Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. /Ерөнхий сайд тус холбооны төлөөлөгчидтэй өнгөрсөн наймдугаар сард мөн уулзаж байсан юм/
Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан учраас цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд бусад боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа аж. Тухайлбал, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжилт босгож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсныг Ерөнхий сайд онцоллоо. Уг тогтоол батлагдан хэрэгжиж эхэлбэл цалинг нэмэгдүүлэхээс гадна багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Үндсэн цалинг ингэж нэмэгдүүлэхэд жилд 3.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Боловсролын яам гаргажээ. Улсын төсөвт ийм боломж хомс тул багш нарын цалинг тодорхой үе шаттай нэмэгдүүлж, 2028 онд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэллээ.

Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2021/12/01
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна
-
Үйл явдал2025/08/11
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Дэлхий нийтээр..2025/05/22
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр хаах авто замууд
-
Үйл явдал2024/05/07
“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, ...
