Хэн юу хэлэв...
С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, тус зөвлөлийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, шүүх болон шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг тусгасан. Үүнээс хойш 2022 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Шүүхийн багц хуулиудын ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлаар батлуулж байснаа дурдаад тухайн үед хэлэлцүүлэг тасралтгүй 17 цаг үргэлжилж, хамгийн удаан хуралдаж, Шүүхийн багц хуулиудыг хэлэлцэн баталж байсныг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагууд тус тусын чиг үүргээ хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хамтран ажиллах нь чухал. Төрийн эрх мэдэл ард түмнээс эх ундаргатай. Тиймдээ ч төрийн мөн чанар нь ард иргэдийн итгэлийг хүлээсэн байхад оршино хэмээлээ.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаас хойш таван жил өнгөрч буй учраас Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийж, нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа нэн даруй Улсын Их Хуралд ирүүлэх, Хууль зүйн байнгын хороо хамтран ажиллах шаардлагатай гэлээ. Энэ хүрээнд шүүхийн шинэтгэлийн асуудал нь дан ганц шүүх эрх мэдлийн асуудал бус, энэ шинэтгэлийг гүнзгийрүүлэх, бататгахад Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн байгууллагууд ямар оролцоотой байх нь 2024 онд батлагдсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгагдсаныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа дурдав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, ажиллах орчин, эрх зүйн орчны шинэтгэлийн үр дүн, тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Улсын Их Хурлын дарга болон уулзалтад оролцсон гишүүдийн асуултад хариулт өгч, нээлттэй санал солилцлоо.
Энэ үеэр Шүүхийн багц хууль хэрэгжсэнээс хойш ажиглагдаж буй ахиц дэвшлийг тодотгож байв. Тухайлбал, хэрэг хуваарилалтыг гаднын нөлөөгүйгээр шийдвэрлэж, иргэдийн оролцоог хангаж, шүүх хурлыг дуу, дүрсний бичлэгтэйгээр олон нийтэд хүргэдэг болсон, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар тойм бичиж нээлттэйгээр байршуулдаг болсноос гадна дагнасан шүүх тэр дундаа хялбар ажиллагааны шүүх байгуулагдсанаар бага үнийн дүнтэй хэргүүдийг шийдвэрлэх хугацааны хурд нэмэгдсэн зэрэг ахиц, дэвшил гарсан байна.

Харин цаашдаа шүүхийн үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох, шүүхийн үйлчилгээний орчин нөхцөлийг эргэн харж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд хийх зэрэг тулгамдсан асуудлууд байгааг танилцуулж байлаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 4 шүүх түрээсийн байранд, 3 шүүх байргүй, 4 шүүх, прокурорын байгууллагатай хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн хуульд хэрэг хянан шалгах ажиллагааны цахим платформыг үүсгэх тухай тусгасан ч кибер аюулгүй байдлыг хангах дата төвийг байгуулахтай холбоотой эрх зүйн зарим зохицуулалт дутагдаж байгааг хөндөв.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, шүүхийн шинэтгэлийг бататган бэхжүүлэхэд парламентын түвшинд юуг анхаарах, хэрэгжилтийг хариуцаж байгаагийн Шүүхийн ерөнхий зөвлөл юунд төвлөрөх талаар байр суурь сонсох, ойлголцол бий болгох нь энэхүү уулзалтын ач холбогдол болохыг тэмдэглэсэн. Мөн шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ тайлагнал, хариуцлагын зохистой тэнцвэрийг бий болгоход чиглэгдсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөлөл дутуу байгааг Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч шийдвэрлэх болно хэмээгээд Улсын Их Хурлын даргын хувьд шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхэд шаардлагатай эрх зүйн бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Хэн юу хэлэв...
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.
Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав.
Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.


