Тод индэр
Н.Эрдэнэжаргал: Бид эрүүл мэнд, боловсрол, эм үйлдвэрлэл, шашны салбарт зүтгэж яваа улс, бахархалтай шүү
Анагаах ухааны салбарт тэр тусмаа УАУ-ы салбарт хүч сорихоор зэхсэн шинэ элсэгчид, ажлын гараагаа эхэлж буй шинэхэн эмч нарт илүүтэй хаяглан Ээжгий багшийн яриаг хүргэж байна.
- Өнөөдөр даваа гараг. Өглөөний уншлага...Энэ бол таны төгссөн ОМИС-ийн брэнд юм даа.
- Тийм шүү. ОМИС-ийн I курсэд орсон эхний өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй уншиж байна. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад уншиж буй энэ Манлын уншлага, бясалгал нь УАУ-ы эмч мэргэжилтнүүдийн хувьд маш олон давуу талтай. Бид оюутан байхаасаа дадуулах гэж зургаан жил, төгсөөд ахиад хоёр жилийн цаг хугацааг сэтгэлээ төвлөрүүлэн зарцуулжээ. Цаашид ч энэ бас үргэлжилнэ.
- Өглөө бүр ингэж эхлэх үү?
- Өдөр бүр. Оюутан байхад европ хичээлтэй үед алгасах үе байлаа. Гэхдээ өглөө юм уу орой нөхөж уншина. Тарни тоолж байхад чимээгүй орчин үүсгэчихдэг. Энэ үед өөрийн дотоод сэтгэл рүүгээ илүү гүн төвлөрч “өнгийдөг”. Энгийнээр тайлбарлавал зөвхөн өөрийн төлөө уншихгүй байх нь. Энэ бол эх болсон зургаан зүйл хамаг амьтан, миний ойр орчмын хүмүүс, Монгол улс, дэлхий ертөнц, хүн төрөлхтөн, амьтан адгуус, лус савдаг бүгдэд нөлөөлөх хүчтэй. Өглөөний уншлагаа уншиж, бодол цэгцрээд, сэтгэл санаа төвлөрөхөөр зөв шийдлүүдийг гаргана. Зөв шийдэлдээ бүр яг оносон зөв шийдлийг гаргана гээч. Манай эмч нар бас уншлага дундуураа онолын шүн заваагаа ч уншиж бататгадаг. Харин эмчлүүлэгчид бол Өглөөний уншлагад суух их дуртай. “08:00 цаг болчихлоо” гэсээр Манлын өрөөнд түрүүлж ирчихсэн, хүлээгээд суудаг.
- Саяхан “хоёрын” оюутантай Боловсролын үзэсгэлэн дээр хамт суулаа. “Энэ хоёр жилд хичээнгүйлэн номоо үзэж буй бөгөөд төгсөх хүртэл бүүр илүү хичээх ёстой. Шалгуур өндөр шүү. Хэрвээ хичээж чадвал шидийг нь үзнэ” гэнэ. Тэгэхээр уншлага, бясалгалын шид гэж байдаг байх нь ээ?
- Байна, байна. Үнэндээ оюутан байхад уншлагаа гүйцэхгүй хоцрох, уншихад жаахан хэцүү хэсгээс шантрах гэх мэт асуудал гарна. Товчхондоо 100 хувь төвлөрч чаддаггүй үе байлаа. Харин төгсөөд Манла бурханы уншлагаа өөрийн болгоод 100, магад түүнээс ч их хувь төвлөрч, уншлагын хаана аль хэсэгт хэрхэн яаж бясалгахаа мэддэг болcон байна. Миний хувьд сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа бясалгалын хүчийг мэдэрсэн. Хоёр жил гэдэг бас урт хугацаа байгаа биз.
- Магад “шинэ” амьдралд дасах хугацаа байх л даа.
