Тод мэдээ
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, “Хотула” аппликейшний хэрэглээний талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.3 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж буй. Үүний 13 байршилд хийгдэх ажлын зураг төслийг боловсруулж байна. Мөн Хот байгуулалт, хотын стандартын газраас авто зогсоол байгуулах 40 байршлын жагсаалтыг гаргаж, загвар зураг боловсруулжээ. Эдгээр 40 байршлаас 30 байршилд нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахаар бэлтгэл хангаж байна.

Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 75.17 км урт дугуйн болон явган хүний замын барина. 2026 онд эхний ээлжийн 12.9 км дугуйн зам, 555 метр явган хүний гүүрэн гарцыг барихаар зураг төслийг боловсруулж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 750 төсөл, арга хэмжээг төлөвлөснөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 86-100 хувьтай хэрэгжиж байна. Мөн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6889.8 тонн давс, 7127.6 тонн бодис, 1003.4 метр куб дайргын үлдэгдэлтэй байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2025 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлэх,
- Түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд түлшийг хүртээмжтэй байдлаар олгох ажлуудыг шуурхай зохион байгуулах,
- Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад хяналт тавих зэрэг үүрэг өглөө.
Тод мэдээ
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Тод мэдээ
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Тод мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.
