Дэлхий нийтээр..
Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн III шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус сургалтыг 2019 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын чиглэлээр мэргэшүүлэх зорилготой юм.
Энэ жилийн сургалт 2021 оны 10 дугаар сарын 04-28-ны өдрүүдэд “Байлдааны буудлага”, “Уулын бэлтгэл сургалт”, “Уулын сургагч багш бэлтгэх” гэсэн гурван төрлөөр явагдаж, хоёр улсын 100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх сургалтын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сургалтад оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:
“Эрхэм Элчин сайд ноён Розенберг, хүндэт зочид, хатагтай ноёд оо,
Хоёр улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нар аа,
Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны 01 дугаар сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 50 шахам жил өнгөрч хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна.
Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурийг эзэлдэг.
Одоогоос 28 жилийн өмнө Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд цэргийн дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, хамтарсан сургалт дадлагуудыг зохион байгуулах, Энхийг дэмжих болон Олон улсын цэргийн ажиллагаанд хамтран оролцох, зэвсэглэл техникийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг хэлбэрээр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд баяртай байна.
ХБНГУ-аас Монгол Улсын батлан хамгаалах салбарт 1995 оноос хойш нийтдээ 20 шахам тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нь хоёр орны харилцаа хэрхэн хөгжиж байгааг харуулсан бодит жишээ юм.


Монгол Улсын Зэвсэгт хүчний 265 цэргийн алба хаагч Герман Улсын буцалтгүй тусламжаар суралцан, төгссөн бөгөөд, тэд өнөөдөр томилогдсон анги, байгууллагууддаа албаа амжилттай хааж, Зэвсэгт хүчний шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Афганистан Улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний 1,500 гаруй цэргийн алба хаагч герман нөхөдтэйгөө мөр зэрэгцэн энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.
2019 оноос эхлэн явагдаж байгаа Уулын явган цэргийн хамтарсан сургалт нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Жил ирэх тусам энэхүү сургалт илүү өргөн хүрээг хамарч, анхан шатнаас мэргэжлийн түвшин рүү шилжиж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд туйлын баяртай байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах яам, энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж буй 23 дугаар уулын явган цэргийн бригадын удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Монгол, герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжин хөгжих болтугай” гэлээ.

Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны хамгийн залуу төсөл болох Уулын явган цэргийн хамтарсан сургалттай өөрийн биеэр танилцахаар ирсэн нь хоёр орны тусгаар тогтнол, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсний илэрхийлэл гэдгийг тодотгов.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2021/04/28
Ж.Дамдинцэрэн: Соёл, урлагийн салбарыг менежментийн эргэлтэд оруулах хэрэгтэй
-
Үйл явдал2022/06/24
Улаанбаатар өдөртөө 31 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2020/08/20
Байнгын хорооны гишүүдэд боловсролын салбарын бодлого, төлөвлөлтийн талаар мэдээ...
-
Дэлхий нийтээр..2020/12/21
“Соёлын элч” нарт бодлого, үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа
