Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

"Мөргөлийн эгшиг" хүндэтгэлийн тоглолт боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

- Лолан жинхор бол хүмүүсийн оюун санаанд бясалгалаар гэрэлтдэг ном - 

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” усан туулай жилийн шинийн 8-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдийнхэн хөл ихтэй өнжлөө. Олон олон үйл явдал давхацсан энэ өдөр Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөргөлийн эгшиг" цэнгүүн 20 дахь жилдээ эгшиглэв.
Мөн Манла бурханы хот мандал – Лолан жинхорыг равнайлсан бол уламжлалт Цагаан сарын их ерөөлөө хурж, Манла бурхандаа тахил өргөн, Их Манла, Оройн ерөөлөө хурж, ард олноо даатгалаа.  
 
ШИНИЙН 8-НЫ ИХ ХУРАЛ
 
Шинийн 15-ны энэ өдрүүдэд Цагаан сарын их ерөөлийг хурдаг билээ. Тодруулбал, Монгол газар "Чойнпрүл молом" буюу 15 хоногийн их ерөөл хурах зан үйлийг Өндөр гэгээн Занабазар санаачлан, Их хүрээнээ тогтоон журамлажээ. Энэ их ерөөлийн хурал нь Монголын цагаан сартай давхцан тохиодог юм.
 
Будда Шагжамүни 57 сүүдэртэйдээ одоогийн Энэтхэгийн Утар мужийн Сахитамахэд Жайна шашны Дэртига бөгөөд тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш номын хүч чадал рид хувилгаан үзүүлэн ялан дийлсэн юм. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхын тухайд Богд лам Лувсандагва /1357-1419/ Рибугэданнамбаржалбалин хийдийг байгуулж, улмаар "Лхасын Их ерөөл" хурах болсон нь Бурханы шашинтнуудын эрхэмлэх зан үйл болон тогтжээ.
 
Шинийн 8-ны энэ өдөр мөн Их Манла, Манлын дончид, Манлын лхого, Оройн ерөөлийг тус тус хурдаг бөгөөд Манба Дацан хийдийн лам хуврагаас гадна, Оточ Манрамба Их Сургуулийг төгсөгч шүнгийн эмч нар  оролцдогоороо онцлогтой юм.


 




Манла бурхныг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Энэ зан үйл нь Ламын чодва буюу Багшийн тахилгаар эхлэх бөгөөд Богд лам тэргүүтэй мэргэдийн шавдан солдэв буюу өлмий бат оршоох ерөөл, Найман Манла бурхны тахилгын зан үйл, ухиал өргөх, мандал өргөх сэлт, Сайн явдлын ерөөлийн хаан, хураангуй, их хураангуй, дэлгэр Манла бурхдын соёрхол тавих ерөөл зэргийг гүйцэд багтааж горимлон эрэмбэлсэн зан үйлийн цогц юм.
 
Тахилга уншлагын зан үйл төгсгөлийн хэсэгт сүсэгтэн, өглөгийн эзэд, хийдийн хуврагуудын хамт мянган тахил бүхий Манла бурхны заларч буй хот мандалд 1000 удаа сунаж мөргөн, Манла бурхны тарнийг 1000 удаа тоолон уншдаг. Мөн Манла бурхны хот мандлыг 1000 удаа гороолно. 1000 удаа мөргөхдөө тэргүүлшгүй цагаас хураасан хийгээд энэ насанд санаатай болон санамсаргүй бие, хэл, сэтгэлээр үйлдсэн, үйлдүүлсэн, бусад хүмүүсийн нүглийн үйлэнд даган баяссан гэх мэт бүх нүгэл хилэнцээ гэмшин наминчилж, хойшид үйлдэхгүй хэмээн боомтлох сэтгэлийг хатуу чанд үүсгээд, унал доройтол, өвчин, цаг бусын үхэл, ад, дөрвөн зүйлийн саад зэтгэр, лус, гараг адын хорлол, лусын хорлол, Бүднарын хорлол зэргээс гэтэлж, өвчингүй амгалан, үгүйрэлгүй дорвилог болохын шалтгаан, нөхцлийг цогцлоолоо гэх бодлыг өөртөө үүсгэх учиртай. Мөн өөрийн хийгээд бусдын хүссэн санаа номыг ёсчлон бүтээсэй, хойд төрөл тутамдаа бурханы шашинтай учраасай гэх ерөөлийн сэтгэлийг үүсгэдэг.
 
Сунаж мөргөж буй нь бурхны шашны долоон гишүүнт буяны үйлийн эхнийх нь юм. Бусад хүмүүсийн буяны үйлд даган баясаж буй нь долоон гишүүнт буяны үйлийн дөрөв дэх нь билээ. Бурхны зүрхэн тарнийг 1000 удаа уншиж буй нь Манла бурхны лагшин, зарлиг, тааллын эрдэм увидасыг өөртөө шингээж буй үйл бөгөөд хэлээр үйлдсэн дөрвөн зүйл нүгэл хилэнцийг арилгаж буй үйл юм. 1000 удаа хот мандлыг гороолж буй нь хойд төрөлдөө Манла бурхны оронд төрөхийн билгэ зохиож, ерөөл тавьж буй үйл юм.
 
"МӨРГӨЛИЙН ЭГШИГ" ТОГЛОЛТ
 
... Буман өнгөт лагшингаараа
Бусдын тусыг бүтээгч
Бурхан Манла таньдаа
Биеийн нүглийг ариусган мөргөе, мөргөе
 
Үлэмж үнэн зарлигаараа
Өвчин зовлонг арилгагч
Өршөөлт Манла таньдаа
Хэлний хилэнцийг ариусган залбиръя, залбиръя... 





Монгол Улсын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн үг,  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын ая “Мөргөлийн эгшиг” энэ дууг 23 жилийн өмнө анх Хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл “Мөргөлийн эгшиг” шашин соёлын уг цэнгүүнийг жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.
 
Энэ удаагийн цэнгүүнд Морин хуурын чуулгын дөрвөл, Монгол Улсын Гавьяат жүжигчин, олноо дархад дууны хэмээн алдаршсан Б.Даариймаа, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Цэрэндорж, СТА, дуучин Ө.Цэрэнчунт, “Увертюра” хамтлагийн ахлагч, дуучин Г.Пүрэвдагва нар ая дууныхаа дээжийг өргөн, хурсан олны сонорыг мялаалаа.














 
МАНЛА БУРХАНЫ ХОТ МАНДАЛ – ЛОЛАН ЖИНХОР
 
Шинийн наймны билгэт сайн энэ өдөр МУЭСТ Манба Дацангийн хамт олон Манла бурханы хот мандал - Лолан Жинхорыг равнайлан залах буян номын нээлтийн ажиллагаа давхар боллоо.
 
Манла бурхад, бусад сахиус  нөхөр сэлт хамт заларч ариун дагшин орны дүр байдал орд харшийг  гадаад дотоод орчинтой нь бодитойгоор  их эрдэнэсээр, эрдэнэсийн өнгө будагаар зурж бүтээсэнийг, орд "Жинхор" буюу "Хот мандал" хэмээдэг. Тодруулбал, Манла бурханы ариун орон хийдийг эрдэнийн өнгө будгаар бүтээдэг хот мандлыг Дүлцон жинхор, мод, алт, мөнгө, зэсээр сийлж, урлан бүтээснийг Лолан жинхор гэдэг.








Манба Дацан хийдэд бүтээсэн энэхүү Лолан хот мандал нь суурийн болон бодит хэсгийг оролцуулбал 3х3 метрийн өргөнтэй, 3,5 метрийн өндөртэй бөгөөд монголчуудын өнгөрсөн үеийг авч үзэхэд ийм хэмжээний Манлын Лолан хот мандлыг бүтээж байсан тохиолдол түүхийн хуудсанд хараахан тэмдэглэгдээгүй байна. Уг Лолан хот мандал нь найман Оточ бурхад хийгээд 51 бурхан сахиусын шүтээнийг багтаасан томоохон хэмжээний түүхэн буяны болон соёлын өвийн бүтээлт үйл хэрэг билээ. Лолан жинхор бол хүмүүсийн оюун санаанд бясалгалаар гэрэлтдэг ном.
Энэхүү Манла бурханы хот мандлыг Хамба лам Д.Нацагдорж, урлахуйн ухаан судлаач лам нарын хамт гаргасан нарийн тэг зураглалаар Гүмбүм дахь мэргэжлийн дархчуул зэсээр цутгаж, бүхэлд нь цэвэр алтаар бүрж бүтээсэн. Мөн Монголын уран дархан Д. Пүрэвсүрэн болон түүний дархчуудын баг үнэт эрдэнийн чулуугаар чимэглэсэн болно. Харин хот мандлын арын ханан дахь АУ-доктор Г.Одонцэцэгийн гаргасан зураглал болох “Эмийн ой цэцэрлэг”, Манла бурханы айлдвар анагаах ухааны зарлиг шүнг сонсож буй тэнгэр, арш, тэрсүүд, дотоодын нөхдийг Монгол зургийн аргаар  СУИС-ийн багш нар, Монгол зургийн төгсөх курсын оюутнууд курсын ажлынхаа хүрээнд зурж бүтээжээ.


