Дэлхий нийтээр..
ЭЗБХ: Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэв
Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг бүрэн сэргэсэн хэдий ч гадаад орчны нөхцөл тодорхойгүй байгааг тодотгов. Тиймээс 2024 оны эдийн засгийн гүйцэтгэлийг цаашид тогтвортой хадгалах нь маш том сорилт болох төлөвтэй байгааг дурдаад энэ нөхцөл байдалтай уялдуулан Төв банк дотоод эдийн засагт бодлогын тохируулга хийж байгаа гэв.
Манай улсын эдийн засаг 2023-2024 онд зудын хүндрэлтэй нүүр тулж, хөдөө аж ахуйн салбар хоёр жил дараалан агшсан. Үүнээс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурах, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл үүссэн байна. Энэхүү хүндрэлийг зөөлрүүлэх, малчдын төлбөрийн чадварын эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк 2024 онд бодлогын хүүг үе шаттайгаар бууруулж 10 хувьд хүргэжээ. Түүнчлэн, эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого үр дүнгээ өгч, инфляц 2024 оны туршид Төв банкны зорилтот интервалд хадгалагдсан нь эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн гэв. Гадаад эрэлтийн таатай нөхцөл байдал үргэлжилж, экспортын орлого нэмэгдэж байсан таатай боломжийг ашиглан гадаад валютын улсын нөөцийг 2024 онд түүхэн дээд хэмжээнд буюу 5.5 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа. Цаашлаад, Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний ашиглалтын үлдэгдлийг 2 дахин бууруулж, гадаад өрийн дарамтыг багасгасан гэв. Эдийн засаг тогтворжиж, гадаад төлбөрийн чадвар сайжран, инфляц зорилтот түвшинд хүрч буурсныг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд эергээр үнэлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэн нэг шат ахиулжээ. Ингэснээр Засгийн газар болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс таатай нөхцлөөр өртөг багатай санхүүжилт татах боломж бүрдэж байгаа аж.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, банкуудын засаглалыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк банкны хяналт шалгалтын бодлого, зохицуулалтыг орчныг тасралтгүй сайжруулан ажиллаж байнгаа аж. Үүний үр дүнд банкны салбарын актив хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 25.1 хувиар буюу 14.3 их наяд төгрөгөөр өсөж 71.4 их наяд төгрөгт хүрсэн. Чанаргүй зээлийн хувь хэмжээ 4.4 хувьд буюу 2015 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ.
Монголбанк цахим төлбөр тооцооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулсан. Үүний нэг жишээ нь олон улсын стандарт, шаардлагыг хангасан Apple Pay үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, Монгол Улсын цахим төлбөрийн экосистемийг шинэ түвшинд хүргэх эхлэлийг тавьсан байна. Түүнчлэн зээлийн мэдээллийн шинэчилсэн стандарт, зээлийн онооны тогтолцоог нэвтрүүлэх чиглэлд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллаж, FICO зээлийн онооны системийг Монголд анх удаа нэвтрүүлжээ. Ингэснээр зээлийн эрсдэлийн зардлыг хавтгайруулан зээлийн хүүнд шингээдэг бус зээлдэгч бүрийн онооноос хамаарч, зээлийн хүү ялгаатай тогтдог шинэ тогтолцоонд шилжих ажлыг Монголбанкнаас дэмжин эхлүүлсэн гэв. Цаашид эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк бодлого, үйл ажиллагаагаа тууштай чиглүүлэн ажиллахаа танилцуулгынхаа төгсгөлд хэлсэн. Үйл ажиллагааны тайлангийн хамт санхүүгийн тайлангаа танилцуулсан. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн эцсийн санхүүгийн тайланг олон улсын аудитын P&C компани баталгаажуулсан бөгөөд алдагдлыг 300 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг тус зөвлөлийн дарга Н.Ууганбаатар танилцуулсан. Олон улсын аудитын P&C компани Монголбанкны жилийн санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Хяналтын зөвлөлөөс хараат бус аудитор болон Монголбанкны удирдлагатай тус дүгнэлтийн талаар уулзжээ. Хязгаарлалттай дүгнэлт өгсөн шалтгаан нь 2018 онд Монголбанкны хөндлөнгийн үнэлгээ хийлгэж Эрдэнэсийн санд хөрөнгөөр бүртгэсэн 1925 оны зэс, мөнгөн зоостой холбоотой гэв. Хөндлөнгийн аудитын байгууллага эдгээр зоосыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэх эсэх дээр хангалттай нотолгоо олж чадаагүй, дээрээс нь үнэлгээ нь бодит үнэ цэнээр бус гэсэн шалтгаанаар 2018 оноос хойш “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөөр ирсэн болохыг тайлбарлав. Хяналтын зөвлөлөөс Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанкны удирдлагад тус тус хүргүүлэх санал, зөвлөмж гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Дээрх тайлангийн танилцуулга, зөвлөмжтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Р.Сэддорж нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах нь нэн чухал бөгөөд Улсын Их Хурал холбогдолтой аливаа шийдвэр гаргахдаа бие даасан байдалд нь халдахгүй байхдаа анхаарах нь зүйтэй хэмээн гишүүд хэлж байв. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хязгаарлалтыг үе шаттай хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хадгаламжийг эргэлтэд оруулах оновчтой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн санг хянан шалгах ажлын хэсэг байгуулах зэрэг саналыг хэлж байв.
Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, тус банкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг сонссонтой холбогдуулан Ирээдүйн өв сангийн валют болон тус банкны Төрийн сангийн дансан дахь хуримтлал, Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, гүйцэтгэл болон Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах саналыг Р.Сэддорж дарга танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн тус саналыг гаргасан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Жаргалан, П.Батчимэг, М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин нар ажиллахаар боллоо. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн гаргасан саналын дагуу ипотекийн зээлийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/08/25
Улсын аварга малчид харилцан туршлага солилцов
-
Үйл явдал2019/12/20
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхэллээ
-
Дэлхий нийтээр..2025/08/15
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
-
Дэлхий нийтээр..2026/06/03
АНУ-д ажлын байрны зар нэмэгдсэн ч ажилд авах идэвх сулрав
