Чөлөөт бүс
О.Сарантуяа Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ
Хүзүүндээ зүүх медалиа “дааж чадахгүй” болсон ч тэмцээн бүрт алгасалгүй оролцож, амжилт гаргаж яваа түүнийг Оросоогийн Сарантуяа гэдэг.
Тэрбээр 1994 онд тухайн үеийн 019 дүгээр ангид нөөцийн нярав албан тушаалд томилогдон 1997 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийг байгуулагдхад үргэлжлүүлэн 26 дахь жилдээ ажиллаж байна.
Тэрээр 2001 онд дэд ахлагч цол хүртэж, мөрдэстэй эмэгтэйчүүдийн эгнээнд орж, тус ангид Хими, инженерийн нярав албан тушаалд энгийнээр ажилладаг, шүхрийн спортын мастер зэрэгтэй.
“Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг” гэж хэлэх дуртай О.Сарантуяа “Олон улсын хэмжээний мастер”-ын болзол хангачихвал миний зорилго биелнэ хэмээн ярьж, зорилгынхоо төлөө хичээнгүйлэн зүтгэж ирсний илэрхийлэл нь 2015 онд хөнгөн атлетикаар тогтсон нормыг биелүүлж, “Спортын мастер”-ын болзол хангаж байжээ.
Энэ удаа түүний хүсэл биелж, 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр “Олон улсын хэмжээний мастер” цолоо Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа С.Батболдоос гардан авлаа.
Анх 5 дугаар ангид байхаасаа л хөнгөн атлетикийн дугуйланд хамрагдаж ирсэн О.Сарантуяа тухайн үед дөрвөн төрөлт буюу өндөр, уртын харайлт, 100, 1500 метрийн гүйлт зэргээр зохиогддог байсан үеэс л гүйж эхэлсэн юм.
“Архангай аймгийн таван сумын дунд зохион байгуулагддаг спартакиадын тэмцээнд 7 дугаар ангидаа анх удаа, түүнээс хойш 10 дугаар ангиа төгсөн төгстөлөө тасралтгүй оролцож, 9 дүгээр ангидаа Пионер сурагчдын улсын аварга шалгаруулах VII спартакиадааас улсын чанартай тэмцээний анхны медалиа хүртэж байсан. Мөн өвөлдөө тэшүүрээр их гулгадаг хүүхэд байсан бөгөөд 8 дугаар ангидаа сум дундын спартакиадад орж I байрт эзэлж байсан маань тод санагддаг” хэмээн хуучилж суусан.

Одоо тэрбээр Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээний хөнгөн атлетикийн төрөлд 41-ээс дээш насны ангилалд оролцдог бөгөөд түүний нөхөр спортын мастер, дэд хурандаа Д.Энхбат мөн хөнгөн атлетикаар хичээллэдэг юм.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард Зэвсэгт хүчний 326 дугаар ангид зохион байгуулагдсан ЗХЖШ-ын цогцолбор шалгалтын өмнөх өдөр нь тэрбээр Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Ахмад мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож, хос мөнгөн медаль өвөртлөн шөнөжингөө давхисаар өглөө нь ангидаа шууд ирээд аранзаа үүрэн шалгуулж байсан.
Энэ бүхнээс харахад түүний спортод ямар их хорхойтой, даруухан хирнээ дотроо том зорилго тээж яваа, спортоор хичээллэхийн ач холбогдлыг ойлгож мэдэрсэн, тамирчин бүсгүй гэдгийг илтгэнэ.
Тэмцээн уралдаанд оролцохдоо өөрийгөө хэрхэн дасгалжуулдаг, бэлтгэл сургуулилтаа яаж хийдэг талаар түүнээс тодруулахад, “Тусгайлсан багш байхгүй, уралдаан тэмцээнд оролцохдоо өөр баг, тамирчидтай хамтарч бэлтгэл хийдэг. Гэхдээ ихэвчлэн нөхрийнхөө заавар, зөвлөгөөг дагаж бэлтгэлээ хангадаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүн маань миний дасгалжуулагч...” хэмээн тайлбарлаж, цаашид өөрийн гэсэн шавиа төрүүлэх нууцхан бодол тээж явдгаа ч нуугаагүй.
Тэрбээр “Хөнгөн атлетик нь бүх спортын хаан гэдэг утгаар хичээллэхэд маш гоё спорт. Ямар ч үед гүйгээд ирэхэд сэтгэл сэргээд, тайвшрах шиг мэдрэмж төрдөг. Хүнд дасгал хөдөлгөөн маш чухал. Тиймээс заавал гүйлт гэлтгүй ямар нэгэн спортоор хичээллэж байх хэрэгтэй. Өөрсдийн сонирхдог спортоор хичээллэж, авьяас чадвараа хөгжүүлэн уралдаан, тэмцээнд оролцож байгаарай. Тэр нь цаашид амжилт болдог. Залуучуудыг дагуулаад бэлтгэл сургуулилт хийхийг хүсдэг. Тэмцээний ч гэлтгүй жирийн үед бэлтгэлээ таслахгүйг хичээх ба ажлын цагаар бол зав зайг ашиглан хийнэ. Тогтмол дасгал, сургуулилт хийж байж амжилтад хүрдэг учраас аль болох чадах чинээгээрээ өөрийгөө дасгалжуулдаг” гэж байлаа.
Эцэст нь тэрбээр “Энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа туйлын их баяртай байна. Зэвсэгт хүчний 326 дугаар анги үүсэн байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаж ирсэн удирдлага, хамт олондоо энэ завшааныг ашиглаад баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл биелэх болтугай” гэсэн юм.

СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ТҮҮНИЙ ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТУУД:
• Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит гүйлтийн УАШТ-ий 10 км-ын зайд I байр алт 2017.04.29
• Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит “Багахангай марафон” УАШТ-ий 10 км-ын зайд I байр; алт 2018.05.31
• “Алтан шипи-2018” мастеруудын хөнгөн атлетикийн УАШТ-ий дөрвөн төрөлд 100 метрт алт, 400 метрт хүрэл, 1500 метрт алт;
• Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат МУ, ЗХУ-ын цанын спортын мастер Б.Дамдинжав агсны нэрэмжит өвлийн спортын наадмын гүйлтийн цанын төрөлд I байр алт 2017.02.05
• “Тал нутгийн Монгол-2019” Олон улсын марафонд 5 км-ын зайд I байр, алт 2019.09.10
• Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит “Багахангай марафон” УАШ 50 км-ын гүйлтийн төрөлд 35-49 насны ангилалд I байр эзэлж, алт 2019.05.29
• 2019 оны Ахмад мастеруудын хөнгөн атлетикийн УАШТ-д 45-49 насны ангиллын 100, 1500 км-ын хоёр төрөлд тус бүр II байрт шалгарч, хоёр мөнгө 2019.09.29
• Монгол Улсын холын зайн гүйлтийн нэрт тамирчин спортын мастер, улсын 24 удаагийн аварга зөвлөх багш Б.Вандан-Очирын нэрэмжит тэмцээний 100, 800 метрийн хоёр төрөлд оролцож мөнгө, хүрэл 2019.07.01
• Улаан-Үүд хотод хоёр дахь удаа зохион байгуулагдсан Олон Улсын найрамдал “PURE BAIKAL” тэмцээний 21 км-ын зайд мөнгө 2019.08.10-11
• “Ахмадын цаначдын УАШТ-2018”-д 2,5 км-ын зайд II байр мөнгө 2018.01.17
• “Солонгос-Монголын хамтарсан марафон 2019” тэмцээний 5 км-ын зайд мөнгө 2019.08.03
• БНӨСУ-ын Чежү аралд 2019.11.10-17, Малайз улсад 11.24-12.08-ны хооронд зохион байгуулагдсан Хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцож хос хүрэл
• Ахмад цаначдын УАШТ-ий 3 км-ын зайд хүрэл 2019.03.11-14
• “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагдсан 5 км-ын гүйлтийн тэмцээнээс хүрэл 2019.05.29
• Монголын цанын холбооны нэрэмжит гүйлтийн цанын Ахмад мастеруудын УАШТ-ий 3 км-ын зайд III байр хүрэл 2017.01.24
