Тод индэр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний салбарын эрдэмтэн, судлаачид чуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Шинжлэх ухаан, технологи, инновац” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, судлаачид аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхээр энд хуран чуулж байгаа эрдэмтэн мэргэд, судлаачид, үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, баялаг бүтээгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн дэвшүүлсэн.
Энэхүү санаачилгын нэг чухал зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” явдал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн 05 дугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргасан.
Мөн улс орон даяар ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ эхлүүлэхээр УИХ-ын нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, ирэх 5 жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барьж, уг тогтоолын төсөл 06 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аар батлагдлаа.
Бидний бодлого, хийж хэрэгжүүлэх ажил тодорхой болсон учир бид цаг алдалгүй ажлаа эхлэх ёстой.
Энэхүү хүнсний хувьсгалын үр дүнд ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад Монгол Улс хүнс экспортлогч орон болох эхлэл тавигдах учиртай.
Энэ 5 жилийн төлөвлөгөөг хийж хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг хийх талаар УИХ-аас баталсан тогтоолын төсөлд туссаныг Та бүхэн мэдэж байгаа. Бид хүнсээ өөрсдөө бэлтгэдэг, үйлдвэрлэдэг орон болохоос гадна дэлхийн хүн төрөлхтний хүнсний хангамжид өөрийн хувь нэмрээ оруулах ёстой.
Энэхүү томоохон зорилтыг хэрэгжүүлэх их үйлсэд эрдэмтэн мэргэд, судлаачид Та бүхний оролцоо хамгийн чухал юм.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргахад өндөр ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд, дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, манлайлал нэн чухал байна.
Эрдэмтэн судлаачид Та бүхний бүтээл, шинжлэх ухааны амжилт, ололт, үйлдвэрлэл практикт амжилттай нэвтэрч, шинжлэх ухаанд суурилсан төрийн бодлого оновчтой байх нь энэ салбарын хөгжлийн тулах цэг гэж Төрийн тэргүүн үзэж байна.
Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөн түүхт 70 гаруй жилийн хугацаанд үр тарианы ургамлын 20 гаруй сорт, төмсний 15 сорт, хүнсний ногооны 60 гаруй сорт, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 50 гаруй сорт, тос тэжээл, бусад төрлийн ургамлын 40 гаруй сортуудыг шинээр бий болгон нутагшуулжээ.
Үүний үр дүнд улсын хэмжээнд улаан буудайн үйлдвэрлэлийн 40 хувь, төмсний 80 хувь, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 60-70 хувьд монгол эрдэмтэд, судлаачид Та бүхний бүтээсэн сортууд тариалагдаж, эх орны хүнсний хангамжид онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирлээ.
Мөн хөрсний элэгдэл, эвдрэлтэй тэмцэх, хөрсний үржил шимийг эрдэс болон биологийн гаралтай бордоо, ногоон бордуурын технологи ашиглах, төрөл бүрийн таримал ургамлыг тариалж ургуулах, таримал ургамлын нутагшсан сортын элит үрийн аж ахуйг хөтлөх зэрэг 100 гаруй агро-технологийг манай эрдэмтэд, судлаачид үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлээд байна.
Түүнчлэн хөдөө аж ахуйн таримал ургамал, бэлчээр, ойг төрөл бүрийн шавж, ургамлын өвчин, хог ургамал, мэрэгч амьтдаас хамгаалах, тэдгээртэй тэмцэх, байгальд ээлтэй дэвшилтэт шинэ техник, технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.
Үр дүнд нь таримал ургамлын ургацыг 20-50 хувиар нэмэгдүүлж, пестицид, бордооны үлдэгдэлгүй, эрүүл чанартай ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг иргэдийн хэрэглээнд хүргэх болно.
Монгол эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд мал сүргийн үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, ашиг шим өндөртэй үүлдрүүдийг нутагшуулах, мал маллагааны дэвшилтэт технологи хөгжүүлэх, тэжээл, тэжээллэгийн үр дүнг сайжруулах талаар судалгаа, шинжилгээг тасралтгүй хийж ирсэн.
Үр дүнд нь мал сүргийн 5 төрлөөр үүлдэр угсааг олшруулж, ашиг шимийг нэмэгдүүлээд зогсохгүй зэрлэг бодон, нутгийн гахайн холимог сүрэг, монгол сарлаг, цаа буга болон зөгийн удмыг шинээр бий болгон илрүүлэн баталгаажуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
Манай мал эмнэлгийн эрдэмтэн, судлаачдын судалгаа, туршилтын үр дүнд малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд импортыг орлох 60 гаруй нэр төрлийн оюуны өмчөөр баталгаажсан вакцин, эм бэлдмэл, оношлуурын технологи монголчууд бидэнд бэлэн байна.
Энэ бол монгол эрдэмтэн, судлаачид Та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид, баялаг бүтээгчид Та бүхний хурц соргог хараа, хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Хэдийгээр олон ололт, амжилт байгаа ч хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарт тодорхой бодлого, дэмжлэгийг нэмэгдүүлж, шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчлахыг холбогдох яам, төрийн байгууллагууд анхааралдаа авч, шуурхай ажиллах шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл, салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгдсэн бодлого, зохион байгуулалтаар удирдаж, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, шинжлэх ухаан, технологи, инновацын чадамжийг эрс сайжруулж, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдвэрлэх явдал чухал байна.
Түүнчлэн их, дээд сургуулиуд, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн сургалтын хөтөлбөр, суралцах орчныг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн бодлоготой уялдуулан мэргэшсэн хүний нөөцийг яаралтай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Төр засаг нь шаардлагатай судалгаагаа эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуддаа захиалдаг, санхүүжүүлдэг, судалгааны үр дүнд суурилж төрийн бодлогыг шинжлэх ухаанд суурилан тодорхойлж, хэрэгжүүлэх ёстой. Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилтыг ханган, хэрэгжүүлж, хүнсний хувьсгалыг амжилттай хийхэд дараах чиглэлээр эрдэмтэн мэргэд, судлаачид Та бүхэн идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна.
Үүнд:
- Улсын хэмжээнд лабораторийн шинжилгээний аргачлалыг шинэчлэх замаар хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн тодорхойлох, хилийн болон улсын итгэмжлэгдсэн лабораторийг чадавхжуулах, хүнсний сүлжээний үе шат бүрд стандартыг мөрдүүлэх;
- Ургамлын генетик нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгож нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;
- Тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах, бүс нутагт тохирсон таримал, сорт сонгох зорилгоор анхан шатны үр үржүүлэг, сорт сорилтын төвийг байгуулах;
- Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх;
- Эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн 4 улирлын турш тогтвортой хангах хүлэмжийн цогцолбор, зоорийн аж ахуйг нэмэгдүүлэх;
- Малын үүлдэр угсааг чанаржуулах, эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах;
- Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, оношилгооны лабораторийг чадавхжуулах;
- Мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн хүртэлх ул мөрийг мөрдөн мөшгөх тогтолцоог бий болгох, цахим бүртгэлийн нэгдсэн системд шилжүүлэх;
- Салбарын боловсон хүчний зэрэг дэв, цалин урамшуулал, нийгмийн хамгааллыг эргэн харж, сайжруулах;
- Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх зэрэг асуудлуудыг онцгой анхаарах шаардлагатай байна.
Мөн төр засаг, шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн холбоод, баялаг бүтээгчид, хэрэглэгчдийн хамтын ажиллагаа туйлаас чухал юм.
Бид хүнсний хангамжаа сайжруулахын тулд хөрсөө хамгаалах ёстой. Эрүүл хөрсөнд эрүүл хүнс ургана. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой.
Тиймээс эх байгаль, эко систем, хөрс шороо, газар нутгаа хамгаалахын тулд тэрбум тэрбум мод тарьж ургуулах шаардлагатай байна.
Хөрсөө хамгаална гэдэг хүнсээ, хүнээ, тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг шүү. “Амьдралын эх ус, усны эх мод” гэж монголчууд бид ярьдаг. Би усаа хамгаалах, модоо тарих, хөрсөө хамгаалах, хүнсээ нэмэгдүүлэх ёстой. Монгол хүн эрүүл байвал үндэстэн хүчирхэг байна.
Төрийн тэргүүний санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд нь өөр хоорондоо нягт уялдаа холбоотой.
Эдгээр зорилтууд ханган хэрэгжиж байж Монгол Улс тогтвортой хөгжинө. Монгол хүний амьдралын чанар дээшилнэ. Үндэсний аюулгүй байдал хангагдана.
Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэд, судлаачид, мэргэжилтнүүд Та бүхэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, манлайлан ажиллана гэдэгт Төрийн тэргүүн итгэл дүүрэн байна.
Та бүхэн бол улс орныхоо оюу санааны охь манлай болсон хүмүүс. Та бүхэн бол Монголын ард түмнийг соён гэгээрүүлэгч нар. Та бүхний итгэл сэтгэл, хичээл зүтгэлээс Эх орон, ард түмний хувь заяа шууд хамааралтай гэдгийг хэлэхийг хүсэж байна:.
Үндэсний зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдвээр үндэсний чуулганыг тус тус зохион байгуулсан билээ.
Өнөөдрийн зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагууд, боловсролын байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож байна.
Тод индэр
Ахмед Надим: Спортын томоохон үйл явдлыг хурдан шуурхай үзэгчид хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй
Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблейн Спортын хорооны хурал "Туушин" зочид буудалд үргэлжилж байна.
Тус хурлыг нээж Монголын Үндэсний спортын холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Спортын бүлгийн дэд захирал Нам Сан Вон, Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нар үг хэлсэн.
Спортын хорооны хурлын өнөөдрийн хэлэлцүүлэг "Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг" сэдвийн хүрээнд өрнөж байгаа юм.
Энэ хүрээнд МҮОНРТ-ийн Спортын сувгийн захирал О.Ууганбаяр, КВЅ-ийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон болон Шри Ланкийн SLRS телевизийн Ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ нар илтгэлээ хэлэлцүүлж байна.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим "Аль ч улсын Үндэсний телевиз болон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд томоохон сорилтууд тулгараад байна. Эдгээр сорилт нь дижитал платформуудтай холбогдож байна. Иймд бид бүхэн хоорондоо хамтран ажиллах шаардлагатай. Энэ удаагийн "ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн хурал яг энэ төрлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, стратеги төлөвлөлтийг сайжруулахад чиглэгдсэн чухал уулзалт болж байна.
2026 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам зэрэг спортын томоохон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана. Эдгээр спортын томоохон үйл явдлыг бид хурдан шуурхай үзэгчдэд хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ нь олон нийтийг нэгтгэх спортоор дамжуулан нөхөрлүүлэх зэрэг олон давуу талтай байдаг.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос нэгэн платформыг шинээр нэвтрүүлсэн. Энэхүү платформоор дамжуулан цахим хэлбэрээр спортын төрөл бүрийн нэвтрүүлэг хүргэх шинэ боломж бүрдэж байгаа бөгөөд энэ удаагийн Ерөнхий Ассамблейн хурлаар тухайн платформын стратегийн шинжтэй бодлогын асуудлуудыг хэлэлцэнэ” гэдгийг онцолсон юм.
Тод индэр
Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурал есдүгээр сарын 10-15-ны хооронд болно. Энэхүү хурлын талаар "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч ярилцсаныг хүргэж байна.
