Тод мэдээ
БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

БНСУ-ын Тэгү хотноо тавдугаар сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Галын болон аюулгүй байдлын олон улсын үзэсгэлэн”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.
Тус үзэсгэлэнд 40 орны 389 компани оролцож, 1397 үзэсгэлэнгийн талбайд сүүлийн үеийн техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг боловсронгуй болгох олон улсын туршлага, шийдлийг хуваалцсан юм.
Үзэсгэлэнгийн үеэр Онцгой байдлын ерөнхий газар болон БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газар хооронд “Гамшгийн хариу арга хэмжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан онцлог үйл явдал боллоо.
Мөн төлөөлөгчид үзэсгэлэнгийн хүрээнд Сөүл хотын Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн төв, Гёнги мужийн Галын албаны академи, Иргэдэд зориулсан аюулгүй байдлын сургалт, арга зүйн төв, Үндэсний аврах алба зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон юм.
Түүнчлэн БНСУ-ын Галын хүрээлэнгээс зохион байгуулсан олон улсын семинарт оролцож, оролцогч олон улс орон, байгууллага, компаниуд сүүлийн үеийн судалгаа, технологийн шийдэл, шинэ хандлагыг танилцуулсан нь гамшгаас хамгаалах салбарт шинэлэг санаа, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн чухал уулзалт болсныг ОБЕГ-аас онцолж байна.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийсэн.
Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав.
Түүнчлэн дараах гурван чиглэлд өдөр бүр шөнийн тээвэр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна.
- ШҮ:1 "5 шар-Офицеруудын ордон"
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай”
Тод мэдээ
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал солилцлоо.
Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэд хэдэн саналыг тавьсан. Тодруулбал ажлын байр санал болгох, 1 удаагийн нөхөх олговор олгох, лангуу түрээслэх асуудлыг шийдвэрлэх зэрэг санал тавьсан байна.
Тод мэдээ
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 6-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хонины махыг гулуузаар 1 кг нь 10,000 төгрөг, үхрийн махыг 13,000 төгрөгөөр тус тус борлуулна.
Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүр, 40 байршилд хямдралтай үнээр худалдаагаар борлуулж буй.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна.
-
Тод мэдээ2021/03/18
Д.Сумъяабазар: Төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна
-
Өнөөдөр2024/06/14
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Тод индэр2021/04/26
Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Ми...
-
Тод мэдээ2020/11/17
Сайн дурын шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авна