Дэлхий нийтээр..
Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна
Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ.
Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10-15-ны хооронд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж нийт 24 хүн /том хүн 22, хүүхэд 2/ нас барж, хоёр хүнийг авран хамгаалав.
Өнөөдөр буюу 07.15-ны өдрийн байдлаар усны осолд өртсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд наадмын баяр амралтын өдрүүдэд усны ослоор жилд дунджаар 17 хүн амь насаа алдсан байна.

Усны осолд өртөж амь насаа алдсан тохиолдлын шалтгаан нөхцөлийг судлахад усанд сэлэх гэж орох, тээврийн хэрэгсэл болон ердийн хөсөг морьтой гол гатлах, хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос живж амь насаа эрсдүүлсэн байна. Иймд Онцгой байдлын байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

- Өөрийн сайн мэдэхгүй гол, нуур, усанд орохгүй, сэлэхгүй байх;
- Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч аялах, амрах зугаалахдаа ашиглах;
- Тээврийн хэрэгсэл болон ердийн хөсгөөр баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар ус гатлахгүй байх;
- Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь, гудас, тоглоом зэргийг ашиглахгүй байх;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;
- Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг хүлээн авч дагах, шаардлагыг биелүүлэх;
- Малчид, ард иргэд голын эрэг хөвөө дагуу бууж, суурьшихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/10/11
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал энэ сарын 12-13-нд Астана...
-
Дэлхий нийтээр..2024/04/29
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунти...
-
Үйл явдал2025/05/30
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2024/03/18
ГИХГ: Хоёрдугаар сард 28 улсын 1897 иргэнд цахим виз олголоо