-МҮОНРТ “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн Радио телевизийн холбооны гишүүнээр 1991 онд элсэн орж, 2006 оноос хойш үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцсоор ирсэн. 2009 онд манай телевиз Улаанбаатар хотод "ABU” чуулга уулзалтын үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. 2025 онд хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Энэ хурлаар ямар асуудал яригдах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“ABU байгууллага нь Ази, Номхон далайн телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн редакцтай байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг. Монгол Улсаас хоёр гишүүн байна. Хамгийн эхэнд TV5 телевиз гишүүнээр элсэж байсан.
Үүний дараа МҮОНРТ гишүүнээр элссэн юм. Холбоонд элсэх нь мэргэжил арга зүйн хувьд хөгжиж дэвших, суралцах боломжийг олгодог. Гадаад хамтын ажиллагааг өрнүүлэхээс гадна нэвтрүүлэг, уран бүтээлтэй холбоотой хамтын ажиллагаа чухал байдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд маш чухал хүний нөөцийн хөгжиж дэвших үйл ажиллагаа “ABU” холбоо харилцаанд явдаг.
Энэ жил болох гэж байгаа “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, ерөнхий захирал, продюсер, ажилчид ирэх гэж байна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа "ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурал “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.
-Бидэнд их ойр сэдэв байна?
-МҮОНРТ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий хөтөлбөрийн бодлогыг эрхлэн гаргадаг. Манай орны үзэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд их чухал. Есдүгээр сарын 11-нд спортын болон хөтөлбөрийн бодлого, техникийн салбарын уулзалт хурал болно. Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх форумд оролцогчдын салбар хуралдаан болно.
Есдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсыг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын зочдод зориулж, Монголынхоо өв соёлыг харуулсан бэсрэг наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн "ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын үеэр дууны наадам зохион байгуулна.
Энэ арга хэмжээнд 10 гаруй орны уран бүтээлчид оролцоно. МҮОНРТ эдгээр орны уран бүтээлчдийн тоглолтыг шууд дамжуулж үзэгчдэд хүргэнэ. Энэ дууны наадамд дэлхийд алдартай “THE HU” хамтлаг оролцоно.
-40 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирнэ. Энэ нь Монгол Улсаа сурталчлах сайхан боломж болох нь ээ?
-Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ тод мөртэй, 1991 оноос хойш энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байгууллага гэдгээ дэлхий нийтэд зарлана. Мөн телевизийн гадаад харилцаа илүү өргөжин тэлж хамтын ажиллагааг сайжруулах, чуулга уулзалтын үеэр бүх орны хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эх орноо сурталчлах, Монголын өв соёлоо дэлхий нийтэд таниулах боломж нээгдэж байгаа учраас маш их ач холбогдолтой.
Есдүгээр сарын 14-нд шагнал гардуулах ёслол болно. Эндээс бид мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа ямар хандлагатай байна. Бид ямар зураглаачийн бүтээлийг шилдэг гэж үзэж байна. Ямар редакцын бодлого, ямар нэвтрүүлэг шилдэг болохыг зарлана гэх зэрэг мэргэжлийн чиг хандлагад чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Тод индэр
Б.Ариунаа: Бид зумба бүжгийг зохиомол бус олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу заадаг
“Зумба дасгалт бүжгийн холбоо”-ны тэргүүн, олон улсын зумба бүжгийн багш, эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралын зөвлөх Б.Ариунаатай ярилцлаа.
-“Зумба дасгалт бүжгийн холбоо” хэдэн онд өрхөө татаж, үүдээ нээсэн бэ. Холбооныхоо талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Манай холбоо 2018 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод зургаа, орон нутагт буюу Өвөрхангай, Сэлэнгэ, Замын-Үүд, Эрдэнэт, Цогтцэций, Дорноговь, Говь-Алтай зэрэг арван аймагт төдийгүй сумдад салбартай.
Бид зумба заахаас гадна олон улсын хэмжээний багш бэлтгэдэг. Эхний ээлжид Монгол дахь багшаа бэлдэж, улмаар тухайн багшийн идэвх зүтгэл, шавь нартай болж буй эсэхээс шалтгаалан олон улсын сертификат олгодог. Хэрэв тухайн багш маань гадаадад ажиллах хүсэл сонирхолтой гэвэл бид чиглүүлж өгдөг. Тэгэхээр “Зумба дасгалт бүжгийн холбоо” маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаатай холбоо гэсэн үг.
-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудаас танай клубийн ялгарах онцлог, давуу тал юу вэ?
-Нэгдүгээрт, зумба бүжгийг зохиомол хөтөлбөрөөр бус харин олон улсын стандартын дагуу заадаг. Тодруулбал, АНУ дахь Зумба бүжгийн холбооноос боловсруулан гаргасан хөтөлбөр, чиглэлийн дагуу хичээлээ ордог. Холбооны гишүүн улс орны холбоо болгон сар бүр нэг ижил бүжиг заана гэсэн үг. Жишээлбэл, энэ сард эдгээр 20 бүжгийг заагаарай гэсэн чиглэл ирвэл манай бүх салбар тэрхүү хөтөлбөрийн дагуу л хичээллэдэг. Ингэснээр холбооны гишүүд маань аль ч улс оронд очсон хэлний шаардлагагүйгээр зумба бүжгээ дагаад бүжиглэчихдэг. Ийм том давуу талтай. Хоёрдугаарт, эрүүл зөв хооллолтод нэлээд анхаарч, хувь хүнд нь болон нийтэд нь зөвлөмж зөвлөгөө өгдөг. Гуравдугаарт, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, хэвшүүлэхэд түлхүү анхаардаг.

Ер нь бол зумбагаар хичээллэснээр хүний амьдралын хэв маяг өөрчлөгддөг. Жишээлбэл, эрт унтаж, эрт босдог болно. Өдрийн ажлаа зөв зохион байгуулалттай хийж эхэлдэг. Ажлаа хэрхэн яаж үр дүнтэй хийх үү, гэр бүлдээ хэзээ яаж цаг зав гаргах уу, баяр ёслолыг хэрхэн яаж тэмдэглэх вэ гэдгээ төлөвлөж, зохицуулж сурдаг. Бид дасгал хөдөлгөөн, бүжиг зааж, эрүүл зөв хооллолтын хичээл орохоос гадна уур бухимдлаа хянах, өөрийгөө гомдлоос суллаж чөлөөлөх, эхнэр, нөхрийн харилцаа хандлага гэх мэт сэтгэлзүйн талын хичээлийг ч мөн зааадаг.
-Долоо хоногт хэдэн удаа цагийн ямар сонголтоор хичээллэх боломжтой вэ?
-Манай өглөөний анги 06:00, 07:30, 10:00, оройн анги 19:00, 20:00 гэсэн цагийн сонголттой. Эдгээр цагийн дагуу өдөр бүр хичээллэдэг учраас тухайн хүн долоо хоногт хэдэн удаа явахаа өөрөө шийдэж, түүндээ нийцүүлэн төлбөрөө төлөх боломжтой. Сүүлийн үед албан байгууллагууд оффис дээрээ хичээл заалгадаг болсон байна. Энэ нь бас нэг ахиц дэвшил шүү.
-Жишээлбэл, би өглөөний 07:00 цагийн ангид явъя гэж бодоход, тухайн нэг цагийн хугацаанд ямар хөтөлбөрийн дагуу хичээллэх вэ?
-Та 07:00 цагаас өмнө ирээд өөрийгөө бэлдчихсэн байх ёстой. Тэгээд эхний таван минутад таныг аппаратад оруулж, жин, өөхлөлт, бэлхүүсний тойрог гэх мэт биеийн шаардлагатай үзүүлэлтийг хянаж, өмнөх өдрүүдэд гаргасан үр дүн эсвэл алдаа дутагдлын талаар ярилцаж, зөвхөн танд тохирсон зөвлөгөө мэдээллийг өгнө. Тэгээд 45 минутад иога, дасгал, “belly dance”, бачата зэрэг олон бүжгийн хөдөлгөөнийг хийнэ. Зумба өөрөө бүх төрлийн бүжгийн техникийг оруулсан дасгал шүү дээ. Харин үлдсэн 10 минутад нийтэд нь буюу бүх хүмүүсийн дунд эрүүл, зөв хооллолтын тухай хичээлийг заадаг. Ингэхдээ бодит үр дүнд хүрсэн хүмүүс туршлагаасаа хуваалцаж, бусдадаа урам зориг өгөх жишээтэй.

-Ер нь зумбагаар хэдий хэр хугацаанд хичээллэж байж үр дүнд хүрэх вэ?
-Cарын хугацаанд 20 кг жин хассан хүн бий. Гэхдээ энэ бол нэлээд чанга дүрэм. Харин зөөлөн дүрмээр бол хүн өдөрт 300 грамм хасдаг гэж тооцож болно. Гэхдээ ер нь бол тухайн хүний өөрийн сахилга батаас л бүх зүйл шалтгаална. Зөвлөгөө зөвлөмж өгөөд байхад хөргөгчин дахь хүнс, идэж уух зүйлсээ өөрчлөхгүй л бол үр дүн хүлээх хэрэггүй. Мөн эрт унтахгүй бол бас үр дүн гарахгүй. Хүний амьдрал баялаг учраас хөдөө гадаа явах, баяр наадамд очих ч гэдэг юм уу юу ч тохиолдож болно. Гол нь ийм үед багшдаа хэлээд зөвлөгөө авах хэрэгтэй.
-Та бүхэн “Зумба фестиваль” зохион байгуулах гэж байгаа юм билээ. Энэхүү фестиваль нь сонирхогч хүмүүст нээлттэй юү?
-Бид олон улсын хэмжээний “Зумба фестиваль”-ийг есдүгээр сарын 6-нд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Фестивальд Япон улсаас олон улсын зумба бүжгийн дэглээч багш, мөн БНСУ-аас нэг багш, зургаан хамтрагч багштайгаа ирж оролцоно. Зумба гэж ямар дасгал бүжиг байдаг, түүний ач холбогдол гэх мэт цогц ойлголтыг өгч, олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулж байгаа учир хүссэн хүн бүрд нээлттэй. Гэхдээ тодорхой хэмжээний такстай. Холбооны салбар болон гишүүдийн дунд мөн сонирхогчдыг татан оролцуулсан тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Зохиомол хөтөлбөрөөр хичээллэдэг зумбачид олон улсын том фестиваль дээр очоод хамтран ойлголцож хийж чаддаггүй. Харин олон улсын стандартын дагуу боловсруулсан хөтөлбөрөөр хичээллэсэн хүмүүс бол хаана ч, хэзээ ч хамтдаа нэгэн зэрэг бүжиглэж чаддаг.

-Ер нь бүх л төрлийн бүжиг, дасгал хөдөлгөөн өөр өөрийн давуу тал, ач холбогдолтой байдаг болов уу. Зумба бүжгийн тухайд та юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт, дасгал хөдөлгөөн хийж л байгаа учраас тодорхой хэмжээнд жингээ хасна. Хоёрдугаарт, хүний сэтгэлзүйг тайвшруулдаг. Өөрөөр хэлбэл, хөгжмийн аянд бүжиглэдэг учраас тухайн хүнийг зөөлөн сэтгэлзүйтэй болгодог. Гуравдугаарт, аз жаргалын гармон ялгаруулдаг. Дөрөвдүгээрт, өөрийнхөө хүсэл сонирхлыг олж, түүнийгээ амьдралынхаа хэв маяг болгож чаддаг. Жишээлбэл, та зумбагаар хичээллэж байгаад тэдгээр төрлөөс иог хийх эсвэл монгол бүжиг бүжиглэхэд илүү дуртай байвал түүн рүү нь бид чиглүүлж өгдөг. Гурван сарын хугацаанд зумбагаар хичээллэсэн хүн монгол бүжигт дурлан хичээллэдэг болох жишээтэй. Ер нь бол манай клуб зөвхөн жин хасахад төвлөрдөггүй. Харин өөрийгөө олж мэдэрч, эрүүл амьдралын хэв маягтай болгоход илүү анхаардаг.
