Дэлхий нийтээр..
Монголын анхны өвлийн спортын ордны нээлт боллоо
“Степпе Арена” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төслийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, Монголын анхны өвлийн спортын битүү дээвэртэй ордны нээлт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай бүхий Мөсөн өргөөний бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Тус ордны шав тавих ёслол 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болсон бөгөөд үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр 2,600-3,600 хүний багтаамж бүхий битүү дээвэртэй спортын ордон ийнхүү баригдаж, өнөөдрөөс ашиглалтад орж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Шадар сайдаар болон Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус төслийн явцтай танилцаж байсан талаараа дурдаж, энэ түүхэн өдрийн гэрч нь болж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийллээ. Төслийг санаачилсан, санхүүжүүлсэн, хамтран хэрэгжүүлсэн үндэсний компаниуд нийгмийн хариуцлага гэж юу байдгийг үлгэрлэн харуулсан болохыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа хувийн хэвшлийнхний ажлыг дэмжин ажиллахаа хэлэв. Мөн дөрвөн улиралд дураар гулгах энэ ордны мөсөн дэвжээнээс Монголын анхны өвлийн олимпын медальтнууд, аваргууд төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлснийхээ дараа төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлсэн “Ачит Ихт” ХХК, “Юнайтед Прожектс Корпорэйшн” компани, “Монголын алт” корпорац, “Степпелинк Холдинг” компанийн удирдлагуудад Талархал, “Степпе Арена” ХХК-ийн удирдлагад Дурсгалын цом гардуулав.
Тодруулбал, “Ачит Ихт” ХХК төслийн гол санхүүжүүлэгчээр оролцож, “Юнайтед Прожектс Корпорэйшн” компани барилгын зураг, газар, дэд бүтцийн асуудлыг хариуцаж, “Монголын алт” корпорац өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, “Степпелинк Холдинг” дуу авиа, гэрэл сүүдэр, дүрс бичлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох мэдээллийн технологийн ухаалаг шийдэлтэй ордон болгох ажлыг тус тус гүйцэтгэсэн байна.
Монголын анхны өвлийн спортын ордны нээлтийн үеэр “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгч Мөсөн өргөөний нээлтэд хүрэлцэн ирж, бүтээн байгуулсан хүмүүст урам хайрласан үг хэлсэнд талархал илэрхийлэв. Мөн мөсөн гулгуурын талбайн салхийг хагалсан шайбыг үндэсний шигшээ багийн 06 дугаартай өмсгөлийн хамтаар Монгол Улсын Ерөнхийлөгчид гардууллаа. Үүний дараа уран гулгалт, хоккейн үзүүлэн тоглолт болсноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.



Монгол Улсад анх удаа цоо шинэ инженеринг, техник технологийг нутагшуулсан, спортын төдийгүй соёл, барилгын салбарын онцлох бүтээн байгуулалтад үндэсний 95, гадаадын 6 компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцжээ.
“Мөсөн ордон”-той болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх бааз суурьтай болж, тив, дэлхий, бүсийн хэмжээний спортын тэмцээн, уралдааныг эх орондоо хүлээн авах, соёл, урлагийн болон хурал, зөвлөгөөн зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах боломж нээгдэж байна. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багуудын өрсөлдөх чадвар сайжрах, амжилтаа ахиулах, ялангуяа, өвлийн спортыг амжилттай хөгжүүлэх ач холбогдолтой гэж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц энэ үеэр хэлж байлаа.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2022/05/10
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2019/07/19
Улаанбаатар-Дарханы замын засвартай холбоотойгоор авто болон төмөр замаар хэрхэн...
-
Дэлхий нийтээр..2023/04/18
Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан зэрэг сумын нийт бэлч...
-
Үйл явдал2025/01/21
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд
