сард өөрчлөлт оруулж, баталсан гэдгээрээ онцлогтой. Тус хуулиар цахилгаан скүүтер, жижиг цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Манай ажлын хэсэг хуулийг боловсруулж батлуулсан салбарын яам тамгын газар, энэ чиглэлд бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ Астана, Алматы гэх томоохон хотуудад ажилласан. Алматы хотын тухайд авто замын нэгдүгээр эгнээг цахилгаан дугуй, скүүтер, мопедын зам болгож, тусгайлсан гэрлэн дохиотой болгож өгсөн нь сайн шийдэл байсан.
Казахстан улс цахилгаан скүүтерийг 25 км/цагаас хэтрэхгүй, зөвхөн 1 хүн унахад зориулагдсан, суудалгүй, 2 эсвэл 3 дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхой дурдсан байна билээ. Харин бидний хувьд тус улсын туршлагыг үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх гээд зорьж байна.
-Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтийн талаар танилцуулахгүй юу?
-Товчхондоо цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.
-Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Бид стандартаа баталчихвал мөрдөөд байж чадна гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Одоо скүүтер түрээсийн бизнес эрхлэгчидтэй төрийн байгууллагуудын харилцаа нь албан бичиг солилцох хэлбэрээр өрнөж байна. Албан бичиг өгсөн гээд хариуцлага шаардах хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй учраас хэн ч мөрдөж дагахгүй. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албаныхан скүүтер унасан иргэн гэдэг зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан.
-Хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын 100 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгасан. Манай ажлын хэсэг тус хуулийн төслийг өнгөрсөн оны 09 дүгээр сараас хойш боловсруулж, үндсэндээ Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагааны хугацаанд төвлөрч ажилласан. Үүний дүнд хуулийн төслийг 2025 оны 03 дугаар сарын 23-нд Улсын Их Хурлын Тамгын газрын d.parliament.mn/ сайтад байршуулж, https://d.parliament.mn/tusul/c618cdf9-42ec-4c4d-875c-8c3e79b93795 олон нийтээс санал авч, /2025.04.15/-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал авахаар хүргүүлсэн.
Засгийн газрын ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгаж эцэслэхээр бэлтгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна.