Үйл явдал
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
Энэ оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай болон COP17 Зам, тээвэр, логистикийн дэд хороо, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох удирдлагуудын оролцлоо.
2026 оны 08 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд уг уулзалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох, байгууллагуудын уялдаа холбоог хангах зорилгоор хуралдав.
Тус хурлаар Олон Улсын энэхүү томоохон арга хэмжээний үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээврийн хэрэгслийн урсгалыг оновчтой зохион байгуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний удирдлага, хяналтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсад хүрэлцэн ирэх гадаадын зочид, төлөөлөгчдийн аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тэмдэглээд, замын хөдөлгөөний зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах, ая тухтай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, онцлогийг мэдрүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатайг дурдав.
Мөн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын уялдаа холбоог хангах, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санал нэгдэн, дахин хуралдахаар тохиролцов.
Үйл явдал
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Үйл явдал
Багануур дүүрэгт гал түймрийг алсаас илрүүлэх өндрийн камер ашиглалтад орлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хэмжээнд 13 байршилд тусгай зориулалтын өндрийн камер суурилуулахаар төлөвлөсний дагуу Багануур дүүрэгт анхны камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа.
Тус камер нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлэх боломжтой. Ингэснээр ой, хээрийн болон объектын гал түймрийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулж, гал түймрийг эрт илрүүлэх, хохирлыг бууруулах нөхцөл бүрдэх юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр цаашид төлөвлөгөөний дагуу бусад байршилд өндрийн камерыг үе шаттайгаар суурилуулна.
Үйл явдал
Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

-
Дэлхий нийтээр..2020/10/11
Энэ сарын 14-нөөс 16-ны өдрийг дуустал Өмнөговь аймагт архи согтууруулах ундаа з...
-
Дэлхий нийтээр..2020/09/28
Баянхонгор аймгийн 2850 гаруй сурагч тохилог сайхан эрдмийн өргөөтэй боллоо
-
Дэлхий нийтээр..2024/11/13
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа
-
Дэлхий нийтээр..2024/01/02
Татвар, торгууль төлөөгүй, оношилгоонд оруулаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй
