Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 18-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 13-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 20-22 метр, 12, 13-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэмийн хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар 7-12 хэмийн дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар дулаарна.
Үйл явдал
Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа.
Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад 21, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө.
Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцох бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1 нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй аж. Насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу 2026 оны зургаадугаар сарын 6-аас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болно.
Үйл явдал
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Үйл явдал
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Үйл явдал2023/12/04
УОК: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
-
Дэлхий нийтээр..2021/11/11
Хотын дарга түгжрэл бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцууллаа
-
Дэлхий нийтээр..2024/06/20
Хан-Уул дүүргийн иргэд төрд бэлтгэгдсэн гурван нэр дэвшигчээ дэмжинэ
-
Үйл явдал2024/09/18
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