 
Манла бурхадын хот мандлыг бүтээснээр: 
  • Монголын Бурханы шашны соёлын өв санг бүтээн хойч үедээ өвлүүлэн үлдээж байна.
  • Манла бурхантай холбоотой судар тарни ёсыг бясалгах цаглашгүй буян хураах тус эрдэм ихтэй.
  • Судалгаа шинжилгээ сургалт сонсох, санах, бясалгах, ач холбогдолтой.
  • Судлагдахууныг дэлгэрүүлж оюун мэдлэгээ арвижуулах тус эрдэмтэй.
  • Суралцагчдын гарын авлага хэрэглэгдэхүүн болно.
  • Таван мэдрэхүй дамжуулан бие, сэтгэлийн амар амгалан адис жинлавыг хүртэх болно.
  • Бие хэл сэтгэлийн оюун санаа бясалгалын өндөр ач холбогдолтой.
  • Байгалийн гай гамшиг, гадна, дотны барцад саадыг арилгаж улс гүрнийг амгалан жаргалантай байлгаж өөр хоорондоо эв түнжинтэй, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, эд агуурстай байх ач холбогдолтой.
  • Лолан хот мандлыг харах, эргэл мөргөл хийх сэтгэлдээ бодох төдий ч буян асар ихээр хураах болно.  Нүгэл хилэнцийг ариусган арилгаж, гурван муу заяанд үл төрнө. Олон амьтныг өвчин зовлонгоос хагацуулах, урт удаан наслуулж, санасан хэрэг бүхнийг бүтээж,
     буян их хураалгаж, нас буяны авшиг хүртээж, хожим хойно гэгээрэлд хүрч бурханы ариун орон дэважинд төрөх тэргүүтэн  тус эрдэм цаглашгүй болно.
Бурханы орон Дэважанд бие, сэтгэлийн зовлон үгүй, амгалантай бөгөөд буян үйлдэх шалтгаан, нөхцөл хэмжээлшгүй байдаг тул Дэважан хэмээсэн.  "Хутагт амгалант орны байгууламж" хэмээх их хөлгөний сударт "Бурхан багш бээр Нянёод заларч байхдаа энэ орноос баруун зүгт Бурханы орон живаа, тагтиг бумыг өнгөрвөөс ертөнцийн орон Дэважан байна" гэсэн байдаг. Энэхүү Манла бурханы ариун дагшин оронд төрөхийн тулд: Лам гурван эрдэнэд зул, хүж тэргүүтэн өргөж тахих ба мөргөл үйлдэх, дуган сүм, бурхан шүтээнийг (Лолан Жинхор) бүтээх, бурханы зарлиг, судар, тарни унших, сонсох, ном бүтээл туурвих, номлох, номын хэв бүтээх зэрэг сайн буяны үйлийг өөрийнхөө аль чадах чинээгээр үйлдэх хэрэгтэй хэмээн судар номд айлдсан нь бий.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.

Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.

Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.

Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.

Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.

АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.

Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ

Огноо:

,

АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.

Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.

Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.

Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.

Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал7 цаг 51 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал8 цаг 2 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал8 цаг 51 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал9 цаг 10 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал9 цаг 15 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал9 цаг 26 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Үйл явдал9 цаг 30 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал9 цаг 36 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Үйл явдал2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хэн юу хэлэв...2026/08/28

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Дэлхий нийтээр..2026/08/28

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг ал...

Үйл явдал2026/08/28

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиг...

Үйл явдал2026/08/28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын ...

Үйл явдал2026/08/28

Ерөнхий хяналтын сонсгол болно

Үйл явдал2026/08/28

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/08/27

Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх тала...

Үйл явдал2026/08/27

Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт...

Үйл явдал2026/08/27

COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ

Дэлхий нийтээр..2026/08/27

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашру...

Дэлхий нийтээр..2026/08/27

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбаруу...

Үйл явдал2026/08/27

COP17: “Газраас үүдэн нүүх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион ...

Үйл явдал2026/08/26

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Үйл явдал2026/08/26

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Үйл явдал2026/08/26

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Үйл явдал2026/08/26

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Үйл явдал2026/08/26

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Үйл явдал2026/08/26

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Үйл явдал2026/08/26

COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

Үйл явдал2026/08/26

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Санал болгох