Тод мэдээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт 647 хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 647, гэрээр 1093, эдгэрсэн 3333, Хавьтал 36307, нас баралт 2 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тод мэдээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дахь удаагийн бага хурал Шангри-Ла зочид буудалд болж байна.
“Прокурорын үүрэг, оролцооны хувьсал: Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвийн дор болж буй хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.
Тэр бээр, цахим орчин, кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын хил хязгаараас үл хамаарч прокурорын байгууллагуудын өмнө урьд хожид байгаагүй шинэ сорилт бий болгож байгааг тэмдэглэлээ.
Иймээс хамтын хүчин чармайлт, цогц шийдэл, харилцан уялдаатай бодлого чухал гэдгийг онцолж, прокурорын байгууллагууд цаашид хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс ардчилал, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлсийг тууштай хамгаалж, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бататгах, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын гэрээ, конвенцыг нэг мөр хэрэгжүүлэх, улс орны сайн жишгийг нутагшуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгааг хэллээ.
Бага хурлаар “Олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсал, чиг хандлага”, “Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Технологийн дэвшил, инновацыг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь”, “Хүн худалдаалах гэмт хэрэг: Бүс нутгийн чиг хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа” сэдвийг хэлэлцэх юм.
25 улсын 100 орчим төлөөлөгч оролцож буй хурлыг Олон улсын прокуроруудын холбоо, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар хамтран зохион байгуулж байна.
1995 онд байгуулагдсан Олон улсын прокуроруудын холбоо нь дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн байгууллага бөгөөд 177 орны 183 гишүүн байгууллага, 1,900 орчим бие даасан гишүүнтэй юм
Тод мэдээ
Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 5 жилийн дараа дахин аялж эхэллээ
Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23 дугаар галт тэрэг цар тахлаас хойш таван жилийн хугацаанд зогссоны дараа 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдөр анхны аяллаа хийлээ.
Бээжин-Улаанбаатарын анхны галт тэргийг анх 1975 онд аялуулж байсан. 1975-1985 оны хооронд Бээжин-Улаанбаатарын галт тэргийг Бээжин-Москва чиглэлийн гал тэргэнд холбож явуулдаг байсан бол 1985 оны тавдугаар сараас эхлэн тусдаа бие даасан галт тэрэг болгон аялуулж эхэлсэн. Үүнээс хойш Монгол Улс, БНХАУ хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсоор ирсэн юм.
Цаашид энэхүү 23 дугаар галт тэрэг долоо хоног бүрийн мягмар гарагт Бээжин хотоос хөдөлж Улаанбаатарт лхагва гарагийн 14:35 цагт ирэх бол тус чиглэлийн 24 дүгээр галт тэрэг пүрэв гарагийн 07:18 цагт хөдөлж, баасан гарагийн 14:35 цагт Бээжин хотноо хүрнэ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн 09-ний гурван хөх мэнгэтэй хөх луу өдрийн морин цагт /2025.06.04/ Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт ууланд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Их хар сүлдийг Агуйт уулын оргилд, өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.
Тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.
Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд тайлга нь цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хавыг илтгэн харуулж буй хүндэтгэл юм.
Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн газар юм.
-
Чөлөөт бүс2022/02/08
“Бар жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа
-
Тод индэр2022/05/19
Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэ...
-
Тод мэдээ2020/01/30
ЗАСГИЙН ГАЗАР: Цэцэрлэг болон ЕБС-ийн хичээлийг телевизээр заана
-
Өнөөдөр2023/03/10
Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна