Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Б.Өнөржаргал: Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон

Огноо:

,

Сэтгүүлч:

Гуравхан настайдаа эмээгээрээ дууны үг заалгаж дуулж сурч, удалгүй Хүүхдийн ордны С.Ганчимэг багшийн гарын шавь болсноор урлагийн авьяас нь тодорч, долоохон настайгаасаа өөрөө дуу зохиож, дуулж хүүхдийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ чамлахааргүй оруулсан бяцхан сод авьяастан Б.Өнөржаргалыг танихгүй мэдэхгүй хүн ховор биз. 

2006 онд анхныхаа “Найзаа намайг хараарай” цомог, 2009 онд “Дуугаар мэндчилье” хоёр дахь цомог, 2010 онд дан өөрийнхөө зохиосон дуунуудаас бүрдсэн “Сэтгэлээс эгшиглэсэн миний дуунууд”, 2013 онд 20 гаруй дуугаа клипжүүлэн “Уртын дуундаа би хайртай” цомгоо гаргасан, урын сандаа 100 гаруй дуутай ийм л авьяаслаг охин эдүгээ бидний дунд чимээгүйхэн амьдарч байна. Түүний анхны уран бүтээлүүдийн нэг “Найзаа намайг хараарай” дуу бол цэцэрлэгийн хүүхдүүдийн сүлд дуу гэж хэлж болохоор. Балчир үрсээ өглөө цэцэрлэгт нь өгөхөд, орой тарахад нь авахад ч энэ дуу эгшиглэж, сэтгүүлч хүний сониуч зандаа хөтлөгдөн “Энэ дууг дуулсан бяцхан Өнөрөө одоо их том болсон байх даа, Монголд байдаг юм болов уу, авьяастай охин гадагшаа уран бүтээл хийх гээд явчих вуу, нэг уулзахсан” гэж бодож явсаар саяхны нэг өдөр утасны дугаарыг нь олж, ярилцах завшаан олдсоноо уншигчидтайгаа хуваалцья.

Хоёр жил дамнасан цар тахал, хөл хорио, өвчин эмгэг, улс төр, сонгуулийн солиорлын хажууд нэгэн үе олны хайрыг татаж, өхөөрдөл бахдалыг төрүүлж явсан Б.Өнөржаргалтай ярилцсан богинохон ярилцлага сонирхол татах нь дамжиггүй.

-Сайн байна уу, миний дүү. Долоохон настайгаасаа ая зохиож уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан Б.Өнөржаргал охин их том болжээ. Их сургуулиа төгссөн гэж сонслоо?

-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм ээ сая энэ хавар СУИС-ийг Хөгжмийн зохиолч мэргэжлээр амжилттай суралцаж төгслөө. Одоо үргэлжлүүлээд магистраар сурч байгаа.

-Хөгжмийн зохиолчид өөрийг тань их өндрөөр үнэлдэг байсан. Дуулахаасаа илүү хөгжим зохиох гоц авьяастай гэж. Сүүлийн жилүүдэд их нам гүм байлаа. Хөгжим бүжгийн коллежид морин хуурын ангид сурч байсныг чинь  л мэдэх юм байна?

-Хамгийн сүүлд 2013 онд "Уртын дуундаа бид хайртай" дуугаа хийснээс хойш дууны уран бүтээл хийгээгүй их удсан шүү. "Уртын дуундаа бид хайртай" дуугаараа "Морин хуур" Их наадамд шилдэг 25-т шалгарч мэргэжлийн хүмүүсээс их өндөр үнэлгээ авч байсан. Түүнээс хойш ямарваа нэгэн тэмцээн уралдаанд ахлах сургуулиа төгстөл нээх оролцоогүй ээ. Зөвхөн хичээлдээ анхаарч сургуулиа амжилттай төгсөх л зорилготой байсан. СУИС-д Хөгжмийн зохиолч мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байхдаа Хөгжмийн онолын тэнхим болон Орчин Үеийн Хөгжмийн Онолын Тэнхимээс хамтран зохион байгуулсан "Бид бүтээнэ" анхдугаар уралдаанд "Хайраа асууя" дуугаараа "Шилдэг ая зохиогч"-оор тэргүүн байр, "Шилдэг дуучин"-аар дэд байр, "Шилдэг найруулагч"-аар дэд байранд орсон. Дууны уран бүтээл гаргаагүй их удсан байсныг ч хэлэх үү энэ уралдаанд ялахдаа үнэхээр их баярлаж байсан шүү. Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон. Морин хуурч мэргэжлээр суралцаж төгссөн болохоор ч тэрүү морин хуур хөгжмөөр бүтээл хийхэд арай ойр юм шиг санагддаг.

2020 оны "Алтан намар" хөгжмийн их наадмын "Цөөхүүл бүтээлийн төрөлд" Морин хуурын дөрвөлийн зохиолоороо тэргүүн байранд орсон.