• “Богдхан уулын трэйл 2019” Олон Улсын трэйл гүйлтийн тэмцээнд 50-55 насны 21 км-ын зайд III байрт шалгарч хүрэл 2019.07.28
• Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Монгол, Хятад, Улаан-Үүд гурван орны нөхөрсөг тэмцээнээс III байрт шалгарч хүрэл 2019.09.03
• “Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар 2019” Бүх нийтийн марафон гүйлтийн 21 км-ын зайд III байр хүрэл 2019.09.14
• Солонгос улсын Daegu хотод Их мастеруудын ДАШТ-ий 8 км-ын зайд Дэлхийн аваргын хүрэл 2017.03.27
• Олон улсын цахим гүйлтийн тэмцээнд Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас 10 офицер, ахлагчийн хамт багийн ахлагчаар оролцож, 56 багийн дүнгээр IV байр 2020.05.23-25
• Хэнтий аймагт зохион байгуулагдсан улсын V их наадмын 3 км-ын зайд III байр 2019.08.26-27
• Улаанбаатар марафон-2019 Олон Улсын гүйлтийн тэмцээний 21 км-ын 34-54 насны ангилалд VI байр 2019.05.18
Чөлөөт бүс
Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...
Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.
Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.
Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.
Чөлөөт бүс
Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?
Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.
Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.
Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.
Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.
Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.
Чөлөөт бүс
Халимны сүү ууж болох уу?
“Амьтны сүү юм чинь ууж л таараа биз дээ?” гэж бодогдож байна уу? Тэгвэл жаахан сонирхоод үзье. Юуны өмнө, халимны сүү гэдэг чинь энгийн сүү биш аж. Үхрийн сүүтэй харьцуулахад хэд дахин илүү тослогтой, бараг л цөцгий, масло хоёрын дунд юм шиг өтгөн. Тэр бүү хэл усанд уусахгүй, харин шахагдаж гардаг гэвэл итгэх үү? Зулзагандаа зориулсан жинхэнэ “energy drink” гэсэн үг.
Гэхдээ эндээс л сонирхолтой хэсэг эхэлнэ.
“За тэгээд нэг амсаад үзчихье” гэвэл тийм амар биш.
Халим бол зэрлэг, асар том амьтан. Далайд амьдардаг, барихад ч бэрх. Дээрээс нь дэлхий даяар хамгаалагдсан амьтны нэг тул International Whaling Commission зэрэг байгууллагууд агнах, барихыг хатуу хянадаг. Өөрөөр хэлбэл, сүүг нь авах гэж оролдох нь өөрөө асуудал дагуулна.
Тэгээд ч бодоод үз дээ… усан дотор халим “саана” гэдэг кинонд л гардаг ажил шүү дээ. Бодит амьдрал дээр ийм технологи ч, арга ч байхгүй.
Тэгэхээр дүгнэлт?
- ✔️ Онолын хувьд: амьтны сүү тул ууж болох мэт
- ❌ Бодит байдалд: боломжгүй шахуу
- 😂 Туршиж үзэх: бараг “mission impossible”
Халимны сүү тийм өтгөн байдаг нь зулзагыг усанд дулаацаж, хурдан өсөхөд нь туслах зориулалттай гэнэ. Байгаль хүртэл “premium nutrition” хийчихжээ
-
Дэлхий нийтээр..2023/02/28
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгав
-
Дэлхий нийтээр..2022/09/29
БШУЯ: 47 дугаар цэцэрлэг 3 байранд 750 хүүхдийг сургаж байна
-
Үйл явдал2023/12/26
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна
-
Үйл явдал2021/01/19
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
