Хэн юу хэлэв...
Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой
АТГ-ыг зөвхөн хүн барьж хорьдог, мөрддөг, шалгадаг байгууллага гэх ойлголт түгээмэл ажээ. Нийгмийн оюунлаг хэсэг хүртэл ийм өрөөсгөл ойлголт, өнгөц бодолтой байдгийг өдөр тутам тааралдах мэдээллийн урсгалаас төвөггүйхэн харж болохоор байна. Тэгвэл авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах нь АТГ-ын хуулиар хүлээсэн үндсэн 3 чиг үүргийн нэг нь л юм. Цаана нь өөр хоёр том чиг үүрэг бий. Энэ бол авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах ажил юм. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байдаг. Яагаад мөрдөн шалгах ажил биш урьдчилан сэргийлэх ажил нь чухал юм бэ гэж уншигч Та асууж магадгүй. Тэгвэл би Танд зөрүүлээд нэг асуулт тавья.
Хувь хүн дээр авч үзэхэд өвчин туссаны дараа эмчлүүлэх нь чухал уу, харин өвчин тусахгүйн тулд урьдчилан сэргийлэх нь илүү чухал уу? Бас дахиад нэг асуулт тавья. Гал гарсны дараа гал аюултай гэдгийг ойлгох нь чухал уу, аль эсвэл гал аюултай гэдгийг мэдэх учраас гал гаргахгүй байхад анхаарах нь илүү чухал уу? Маш энгийн ухамсрын түвшинд тавигдах дээрх хоёр асуултын хариултаар авлигаас урьдчилан сэргийлэх ба соён гэгээрүүлэх ажлын ач холбогдлыг тодорхойлж болох юм.
Та өвчин тусахгүйн тулд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, галын болзошгүй осол, гамшгаас сэрэмжилж аюулгүй ажиллагааны дүрэм баримталдагтай яг ижил. Авлига нь нийгмийн хорт хавдар гэдгийг өнөөдөр иргэн бүр мэдэх болсон. Тиймээс хэн нэг албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдэхийг нь хүлээн сууж, үйлдсэнийх нь дараа барьж хориод шийтгэхээс илүүтэй тэднийг гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын гол чиглэл байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нэг хүнийг шийтгэх, гэмт хэрэг үйлдэх эрсдэл бүхий 1000 хүнийг эрсдэлээс хамгаалахын аль нь илүү далайцтай вэ гэдэгт уншигч Та бас хариулт болгооно биз ээ.
Энэ үүднээс авлигатай тэмцэж амжилтад хүрсэн улс орнууд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх үйлсээ болгон, иргэдийнхээ тархи толгой, оюун санаа руу нь бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлсэн байдаг. Монголын АТГ ч мөн энэ зорилт, чиглэлийг баримтлан ажиллаж байгаа. Гэхдээ тэдний хувьд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн буруу зөрүү ойлголт, дутуу хагас дэмжлэг дор хүнд бэрх зам туулан хэрэгжүүлж байгаа.
АТГ-аас соён гэгээрүүлэх ажлын хүрээнд оюутнуудад лекц уншуулах арга хэмжээг түүхэндээ анх удаа зохион байгууллаа. Энэ удаад сургуулиа төгсөн амьдралд хөл тавихаар бэлтгэж буй 3000 залуусыг UB Palace концертийн их танхимд урин цуглуулжээ. АТГ-ын комиссарууд оюутнуудад лекц уншсан эрхэм хүмүүсээ “Үзэл санааны удирдагч” хэмээн нэрийдсэн бөгөөд Үзэл санааны удирдагчдаар лекц уншуулах ажлыг хойшдоо ч уламжлал болгон хийхээр төлөвлөж байгаа юм байна. Анхны удаагийн лекцийг “Үнэт зүйлийн боловсрол” ерөнхий сэдвийн хүрээнд хийв. АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням арга хэмжээний зорилгыг товчоор илэрхийлэхдээ “Зөв амьдралын үнэт зүйлсийг мэдэрч, хүсэл тэмүүллээ шударгаар залж өөрийгөө хөгжүүлэн, шударга зан үйлийг өөртөө төлөвшүүлж шударга замаар хамтдаа алхах”-ыг оюутнуудад чухалчлан тодотгож байлаа.
“АТГ 3000 оюутанд лекц уншуулна” хэмээн мэдээлэхэд муусайн оюутнуудаар яахав дээ, авлигачиддаа л наад лекцээ уншаач, хийх юмаа олж ядах юм гэсэн сэтгэгдлүүд сошиал орчинд давамгайлж байв. Өнөөх л өрөөсгөл ойлголт. Магадгүй, мэдээний гарчиг төдийгөөр яаран дүгнэдэг хүмүүсийн хандлага ч байх. Мэдээж, оюутнууд бол авлигачид юм аа гээд бай онилоогүй нь тодорхой. Харин өнөөгийн оюутнууд улс орны ирээдүйн эзэд гэдэг утгаараа тэдэнд одооноос зөв зан үйлийн тухай яриа ухуулга хийж, эрүүл саруул уураг тархинд эрүүл саруул үзэл санаа суулгаж, хойшдын шулуун шударга иргэн болгон төлөвшүүлэхийг АТГ чармайж байна. Үүний тулд оюутан залуусын хүндэтгэлийг хүлээсэн, үлгэрлэж чадах, бахархан дуурайх эрхэм хүмүүсийг сонгон авч, тэднээр оюутнуудад лекц уншууллаа.
Хамгийн эхэнд Удирдлагын академийн профессор, доктор М.Мөнхболд “Үнэт зүйлийн ойлголт, хандлага” сэдвээр лекц тавихдаа “Бидний үнэт зүйл бол мэдлэг, боловсрол юм. Бид мэдлэг, боловсролоо нэмэхийн хэрээр илүү ёс зүйтэй болдог, илүү их гэгээрдэг. Тиймээс мэдлэг, боловсролоо улам бүр дээшлүүлцгээе” хэмээн оюутнуудад уриалав. “Андра академи”-ийн захирал, топ модель, мисс Х.Бадамгэрэл эерэг хандлага, гоо зүйн тухай илтгэв. Тэрээр залууст зөв харилцааг үүсгэснээр таатай орчин бүрдүүлэх, хандлагаа эерэг болгох, өөрийгөө илэрхийлэх, хувь хүний биеэ авч явах соёлыг эзэмших талаар зөвлөж ярилаа. Нийгмийн ухаан, урлаг судлаач, продюсер Б.Наранзун “Бид ирээдүйд ямар байх ёстой вэ” лекцээ төгсгөхдөө "Авлигаас болж улс орон маань хүнд хэцүү байна. Энэ муухай үзэгдлийг таслан зогсоох хүч нь залуус та нарт байгаа" гэхэд оюутнууд шүгэлдэн дэмжиж алга ташицгааж байв.
“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, доктор Ж.Галбадрахын илтгэл “Амьдралд сурсан, сураагүйн л ялгаа гардаг” гэсэн нэртэй бөгөөд тэрээр “Сурах нь маш их тэвчээр шаарддаг. Сэтгэл зүрх, эрүүл бие, сайхан сэтгэл, саруул ухаан хамгаас чухал. Хүн сурч боловсрохын хэрээр эх орныхоо өмнө хүлээх үүрэгтэй болдог” хэмээн залууст сургаж байв. “Номадик контент”-ийг үүсгэн байгуулагч Г.Гантуяа анх 100 мянган төгрөгийн цалингаар эхэлсэн, одоо сард 15 сая төгрөгийн цалин орлоготой болсон тухай ярихад оюутнууд танхим дүүрэн дуу алдав. Програмист мэргэжлээр төгссөн Гантуяа үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлж явсаар бизнесээ өргөжүүлсэн туршлагаа ярилаа. Тэрээр гэнэт баяжих, хялбар амьдарна гэх ойлголт байж болохгүй, Монголд цалингаараа амьдарч болдог юм шүү гэдэгт яриагаа голлосон юм. Хамгийн сүүлд “Эм Эн маркетинг консалтинг”-ийг үүсгэн байгуулагч Г.Нямхүү “Амжилттай оюутан-Ирээдүйн манлайлал” сэдвийн хүрээнд өөрийгөө таних, амжилтыг бүтээх, хувь хүний брэндинг, бусдыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, бүтээлч байдлыг хөгжүүлэх зэрэг оюутан залууст урам зориг өгөхүйц илтгэлийг өөрийнхөө ажил, амьдралаас жишээлэн танилцууллаа.
