Үйл явдал
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.
2026 оны зургаадугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, голын хөндийгөөр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-18 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 10-наас
2026 оны зургаадугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Үйл явдал
Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа.
Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад 21, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө.
Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцох бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1 нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй аж. Насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу 2026 оны зургаадугаар сарын 6-аас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болно.
Үйл явдал
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Үйл явдал
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Дэлхий нийтээр..2025/11/18
#COP30 Б.Батбаатар сайд "Дэлхийн дэд бүтцийн тогтвортой байдлын тайлан-2025" нээ...
-
Үйл явдал2025/03/13
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэ...
-
Хэн юу хэлэв...2020/09/08
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яаманд ажиллав
-
Дэлхий нийтээр..2023/03/20
Инфографик: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиг...
