Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад 400 тонн хүнс, тэжээлийн тусламж гардууллаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тус аймаг зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогджээ.
Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудад санал, хүсэлтээ илгээсэн билээ.

Улмаар УОК-оос гамшгийн үнэлгээ хийж, Засгийн газар тогтоол гарган Баянхонгор аймагт л гэхэд 480 тонн өвс, 450 тонн тэжээлийг үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хуваарилсан нь малчдад тараагдаад дуусчээ.
Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нутагтаа байгаа болон өөр аймгийн нутагт отроор явж буй малчин өрх бүрд 300.000 төгрөгийн хүчит тэжээлээр тусалж байгаа юм. Энэ тусламжийн хүрээнд Баянхонгор аймгийн 12011 өрхөд 3113 тонн тэжээл хуваарилагдсаны 477 тонн нь аймаг очоод байгаа аж.
Түүнчлэн МУЗН-ээс 240 өрхөд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 264 өрхөд малын тэжээл өгсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгийн ахмад настнууд, малчин 14000 өрхөд зориулж, 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 7000 ширхэг цай, нийт 400 тонн хүнс, тэжээл авчирснаа гардуулан өгөв. Мөн 100.000 ширхэг маскийг аймгийн Онцгой комисст өглөө.
Аймгийн төвийн иргэд малчдын нэг настай 10.000 гаруй малыг тэжээж, онд оруулж байна. Эдгээр малыг албан байгууллагууд 50-100-гаар нь хуваан авч, ажилтнууд ээлжээр маллаж байгаа аж. Түүнчлэн гидропоник аргаар, хөрсгүй технологиор бэлтгэсэн улаан буудайн соёолжийг сум, албан байгууллага, айл өрхүүд тариалж, малдаа өгч байгаа юм байна. Энэ ажилд “NNCC” ХХК-ийн захирал, тус аймагт хэрэгжиж буй “Энх Монгол зоригт” төслийн удирдагч, агрономич З.Чулуунцэцэг арга зүйгээр тусалж, сургалт явуулан, дадлагажуулснаас гадна аймгийн төвд хүлэмжийн тариалалт эрхэлж, одоогоор 19 тонн тэжээл бэлтгэн нийлүүлээд байна.

Энэ аргаар 5 хоног ургуулсан тэжээлээр 20 хоног тэжээсэн мал 7-10 кг таргалж байгаа аж.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон холбогдох ажилтнууд энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрийнхөө талаар танилцуулав. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд ингэний сүү, сайжруулсан түлш үйлдвэрлэх, малын тэжээл, хүнсний ногооны кластер үйлдвэрлэл эрхлэх, шинэ суурьшлын бүс байгуулах, Шаргалжуутын рашаан сувиллыг шинэчлэн хөгжүүлэх зэрэг олон төслийг аймгийн захиргаатайгаа хамтран хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.

Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
-
Дэлхий нийтээр..2026/02/09
“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна
-
Дэлхий нийтээр..2021/03/18
Г.Занданшатар: Цаашид зээл, тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хү...
-
Үйл явдал2019/09/06
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНБУ-д айлчилж байна
-
Дэлхий нийтээр..2023/05/10
Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно
