Дэлхий нийтээр..
Нийслэлд авто замын 67 төсөл хэрэгжинэ
2022 оны төсвийн жилд нийслэл Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын 67 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тэдгээрийн 38 нь он дамжсан төсөл бол 29 нь шинээр хэрэгжих юм. Эдгээр төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас тайлбар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, орлогч дарга Г.Баттогтох, Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хятадын хөрөнгө оруулалт, зээлээр хэрэгжиж буй шинэ замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгнө үү?
Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох:

-Нарны замын гүүрний тухайд 40.2 сая ам.долларын гэрээний өртөгтэй. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд хоёр удаа зээл авсан. Нэг тэрбумын зээлээр Налайхын замыг шинэчлэн барьж байгаа. 500 саяын экспортын зээлээр Замын цагдаагийн гүүрэн гарц, Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүр гэсэн төсөл хэрэгжсэн. Замын цагдаагаас бусад нь хэрэгжээд дууссан.
-Зам тавихдаа давхар бродюр байрлуулсан асуудал олон хүний шүүмжлэлд өртсөн. Та бүхэн хувийн компани тэгж тавьсан хэмээн тайлбарлалаа. Хяналтыг хэн тавих ёстой байсан бэ?
-Энэ талаар бид хувийн компанийнхантай уулзлаа. Орц, гарц гаргаж, машины зогсоол байгуулахдаа явган хүний замыг нарийсгаад давхар бродюр тавьчихсан байх магадлалтай. Түүнээс нийслэл болон улсын төсвөөс болон Замын хөгжлийн газраас хийгдээгүй ажил. Намъянжугийн гудамжинд хувийн компани зогсоол байгуулахдаа явган замын бродюртэй давхардуулсан байгааг бид шалгаж, тодруулж байна.
-Нарны замын ажил хэзээ дуусах вэ?
-Нарны замын барилгын ажлыг зургаадугаар сарын 30-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Нүхэн гарцаар зүүн тийш Сэлбэ голын гүүр хүртэл хоёр талдаа хучилт хийнэ. Олимпын гудамж орчимд мөн хучилт хийнэ. Явган хүний зам дутуу байгаа. Тавдугаар сарын 19-н гэхэд гүүрний металл хийц Монголд бууна. Тэгэхээр явган хүний гүүр товлосон хугацаандаа ашиглалтад орно.
-Энэ жил нийслэлд ямар ямар авто замын ажил эхлэх вэ?
-Нийслэлийн замын сүлжээнд энэ жил шинээр 29 төсөл арга хэмжээ эхлүүлж буй бол 37 төсөл он дамжин хийгдэж байгаа. Томоохон зарим замаас дурдвал, 22-ын товчооноос хойш Дарханы замтай шууд холбосон 5 км зам, хотын төвийг Яармагтай холбосон дөрвөн гүүр бүхий авто зам барина. Шар хадыг Улиастайтай холбох төсөл мөн хэрэгжинэ.
-Явган хүний зам болон хашлага, бродюр тавьдаг хэчнээн компани байдаг вэ?
-Бродюрийг явган хүний зам, авто замтайгаа хамт тавьж байгаа. Дугуйн замыг хоёр газарт дангаар нь барьж байгаа. Өнөөдрийн байдлаар 23 компанийн гүйцэтгэгч хараахан тодроогүй байна. Бусад нь гүйцэтгэгч тодроод ажилдаа орсон.
-Дугуйн зам шаардлага хангахгүй байна гэсэн гомдол их гардаг.
-Дугуйн замын стандартыг нарийн мөрдүүлж байгаа. Зарим газарт орон зай чөлөөлөгдөөгүйгээс нарийссан гэх мэт алдаа гарч байсан. Нийтдээ 57 км урт дугуйн зам тавих юм. Энэ удаагийн дугуйн замыг алдаа мадаггүй хийлгэхээр бид тухай бүрд шалган ажиллаж байна.
-Яармагийн гүүрний нүхэн гарц зун болгон усанд автдаг. Үүнийг засаж сайжруулах уу?
-Нүхэн гарцад тийм алдаа байхгүй. Нүхэн гарцаас хойш чиглэсэн зам дээр ус тогтох нь бий. Уг замыг 2016 онд “Гудамж” төслийн хүрээнд барихдаа ус зайлуулах шугам тавиагүй юм билээ. Нүхэн гарцын хувьд усыг нь насосаар өргөж хаядаг. Насосны ашиглалтыг Геодези, усны барилга, байгууламжийн газар хариуцан ажилладаг.
-Монгол Улсад барьж буй замын асфальтын хучилтыг хэдэн см тавьдаг вэ?
-Тухайн авто зам дээр ямар даацын хэдэн машин явахыг тооцоод, зураг төсөл зохиогч зургийг зохиодог. Түүнийг экспертээр хянуулаад, барилгын ажлыг эхлүүлдэг. Тэгэхээр зам бүрийн зузаан, өргөний хэмжээ өөр өөр байна гэсэн үг.
-Энэ жил хэчнээн замын хашлага солих вэ?
-Хашлага солих ажил гэж байдаггүй. Замын шинэчлэлтийн ажлыг хийнэ гэдэг бол замынхаа геометр хэмжээсийг алдагдуулахгүйгээр хучилт болон явган зам, хашлагатай нь шинэчлэхийг хэлж байгаа. Их засвар гэвэл доод талын шугам сүлжээтэй нь иж бүрнээр шинэчлэхийг хэлж байгаа юм. Энэ жилийн хувьд Замын сангийн хөрөнгөөр хотын төвд хэд хэдэн газарт замын шинэчлэл хийнэ. Засгийн газрын ордны баруун, зүүн зам болон Гэсэр сүмээс өгсөж, уруудсан замыг шинэчилнэ. Эдгээр замыг 2007-2008 онд барьсан. Үндсэндээ 14-15 жил болж байгаа, эвдрэл гарч, урсгал засвараар янзалсаар өнөөдрийг хүрсэн. Энэ байдлаар цааш явбал ус чийг авснаас бүтцийн өөрчлөлт орох магадлалтай юм. Тэгвэл засварт гарах зардал улам бүр нэмэгдэнэ.
Бетон хучилттай замын эвдрэлийг гадаадын улс орнуудад 5-6 жилд шинэчилж засаж байдаг. Манайд хөрөнгө оруулалтын боломжоос шалтгаалаад 15 жил болгодог. Түүнчлэн чулуун замуудын тухайд хэсэгчилж засаж, сольж болдог онцлогтой.
-Авто замын хурд сааруулагчийн стандарт байна уу. Зам бүрд өөр өөр хурд сааруулагч тавьсан байх юм?
-Замынхаа ангиллаас хамаараад өөр өөр сааруулагч тавьдаг. Хурд сааруулагч тавих шаардлагагүй зам ч бий. Жишээ нь, Яармагийн замд хурд сааруулагч тавих боломжгүй. Учир нь тэнд тавих дүрэм байхгүй. Нэг эгнээтэй, хоёр урсгалтай гэхчлэн замын хурд сааруулагч бүгд өөр байгаа. Хүсвэл стандартыг нь нарийвчлан судлах боломжтой. Голчлон гарцын ойролцоо хурд сааруулагч байршуулдаг.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Энэ жил Замын сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх замын засвар шинэчлэлтийн ажил удахгүй эхэлнэ. Тендерт шалгарсан компаниуд ажлаа эхлэхэд бэлэн болоод байна. Гэсэрийн уулзвараас Тасганы овоотой холбогдсон зам болон Дөрөвдүгээр дэлгүүрийн хойд уулзвараас 32-ын тойрог хүртэлх зам болон усны гудамж, Содномын гудамж гэх мэт 14 байршилд замын шинэчлэл хийнэ. Дахиад хэлэхэд бродюр солих гэсэн тусдаа ажил байдаггүй. Замын шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн, муудсан хашлагыг сольдог гэлээ.

Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Хэн юу хэлэв...2020/09/21
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн &l...
-
Дэлхий нийтээр..2023/12/06
Сингапур улстай нүүрс төрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилц...
-
Үйл явдал2022/12/23
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Үйл явдал2021/11/12
Сургалтын үр дүнг хэлэлцэх цахим хурал боллоо
