Үйл явдал
“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцуулав
“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцууллаа.
Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгууллаа.
Энэ ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг өнөөдөр /2024.10.2/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон дэргэдэх газар, хэлтсийн харъяа байгууллагын албан хаагчдад танилцуулга хийлээ.
Тус танилцуулга мэдээлэлд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар дурдсан байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Үйл явдал
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Үйл явдал
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс төсвийн үр ашиг, санхүүгийн сахилга, хариуцлага, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг, төрд итгэх иргэдийн итгэл зэрэг олон асуудлын хөндөж, Ерөнхий сайд Н.Учралтай чуулганы танхимд нээлттэй мэтгэлцээн өрнүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин 2017 онд улсын төсвийн нийт зарлага 9.0 их наяд төгрөг байсан бол 2027 онд 43.5 их наяд төгрөг болж, урсгал зардал 7.0 их наядаас 33.5 их наяд төгрөгт хүрсэн ч өрхийн бодит орлого ердөө 62.0 хувиар өссөн тухай статистик мэдээллийг танилцуулж, энэ зөрүүгийн цаана төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудал оршиж буйг шүүмжилсэн юм. Монгол Улсын төсөв бодлогод бус зардалд суурилах болсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байгаа уул уурхайгаас хэт хамааралтай өрөөсгөл бүтэцтэй холбоотойг тодорхой тайлбарлав. Засгийн газраас төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2027 онд ДНБ-ий 2.0 хувь, 2028 онд 1.5 хувь, 2029 онд 1.0 хувь хүргэж бууруулах зорилт тавьжээ. Төсвийн реформын эхлүүлж, үүний хүрээнд төрийн өмчит компанийн ноогдол ашгийг төсөвт татан төвлөрүүлж, төсвийн гадуур явдаг хөрөнгийг ил тод болгож эхэлснийг Ерөнхий сайд дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-ийн зээл, Хөгжлийн болон Капитал банкны хэрэг, Нүүрсний хулгай, Ногоон автобусны хэргийн хариуцлагыг нэхэж, Хуримтлалын санд хэдий хэмжээний хөрөнгө төвлөрсөн талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар аудитын байгууллагын дүгнэлтээр төсвийн сахилга, хариуцлага алдсан нь нотлогдсон албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон тухай асуулт тавив. Үндэсний аудитын газраас хариуцлага тооцуулах 96 санал ирүүлснийг Ерөнхий сайд Н.Учрал мэдээлж, зарим төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдагуудад хариуцлага тооцсон талаар ярив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт өгсөн багш нарын цалин, урамшууллыг улсын дунджаас өндөр түвшинд хүргэх чиглэлүүд яагаад хэрэгжихгүй байгааг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ажлаа өгснийхөө дараа авлига, хулгайн талаар ярьж эхэлдэг нь төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулах нэг гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан юм . Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа эрх баригч намынхны авлига, албан тушаалын хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн ямар байгааг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг аймгууд эргээд шударга санхүүжилт авч чадахгүй байгааг сануулж, үүнд анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүнээс хүслээ.

Улсын Их Хурал дахь олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асуулт тавьж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг даруй өргөн мэдүүлэхийг зөвлөв.
Мөн Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, П.Наранбаяр, Ж.Золжаргал, Г.Уянгахишиг нар Оюутолгой ХК-ийн ногдол ашгийг хэрхэн ашиглах, баялгийн өгөөжийг ирээдүйд чиглүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр болон нүүрс-химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Хуримтлалын сангийн хөрөнгийг илүү өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд оруулах, мөн стратегийн төслүүдэд ашиглах зэргээр саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.



Ерөнхий сайд Н.Учрал хөрөнгийн зах зээлийг эдийн засгийн шинэ тулгуур болгон хөгжүүлэх, татварын дарамтыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг танилцуулж, олон жил үргэлжилсэн авлига, албан тушаалын хэрэг, маргааныг хууль хяналтын байгууллагаар нэг мөр шийдвэрлүүлэх, ил тод байдал, хариуцлага, бодит үр дүнг нэмэгдүүлэх замаар иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын 2027 оны төсвөөр дамжуулан Засгийн газар татварын хөнгөлөлт, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан шинэ өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж буйг Ерөнхий сайд Н.Учрал онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Үйл явдал
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) нэгдсэн хуралдаанаар явуулсан асуулгын цагийн дараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Төсвийн байнгын хороо хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн дэмжсэн саналуудыг хуулийн төсөл татаж авсантай холбогдуулан төсөлд өөрчлөлт оруулах, урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс урсгал зардалд шилжүүлэх зохицуулалт болон Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх, нэгдүгээр хавсралтын талаарх зэрэг нийт 10 багц саналыг боловсруулсан байна. Мөн Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудыг тус байнгын хорооны гишүүдийн болон бусад Байнгын хорооны, мөн санал гаргасан гишүүд өөрсдөө татаж авсан гэж гурав багцалжээ.
Санал хураалтаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.
Хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав. "Оюутолгой" ХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөө Засгийн газар татан авсан юм. Иймд Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан #ОТ" код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хасах, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх Байнгын хороодод шилжүүллээ.
Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан Оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийг хийх хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг мөн сонслоо.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, С.Замира, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Пүрэвдорж, Ж.Галбадрах, О.Номинчимэг нар оршуулгын зан үйл, уламжлал заншил, шашин шүтлэг, үндэстний онцлог, мөн оршуулгын газрын төлөвлөлт, зохион байгуулалт болон холбогдох дүрэм, журмын талаар асуулт асууж, үг хэлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу уг асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Улсын Их Хурлын даргад санал болгож, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.
Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен, Д.Бум-Очир, С.Зулпхар, мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлж, иргэн Д.Гансаруул, Гандантэгчинлэн хийдийн гавж лам Д.Алтаншагай болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд энэ талаарх хуулийн төсөлд тусгагдалгүй орхигдсон асуудал бий эсэх, ард иргэдийн дунд өрнөсөн маргаантай асуудлыг эцэслэх, үндэстэн, ястан, зан үйлээр ялгаварлан гадуурхахгүй байх зохицуулалт тусгах, бурхан болоочийг хүндэтгэх, хамгаалах тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээг сахиж мөрдөх, түүх, археологийн судлагдахууны хувьд оршуулга, түүний зан үйлийг хүний эрхийн мэдрэмжтэйгээр нарийвчлан зохицуулах зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оршуулгын зан үйлийг цэгцлэхдээ үндэстнүүдийн зан үйл, уламжлал, дэг ёсыг хэрхэн уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй талаар асууж, хариулт авсан юм. Гавж лам Д.Алтаншагай, өргөдөл гаргагч Д.Гансаруул нар бурхан болоочдыг оршуулах уламжлал болон нийтийн өргөдөлд санал авах үед олон нийтээс илэрхийлж байсан нийтлэг саналуудын талаар тодорхой тайлбар өгөв.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Гэрээ соёрхон батлах тухай хууль болон “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонслоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Дэлхий нийтээр..2022/08/24
Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэ...
-
Дэлхий нийтээр..2021/09/28
“Бэлх”, “100 айл” дахь цагдаагийн хэсгийн шинэ байрны нэ...
-
Үйл явдал2024/08/14
"Нүүдэлчин" фестивалийн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Үйл явдал2024/03/21
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлч...
