Үйл явдал
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Үйл явдал
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцолж өнөөдөр /2026.10.28/ тус сургуульд ажиллалаа. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Нийслэлийн 149 дүгээр сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ. Шингэрүүлсэн хийн зуух ашигласнаар агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.
Төсөл хэрэгжүүлэхэд төсвөөс мөнгө зарцуулаагүй, Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоор санхүүжилтийг шийджээ.

Төслийн өртөг 860 сая төгрөг. Энэ зардлыг “Саусгоби сэндс” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн бол гүйцэтгэгчээр “Газком” ХХК ажиллажээ. Тоног төхөөрөмж угсарч, хийн зуухыг ашиглалтад оруулахад хоёр сарын хугацаа зарцуулсан байна.
“Газком” компани Чингэлтэй дүүргийн 117, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлсэн бөгөөд 2018 оноос хойш 50 гаруй байршилд уурын зуух буулгаж хийн түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлжээ.
2025 онд нийслэлийн 13 байршилд 27 уурын зуухыг шингэрүүлсэн хийн халаагуурт шилжүүлж 6300 тонн нүүрсний хэрэглээг халсан. Энэ нь 1,400 гаруй айлын яндантай дүйцэх хэмжээний бохирдлын эх үүсвэрийг арилгасан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.




Үйл явдал
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Үйл явдал
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Үйл явдал2026/10/15
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад ха...
-
Үйл явдал2022/04/21
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана
-
Дэлхий нийтээр..2024/10/03
Залилагч үргэлж дүрээ хувиргаж, хохирогч хайж байдаг
-
Дэлхий нийтээр..2021/03/01
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадамд оролцох эрхээ авлаа
