Дэлхий нийтээр..
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх холбогдох байгууллагын удирдлагын мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хэлэлцэх эхний асуудлыг Монгол шуудан ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр танилцуулсан. Тэрбээр, Монгол шуудан ХК нь 2016 оноос Төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болон ажиллаж байна. Тус компани 375 салбар нэгж, 1100 ажилтан, 210 тээврийн хэрэгсэлтэйгээр жилдээ 2,5 сая шууданг хүлээн авах, тээвэрлэх, ялган боловсруулах, хүлээлгэж өгөх үйл ажиллагааг явуулж байна гээд 2014-2024 оны орлого, ашгийн үзүүлэлт, хөрөнгийг танилцуулсан. Тухайлбал, 2014 онд 10,9 тэрбумын орлоготой байсан бол 2024 онд 23,6 тэрбум төгрөг болон өсчээ. Харин 2016 оноос өнөөдрийн хүртэл 2,5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараасан бөгөөд алслагдсан байдал, зах зээлийн багтаамжаас шалтгаалан орон нутагт 1,5-2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг ч өөрсдийн нөөц бололцоогоор нөхдөг гэв. Мөн тэрбээр, дэлхийн шуудангийн 192 байгууллагаас 89 дугаарт ордог гээд компанийн 2025 оны үндсэн зорилт, 2025-2028 оны эдийн засгийн төсөөлөл зэргээ танилцуулсан юм.
Тухайлбал, 2025 онд хүчин чадал, бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд цахим шилжилт, инновац нэвтрүүлэх, бизнесээ өргөжүүлэх зэргээр ажиллаж байна. Харин компанийн дунд хугацааны стратегийг тодорхойлохдоо нэгд, төрийн цахим үйлчилгээний хүргэлтийн үндсэн сүлжээ байх, хоёрт, хүргэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч сүлжээ болох, гуравт, орон даяар шуудан-логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дөрөвт, бүс нутгийн хил дамнасан цахим худалдааны транзит тээвэрлэгч болохоор тусгасан хэмээн танилцуулаад дээрх стратегийн зорилтыг хэрэгжүүлсэнээр орон нутгийн жижиглэн худалдааны шуудан тээврийн хүргэлтийн хурдыг 5 дахин нэмэгдүүлж, Улаанбаатар хотын замын ачааллыг 10 хувиар бууруулж, төр, хувийн хэвшлийн байгууллагын цахим үйлчилгээг сумын түвшинд хамгийн бага зардлаар хүргэх, орон нутгийн иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний өртгийг бууруулах, дамжин өнгөрөх транзит шуудангийн сүлжээ бэхжүүлэх, хот хөдөөгийн бараа бүтээгдэхүний үнийн ялгааг ойртуулах зэрэг дэвшил гарахаар төлөвлөж буй зэрэг үйл ажиллагаагаа танилцуулав.
Мөн хуралдаанд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо болон “Монгол инфинити шуудан”, “Түгээмэл шуурхай шуудан”, “Юбикаб экспресс” зэрэг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж, Монгол шуудангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлээд орон нутгийн 21 аймгийн сонины эрхлэгчид, сонин уншигчдад цаг хугацаандаа хүрэхгүй байгаа талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу хөдөө орон нутгаар явж үзэхэд сумын шууданч гэж байхгүй болсон. Харин хувийн таксины жолооч нар иргэдийн бичиг хэрэг, илгээмжийг ямар ч баталгаагүй зөөж байна. Тиймээс холбогдох дээд байгууллагуудад хандсан гэв. “Монгол инфинити шуудан” компанийн захирал Ф.Ганбаатар, шуудангийн салбарт бодлогын баримт бичиг тодорхойгүй учраас мухардмал байдалд орохоос гадна өнөө цагийн шаардлагад нийцэхгүй байна гээд шуудангийн бизнесийг шударга хүртээмжтэй байх талаар саналаа илэрхийлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Анар, Монгол шуудан хувьцаат компани дэлхийн жишигтэй харьцуулахад хөгжлийн өсөлт байхгүй, монополь байдалтай ажиллаж байна. Энэ салбарыг либералчлах талаар ямар бодлого баримтлаж ажиллах талаар асуухад ажлын хэсгээс хариулахдаа, 2025 оны 1 улирлын байдлаар Харилцаа, холбооны зохицуулах хорооноос шуудангийн сүлжээ, үйчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 93 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагаас 62 нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс шуудангийн тусгай зөвшөөрлийг 4 хуулийн этгээд эзэмшдэг. Шуудангийн тухай хуулийн 3.1.12-д заасны дагуу Монгол шуудан хувьцаат компани бүх нийтийн үүргийн хэрэгжүүлэгч, үндсэн сүлжээний оператор гэж тодорхойлсон гэж ажлын хэсгээс хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Ундрам, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, П. Мөнхтулга нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол шуудангийн үйлчилгээ хоцрогдож, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон учраас хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг зайлшгүй шийдэх нь зүйтэй. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувиараа хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч иргэдийн эрх ашгийг хааж боох бус дэмжих, шуудан хүргэлтийн үйлчилгээнд том саад болж буй хаягжилтийн системийг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх, олон улсын шуудангийн тогтолцоог нэвтрүүлэх зэргээр саналаа илэрхийлсэн юм.
Мөн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангахад шуудангийн үйлчилгээг сайжруулах боломж, цахим худалдааны хүргэлтийн үйлчилгээний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах талаарх бодлого, төрийн өмчийн оролцооны 66 хувийг бууруулах эсэх талаар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны хуралдаан Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмын биелэлтийг хянан шалгах, шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтыг сайжруулах талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/01/27
БНФУ-аас эмчилгээний тоног төхөөрөмжийг тусламжаар олгоно
-
Дэлхий нийтээр..2025/11/04
ТОДРУУЛГА: “COP17” бага хурлын дэд бүтэц, гадна инженерийн шугам сүлжээний а...
-
Үйл явдал2021/03/20
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хөл хориог цуцаллаа
-
Дэлхий нийтээр..2021/11/18
Хүүхдийн төв сувилалд нэн шаардлагатай байгаа “Автоклав” төслийг дэм...