-Мундаг хөгжмийн зохиолч болоод дэлхийд алдартай болохыг хүсдэг гэж хүүхэд байхдаа ярьж байсан. Тэр мөрөөдөл нь хэвээрээ юу. Би чамайг гадагшаа сурах гээд явчих вуу гэж хүртэл бодож байлаа?

-Багадаа мундаг хөгжмийн зохиолч болно гэж хүсдэг байсан мөрөөдөл минь хэвээрээ байгаа. Мөрөөдлөө эхнээс нь бага багаар хэрэгжүүлээд л явж байна даа. Намайг хүсэл мөрөөдөлд минь хөтлөх хэдхэн л зүйл бий.

Түүний минь нэг хэсэг нь миний хайрт мэргэжлийн багш Ш.Өлзийбаяр болон миний хичээл зүтгэл, мөн миний бүх арыг даадаг ГЭР БҮЛ минь юм. Энэ бүхэн миний амжилтанд хүрэх зам гэж бодож явдаг даа.

-Чиний зохиосон болон дуулсан дуунуудыг цэцэрлэгийн жаахан дүү нар нь анддаггүй юм билээ. Тэдний дуулж байгааг харах чамд ямар санагддаг вэ?

--Би оюутан байхдаа цэцэрлэгт дуу хөгжмийн цагийн багшаар ажилладаг байсан. Анги даасан багш нараас нь өмнө нь ямар дуу заасныг нь асуухад миний багадаа дуулж байсан дуунуудыг зааж өгч байсан юм байна лээ. Би гайхсан шүү. "Найзаа намайг хараарай" дууг дуулсанаас хойш 16, 17 жил болж байхад одоог хүртэл цэцэрлэгт заагддаг гэхээр. Миний багадаа дуулж байсан "Цаг", "Амин хүүдээ би" зэрэг дуунуудыг дуулуулаад бэлдүүлэх надад маш гоё санагддаг байсан.  Хэдэн үе дамнаж мартагдахгүйгээр заагдаж байгаа гэхээр үнэхээр баярлууштай, урамтай байдаг. Бас энэ дуугаараа урлагт анх хөл тавьсан болохоор хэзээ ч мартагдашгүй нандин түүх болж үлдэж байна. Хэдхэн жилийн дараа манай охинд бас цэцэрлэгт нь зааж өгвөл "Ээжийнх нь чиний насандаа хамгийн анх дуулж байсан дуу шүү дээ" гэж хэлнэ ээ.

-Өнөрөөгийн маань зохиосон маш олон дуунууд хаа сайгүй эгшиглэдэг. Дуунуудынхаа зохиогчын эрхийг баталгаажуулсан уу, 100 гаруй уран бүтээл туурвисан гэж уншиж байсан?

-"Найзаа намайг хараарай", "Дуугаар мэндчилье", "Сэтгэлээс эгшиглэсэн миний дуунууд" цомгуудын маань зохиогчийн эрхийн гэрчилгээ бий. Гэхдээ цэцэрлэгт ажилладаг байхдаа хаанаас олж авсан юм бол гэмээр миний дуунуудын фонаграмм байдаг байсан. Энэ бол зохиогчийн эрх зөрчсөн хэрэг л дээ. Үе үеийн дүү нарт маань миний багадаа дуулж байсан дуунууд минь өвлөгдөөд, дуулагдаад явж байвал надад сайхан санагддаг болохоор би мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг дөө. Би Хөгжмийн зохиолч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан болохоор Хөгжмийн зохиолчийнхоо эрхийг хараахан авч амжаагүй л явна.

Ер нь бол урын сандаа 100 гаруй дуутай. Одоогоор бүгдийг нь нэгтгээд яг тоолж чадаагүй л байна. Зарим зохиосон дуунуудын маань нот энд тэнд хаягдаад, алга болсон. 2013 оноос хойш дууны уран бүтээл нэг их гаргаагүй болохоор дууны урын сан маань олигтой нэмэгдээгүй ээ. Хөгжмийн бүтээлийнхээ урын санг чанартай бүтээлүүдээр өргөжүүлэх зорилготой байгаа.

-“Шүдээ угаацгаая”, “Мэлхий” зэрэг дуу нь Ерөнхий боловсролын сургуулийн  I, II дугаар ангийн номонд орж, “Оны шилдэг хүүхэд” болж тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шагнал авч байсныг тань тод санаж байна. Өөрөө хүүхэд, тэгээд хүүхдийн сурах бичигт уран бүтээл нь орно гэхээр гоё байсан байх?

-"Мэлхий", "Шүдээ угаацгаая" дуунууд ЕБС-ийн бага ангийн номонд орно гэхэд тухайн үедээ их л гайхаж байж билээ. Өөрөө сурагч байж зохиосон дуунууд нь сурагчийн сурах бичигт орно гэхээр ямар ч хүнд гоё, бас их үнэ цэнэтэй санагдана шүү дээ. Түүний дараахан "Оны шилдэг хүүхэд"-ээр шалгарсан шүү. Ирж шагналаа аваарай гэхэд бас л  гайхах баярлах хоёр зэрэгцэж байсан даа. Яг шинэ жил болохын өмнөхөн болохоор маш тод санаж байна.

-Тэртээ 2014 онд бяцхан охин Б.Өнөржаргал маань ээжийнхээ эмчилгээнд зориулан “Ээжээ урт наслаарай” тоглолт хүртэл зохион байгуулж байсан. Харамсалтай нь хайртай ээжийгээ хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр алдсан шүү дээ. Дүү нар нь одоо их том болоо доо?

-Тухайн үед би 15 настай, том дүү маань таван настай, бага дүү маань нэгхэн настай хоцорч байсан. Одоо би өөрөө хөөрхөн охины ээж болсон байна. Том дүү маань 12 той, бага дүү маань найман настай болсон.

Ээжийн минь авъяас бидний цусанд байдаг юм шиг. Ээж маань 10 жилдээ бүжиглэдэг, дуулдаг, шүлэг бичдэг, бас сагс сайн тоглодог, хичээлдээ маш сайн охин байсан гэж ярьцгаадаг л даа. Яг л тэрийг нь бид гурав өвлөөд авчихсан юм. Манай том дүү хичээлдээ сайн, бас бүжиглэх, сагс тоглох дуртай. Бага дүү маань ч ялгаагүй хичээлдээ сайн, бас бүжиглэнэ. Өөрийнхөө авъяас билгийг үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээгээд биднийгээ үүрд орхиод явсан ээжийгээ их л санах юм.

Ярилцсанд баярлалаа

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд С.Такаичи мэдэгдлээ.

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр болсонд сайшаалтай хандаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

2027 онд тохиох Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.

Найрсаг харилцаатай улс орнуудын хувьд Монгол, Японы Засгийн газрууд хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

Огноо:

,

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас  Улсын Онцгой комисс, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өгсөн үүргийнхээ биелэлтийг хянаж, уулзалт /2026.10.26/ хийлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нэмэлтээр мэргэжлийн байгууллагын шинжээч нарын баг газар дээр нь ажиллаж байна. Нийт шатсан газар нутгийн 30 хувьд нь машин техник очих боломжтой. Үлдсэн 70 хувьд нь хүрч ажиллах баг маргааш онгоцоор гарна. 
Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдээгүй бүс нутагт нэвтэрсэн асуудал хөндөгдөж байна. Хохирлыг хөрс, газрын хэвлий, ургамал, амьтан, агаар зэрэг байгалийн бүрдэл хэсэг бүрээр нь хуулийн хугацаанд тогтооно. Хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шатанд дахин хохирол тогтоох асуудал үүсэхээс сэргийлж Шүүхийн шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээчийг одоо ажиллаж буй багт нэмж ажиллуулна зэрэг мэдээллийг өглөө.  

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нисдэг тэрэгний түлш нийлүүлэх машин өнөөдөр, 13:40 цагт Дорнод аймаг руу хөдөлсөн. Зургаан цэгт ажиллахаар төлөвлөсөн гэлээ. 

Ерөнхий сайд “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртлөө. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Ийм хохирол учраад байхад хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан болон Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ч хууль, баримтад тулгуурлан шалгах ёстой гэлээ.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гэхдээ хөрөнгө оруулагчид хууль, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөх зарчимтай гэдгийг онцоллоо. 

Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт, 

Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд, 

Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд:

Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй айлчлал Дрезден хотноо үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.

Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.

Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..2026/11/02

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Үйл явдал2026/11/02

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооц...

Үйл явдал2026/11/02

Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын а...

Үйл явдал2026/11/02

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэл...

Үйл явдал2026/11/02

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Үйл явдал2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Үйл явдал2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Үйл явдал2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Үйл явдал2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Үйл явдал2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Хэн юу хэлэв...2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Үйл явдал2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Үйл явдал2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Үйл явдал2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Үйл явдал2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Үйл явдал2026/10/29

Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөги...

Үйл явдал2026/10/29

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянз...

Үйл явдал2026/10/29

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Үйл явдал2026/10/29

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахы...

Дэлхий нийтээр..2026/10/28

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Дэлхий нийтээр..2026/10/28

АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажу...

Үйл явдал2026/10/28

“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэ...

Үйл явдал2026/10/28

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан стан...

Үйл явдал2026/10/28

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Үйл явдал2026/10/28

Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг ө...

Үйл явдал2026/10/27

УИХ-ын зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад айлчиллаа

Үйл явдал2026/10/27

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд ...

Хэн юу хэлэв...2026/10/27

Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг да...

Үйл явдал2026/10/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагв...

Үйл явдал2026/10/27

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж ...

Санал болгох