Дэлхий нийтээр..
Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 км урт Туулын хурдны замыг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” компани ажиллаж байна. Тус төслийн үндсэн кемпийн барилга угсралтын ажил болон бүтээн байгуулалтын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар өнөөдөр танилцаж, байршил дээр нь ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Үндсэн кемп буюу нийт ажилчдын байрлах байр, оффисын барилга болон дам нуруу угсрах үйлдвэр баригдаад явж байна. Кемпийн барилгыг сэндвичээр 10 мянган ам.метр талбайд барина. Өнөөдрийн байдлаар 4500 ам.метр бетонон суурь цутгалтыг хийж дууссан. Бүх дам нуруу цутгах талбайг тэгшлээд бэлтгэсэн. 2000 ам.метр талбайн цутгалтыг маргааш дуусгана. Ингэснээр кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувьтай явж байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан “Ажил гүйцэтгэхийн тулд тэгшилж, дайргаар хучсан түр зам буюу технологийн замыг 32 км урт барина. Өнөөдрийн байдлаар 17 км замыг барьж дууссан. Гол дээгүүрх гүүрэн байгууламжийн суурийн ажил, дам нуруу угсрах, тээвэрлэхэд уг түр замыг ашиглана.

Гүйцэтгэгч компаниас талбай дээр 120 инженер, техникийн ажилтан ажиллаж байгааг онцоллоо. Түр байгууламжийг барьснаар өвлийн саруудад гүүрэн байгууламжийн дам нуруу цутгалтыг дуусгаж, ирэх гуравдугаар сараас үндсэн барилга угсралтын ажлыг эхлүүлэх аж. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын хүрээнд 9.8 км урт гүүрэн байгууламж барих бөгөөд хамгийн урт гүүрэн байгууламж нь Яармагийн гүүрнээс Маршаллын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн урдуур 7.2 км үргэлжилнэ. Гүүрэн байгууламжуудын өндөр 14-21 метр байна. Харин Яармагийн гүүр давах хэсэгт ган хийцлэлтэй 65 орчим метр урт дам нурууг суурилуулахаар төлөвлөжээ.






Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2023/05/03
Б.Сүхбаатар: Албан тушаалаа урвуулан ашигласан нэр бүхий гаалийн байцаагч нарын ...
-
Дэлхий нийтээр..2024/06/15
МАН-аас СХД-т нэр дэвшигчид Жаргалант тосгоны иргэдтэй уулзлаа
-
Үйл явдал2021/09/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2021/11/12
Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөний нөхөн олголтыг энэ сард өгнө