Оюутнуудад лекц уншуулсан арга хэмжээний тухай хэвлэлийн албан мэдээнээс илүү дэлгэрэнгүйгээр энд бичиж байгаагийнх, АТГ-аас хийгддэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар хувийн товч дүгнэлтээ хавчуулъя. Соён гэгээрүүлэх ажил гэдэг нь маш товчхондоо авлигыг жигших үзэл санааг иргэдийн ухамсарт суулгах ажил юм. Ингэж хэлэхэд “Угаасаа л монголчууд авлигыг жигшиж байгаа шүү дээ” гэж эсэргүүцэх хүн олон байж магадгүй. Гэвч олон улсын болон үндэсний түвшинд хийдэг удаа дараагийн судалгааны дүнгээр манай иргэд авлигад хэдийн дасчихсан байгаа нь харагддаг. Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой. Тиймээс соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй, шаталсан дараалалтай хийх ёстой. Энэ үйл ажиллагааг сургалт, лекц, яриа, ном, кино, жүжиг, дуу, шүлэг зэрэг соёл, урлагийн олон төрлөөр зохион байгуулдаг. Соён гэгээрүүлэх нэг арга хэмжээний цаана маш олон удаагийн төлөвлөлт, уулзалт, яриа хэлэлцээ, нуралт, бүтэлгүйтэл байдаг. Тэр бүх бэлтгэл ажил бол мөсөн уулын ёроол нь, харин 4 цагийн арга хэмжээ бол мөсөн уулын зөвхөн оройн хэсэг нь байх жишээтэй. Энэ жишээгээр авч үзвэл 3000 оюутанд зориулсан лекц уншуулах арга хэмжээний бэлтгэлд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд бүтэн сарын хугацаа зарцуулжээ. Оюутнуудыг цуглуулахын тулд 13 их, дээд сургуулийн удирдлагуудтай нэгбүрчлэн уулзах, үзэл санааны удирдагчдыг сонгох, сэдвээ тохирох, илтгэлийн агуулгаа зөвшилцөх, заал танхимаа бэлтгэх гэх мэт олон тооны ажлуудыг хийсэн. Бүтэн сарын бэлтгэл ажлын үр дүнд 4 цагийн арга хэмжээ амжилттай болж өнгөрдөг. Гэхдээ соён гэгээрүүлэх ажлын эцсийн үр дүн богино хугацаанд гардаггүй. Энэ бол урт удаан хугацаа шаардсан ажил байдаг.
Энэ бүхнийг заавал дурдахын учир АТГ-аас анх удаа оюутнуудад зориулан лекц уншсан арга хэмжээгээр дашрамдуулан соён гэгээрүүлэх ажлын утга учир, ач холбогдлыг иргэд, олон нийтэд ойлгуулах гэснийх юм. Одоогийн ойлголт, үзэл санаа, хандлагаа өөрчлөн, нийтээрээ авлигыг жигшиж, АТГ-ын соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжин, үргэлж хамтран оролцохыг энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд том үсгээр тэмдэглэмээр санагдав. Продюсер Б.Наранзун “АТГ яагаад өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм бэ. Тэд ирээдүйн төлөө санаа тавьж байгаа учраас ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Ирээдүй гэдэг чинь энд цугларсан оюутнууд та нар болон та нарын үе тэнгийнхэн шүү дээ. АТГ-т ирээдүй яагаад хамаатай юм бэ. Яагаад гэвэл өнөөгийн нийгэм авлигатай байна. Харин ирээдүйд авлига байх ёсгүй” гэж хэлсэн нь АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын утга учрыг илүү тодоор илэрхийлсэн дүгнэлт байлаа.
Т.МӨНХТУНГАЛАГ
2019.11.23Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үйл явдал2024/04/16
"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй дур мэдэн гэрэ...
-
Дэлхий нийтээр..2023/11/06
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 203 гомдол, хүсэлтийг ши...
-
Дэлхий нийтээр..2023/08/30
Шугам сүлжээний засварын дараах нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэхийг үүрэг бол...
-
Үйл явдал2020/08/26
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхаарал...