-Ажил, амьдралаа зумбатай холбосон таны түүхийг хуваалцъя?
-Би 2015 онд элэгний вирустэй гэдэг онош сонссон. Энэ нь удамшсан байх магадлалтай. Яагаад гэвэл, миний эмээ, ээж болон нагац талын олон хүн элэгний өвчнөөр нас барсан. Тиймээс би хувь тавилантайгаа эвлэрч, ер нь бол бууж өгч байсан. Гэсэн ч эмч маань надад урам зориг, хүч өгч намайг урагш түлхсэн. Тиймээс би эмчилгээгээ хийлгэхийн хажуугаар эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралыг эрэлхийлж явсаар 2018 онд өөрийгөө олсон. Өөрөөр хэлбэл, тэр цагаас хойш зумбатай ажил, амьдралаа холбож Ингээд би тухайн үед 82 кг-аас 60 кг жинтэй болж чадсан. Түүнээс хойш энэ жингээ тогтмол барьж байгаа.

-Эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралд уриалдаг, томоохон төлөөллийн хувьд та манай уншигчдад товчхон зөвлөгөө өгөөч?
-Хамгийн түрүүнд амьдралын хэв маягаа л өөрчлөх хэрэгтэй. Гол нь та өглөө 05:00 цагт “зомби” шиг сэрж байна уу эсвэл үнэхээр аз жаргалтай сэрж байна уу гэдэг нь амьдралын хэв маяг. Таны өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ. Миний өглөө 22:00 цагт унтахаас эхэлдэг. Хэрэв, би 00:00 цагт унтвал өглөө “зомби” шиг сэрнэ. Харин 02:00 цагт унтвал би өөрийгөө унтаагүйд тооцдог. Дараагийн анхаарах зүйл бол мэдээж хооллолт. Эрүүл хооллолт гэхээр хүмүүс би энийг иднэ, тэрийг идэхгүй гээд таваг дээрх хоолоо ялгаж эхэлдэг. Бас хоолоо сойж, юу ч идэхгүй гэж ярьдаг. Энэ бол маш буруу. Харин ч эрүүл мэндэд илүү их эрсдэлтэй. Тиймээс хооллолтын хувийн зөвлөхтэй болох хэрэгтэй. Учир нь, “Тэр зумбагаар хичээллээд тураад гоё болчихсон байна, би бас явна” гээд л шийдээд явчихдаг. Гэтэл үнэндээ тэр хоёр хүний сэтгэлзүй, бие махбодь харилцан адилгүй, ялгаатай байдаг учраас тэр хэрээр хооллолт ч мөн өөр байна шүү дээ. Тиймээс бидэнтэй нэгдэн хувийн өмгөөлөгчтэй, хувийн хүүхэд асрагчтай болдог шиг таныг анхаарах хооллолтын зөвлөх дасгал хөдөлгөөн таны эрүүл мэндэд анхаарах дасгалжуулагчийг манайхаас сонгоорой,өөрийгөө олж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсэж бас уриалж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №032/24659/ дэх дугаарын цахим сониныг ЭНД-ээс уншина уу.
-
Тод мэдээ2025/08/04
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
-
Өнөөдөр2021/05/24
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Өнөөдөр2019/07/31
Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвэ...
-
Тод мэдээ2024/11/11
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цаог хүлээн авч уулзл...