Хэн юу хэлэв...
Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буурсан
Нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж боловсруулах зорилгоор Ажлын хэсэг гарч, холбогдох байгууллагуудад шалгалт хийсэн. Энэ үеэр "Улаанбаатар смарт карт" ХХК-иас илэрсэн зөрчлийн талаар НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаас тодрууллаа.
-“Улаанбаатар смарт карт” ХХК-д хэзээ шалгалт хийсэн бэ. Энэхүү шалгалтын зорилго нь юу байсан бэ?
-Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагааны оролцогч байгууллагуудын үйлчилгээг сайжруулах, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/836 дугаар захирамжаар байгуулсан. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн байгууллагуудад үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажилласан гэсэн үг. Зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК-д шалгалт хийгээгүй. Энэ Ажлын хэсгийг миний бие ахалж, шалгалт гэхээс илүүтэй нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр нийслэлийн удирдлагад танилцуулах чиг үүрэгтэй ажилласан.
-Ажлын хэсэг ажиллахад нийтлэг ямар зөрчлүүд илэрсэн бэ?
-“Улаанбаатар смарт карт” ХХК-тай Нийслэлийн Нийтийн тээврийн газар “Дата-Карт” консорциум компанитай Улаанбаатар хотын захиргаа тус тус байгуулсан хоёр гэрээ бий. Эдгээр гэрээний дагуу Улаанбаатар хотын нийтийн тээврийн удирдлага, төлбөрийг цахим мэдээллийн системд нэвтрүүлэх гэрээг “Улаанбаатар смарт карт” ХХК-тай байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 4.8 жилийн хугацаанд тухайн систем бүрэн нэвтрээд дуусах учиртай юм. Гэтэл тухайн гэрээ одоог хүртэл бүрэн хэрэгжиж дуусаагүй. Компаниас хийх ёстой хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн хийгээгүй, мэдээлэл технологийн системийг дуусгаж, захиалагч талд хүлээлгэж өгөөгүй. Энэ нь “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шалтгаалж байгаа юм.
-“Улаанбаатар смарт карт” ХХК гэрээний дагуу ямар үүрэг хүлээсэн бэ. Мөн гэрээнд ямар үүргүүдийг биелүүлээгүй вэ?
-GPS төхөөрөмж ашиглан Улаанбаатар хотын нийтийн тээврийн өгөгдлийг бий болгон, системийг хөгжүүлж, ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай болгох, орлогоороо зарлагаа санхүүжүүлэхийн тулд энэ гэрээг байгуулсан. Ийм боловч өнөөдрийн байдлаар гэрээ дуусаагүй байна. Тухайлбал, автобус баазын систем 509.6 мянган ам.долларын, карт үйлдвэрлэх тоног төхөөрөмж 940 мянган ам.долларын, сүлжээ холболтын зардал 300 мянган ам.долларын, автобусны буудлын мэдээллийн самбарын зардал 1,000.0 мянган ам долларын, нийт 2,749.6 мянган ам.долларын ажлууд хийгдээгүй. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг жолоочид анхааруулах систем, GPS мэдээллээ ашигладаг систем зэрэг зарим ажил хийгдээгүй. Мөн зарим системийг хөгжүүлсэн боловч захиалагч байгууллагын шаардлагад нийцээгүй ажлууд байна.
Автобусанд байршуулсан карт уншигчууд шаардлага хангахгүй, зөвхөн тухайн компанийн гаргасан картыг уншиж байгаа. Саяхан “Голомт” банкны картыг уншдаг боллоо. Үүнтэй холбоотой нийтийн тээврийн орлого буурч байна. Иргэдийн картаа цэнэглэх боломж хангалтгүй байна. Банкны аппликэйшнээр цэнэглэдэг систем мөн саяхан нэвтэрлээ. Карт уншигч хуучирсан, цэнэглэх цэгүүд ашиглалтад бүрэн ороогүй, ТҮЦ болон дэлгүүрүүдээр карт цэнэглэж байна.

-Смарт карт нэвтрэхээс өмнө нийтийн тээврийн орлого ямар байсан бэ. Тус систем нэвтэрснээр ямар өөрчлөлт гарсан бэ?
-Систем нэвтэрсэн 2015 онд нийтийн тээврийн орлого 48 тэрбум 766 сая төгрөг байсан. Харин 2016 онд 45 тэрбум, 2017 онд хамгийн өндөр буюу 50 тэрбум төгрөг байна. 2017 онд зөвхөн картаар үйлчлүүлдэг болсноос хойш нийтийн тээврийн орлого буурсан. Тодруулбал, 2021 оны дүнгээр нийслэлийн нийтийн тээврийн орлого 21 тэрбум байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 60 гаруй хувиар буурсан дүн. Нийслэлийн төсвөөс гаргадаг орлого, зарлагын зөрүү санхүүжилт бий. 2015 онд 21 тэрбумын орлого, зарлагын санхүүжилт өгч байсан. Гэтэл өнгөрсөн оны дүнгээр 105 тэрбумыг өгсөн. Орлогоо төвлөрүүлж чадахгүй байгаа учир орлого, зарлагын санхүүжилт өссөн. Бид өөрийгөө санхүүжүүлээд явдаг, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр тухайн байгууллагатай гэрээ байгуулсан. Гэтэл энэ ажил хэрэгжихгүй, нийтийн тээврийн салбар уналтын байдалтай байна.
-Систем хөгжүүлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Систем хөгжүүлэлтийг БНСУ-д хийж байна. Систем хөгжүүлэх талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас шаардлага тавихаар “Бид Солонгос тал руу мэдэгдэж зөвшөөрөл авч, хэрэгжүүлнэ” гэсэн хариу өгдөг. Систем хөгжүүлэлтэд тус компаниас 8.6 тэрбум төгрөг зарцуулсан.
-Смарт карт цэнэглэх 1100 цэг ажиллаж байна гэсэн. Эдгээр цэг бүрэн ажиллаж чадаж байна уу. Энэ нь нийтийн тээврийн орлогод нөлөөлж байгаа юу?
-Карт цэнэглэдэг зориулалтын цэг маш цөөхөн бий. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад цэг нээсэн боловч цаг хугацаандаа ажиллахгүй байна. Мөн картын ашиглалттай холбоотой мэдээллүүд дутмаг. Тухайлбал, иргэдийн гээсэн картаас шалтгаалан, картын дансанд захиран зарцуулж болохгүй гацсан 1.3 тэрбум төгрөг байна. Карт ашиглалт, цэнэглэлттэй холбоотой асуудлыг ухаалаг цахим төлбөрийн системд нэвтрүүлэх төсөл хэрэгжих ёстой байсан боловч бүрэн хэрэгжээгүй. Энэ нь нийтийн тээврийн орлого тасалдах шалтгаан болж байна. Энэ тал дээр зоригтой шийдэл гаргаж, 4.8 жилийн хугацаанд системийг бүрэн нэвтрүүлж, захиалагч байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Одоо системээ нэг бол хүлээлгэж өгөх, эсвэл гэрээг нь цуцлах шийдэл байна. Ажлын хэсэг байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үүний дүнд гэрээг цуцлах санал гаргаагүй. Тухайн компани зөвхөн 2015 онд ашигтай ажилласан гэж тайлагнасан. 2021 онд 5.8 тэрбумын алдагдалтай ажилласан тооцоог гаргасан. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн системийг бүрэн ашиглаж, бодлого боловсруулах үйл ажиллагаанд дата мэдээллийг ашиглаж чадахгүй байгаа. Үндсэндээ захиалагч байгууллагын шаардлагад тус компанийн үйл ажиллагаа нийцэхгүй байгаа.
-Илүү бага зардлаар дотоодын компаниуд энэ системийг хөгжүүлэх боломж байгаа юу?
-Тухайн компанийн 8.6 тэрбум төгрөгөөр хийсэн ажлыг монгол компаниуд хийх боломжтой. Ингэхдээ 3-5 дахин бага зардлаар энэ системийг хөгжүүлэх технологийн чадамжтай.

Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
-
Дэлхий нийтээр..2021/03/18
Г.Занданшатар: Цаашид зээл, тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хү...
-
Дэлхий нийтээр..2022/02/09
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар албажсан баримт бичгүүд
-
Үйл явдал2021/09/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно
-
Үйл явдал2023/03/07
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