- Үнэндээ ажил дээр гараад “Бүх юм гоё болно” гэж бодтол харин ч эсрэгээрээ байдаг юм билээ. /инээв.сурв/ Ахиад шинээр сурах зүйл ямар их байна аа. Хааяа шантрах мэдрэмж төрж байсныг ч нуугаад яах вэ. Гэхдээ бясалгалын хүчийг мэдрээд ирэхээр ахин өөрийгөө олж, илүү итгэлтэй болно. Тэр хэрээр үйлчлүүлчдээ 100 хувь үзлэг, эмчилгээгээ хийж, зөвлөгөөгөө өгдөг. Тэндээс би өөрөө аз жаргалтай үлддэгийг мэдэрсэн. Манай УАУ-ы эмч мэргэжилтнүүдийн нэг онцлог бий. Бидний яриад байгаа уншлага, бясалгалаа хийсний дараа 100 хувь төвлөрч, судсаа чагнадаг.

- Дипломоо өвөртлөөд, их эмчийн тамгаа бариад сургуулийн хаалгыг хаах тэр мэдрэмж. Маш их үүрэг хариуцлага ирнэ дээ.
- Тэгэлгүй яах вэ, үүрэг хариуцлага бүүр давхар, давхраараа ирнэ. Яг тэр үед зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдахаас өөр аргагүй.
- Өглөөний уншлагын дараа нь...?
-Өглөөний уншлагаар эхлээд дараа нь удирдлагуудадаа ажлаа танилцуулна. Шинэ ажлын төлөвлөгөө гаргаж, хуваарилна гээд үргэлжилнэ ээ.
-Оюутан байхдаа хүүхдийн эмчээр мэргэших хүсэлтэйгээ ярьж байсан. УАУ-ы эмч нар ингэж мэргэших боломжтой юу?
-УАУ-ы их эмч нь хүүхэд, эмэгтэйчүүд гэж мэргэшиж болох юм. Тэрнээс бөөр, уушги, зүрхний УАУ-ы эмч гэж салгах боломжгүй. Оюутан байхдаа хүүхдийн эмчээр мэргэшнэ гэж боддог байлаа. Сонин шүү, төгсөөд миний тасагт авсан анхны үйлчлүүлэгч гурван настай. Бид одоо ч холбоотой байдаг. Хүүхдийн хувьд хүндрэх, эдгэрэх явц нь маш хурдан учраас хүндрэлээс сэргийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл илүү их хянуур хариуцлагатай байхыг шаарддаг. Яваандаа энэ чиглэлдээ мэргэшинэ дээ.
-Хүүхдийг ч судас чагнаж оношлох уу?
-Хүүхдийг чихний болон хурууны судсаар нь оношилдог онцлогтой.
-Яриа маань эмч нарын өрөөнд үргэлжилж байна. Энэ оны “Мөрөөдлийн самбар”-аас харахад олон зүйл төлөвлөж шүү.
-2023 оны “Vision board”-ыг харж амжжээ. /инээв.сурв/ Энэ жил хятад хэлээ үргэлжлүүлэн суралцах, балетаар хичээллэх, санхүүгээ зөв зохицуулах, өөртөө болон гэр бүлдээ цаг гаргах, сошлд анхаарал хандуулах гэхчилэн олон зүйлийг төлөвлөөд ажиллаж явна. “Vision board”-дээрх энэ дээшээ гараа өргөсөн зураг нь “Ямар нэг ажлыг эхлүүлсэн бол заавал дуусгах ёстой”-г өөртөө сануулдаг мессэж байгаа юм. Ер нь зураг бүрийн ард маш олон зорилго, зорилтууд бий. Үүнийг оны эцэст дүгнэж, өмнөх онтойгоо харьцуулах бас л гоё мөч байдаг. Одоо үед бол manifest гэж яриад байна шүү дээ. Би энэ аргаар олон ажлын ард амжилттай гарсан.
-Жишээ сонирхуулж болох уу?
-Болно шүү. Би II курсийн оюутан байхдаа 2032-2033 онд шинэ эмнэлэгтэй болно гээд зураг хэвлэж наагаад, эмнэлгийнхээ тохижилт, ажиллах орон тоо, байршил зэргийг товч, тодорхойгоор том дэвтрийн хоёр нүүрээр бичиж үлдээсэн юм. Тэр болтол сургуульдаа багшилна гэж боддог байлаа. Тэгвэл өнөөдөр “Манба Дацан” эмнэлгийн салбар шинэ эмнэлэгтээ ажиллаж байна. Энэ манай тасгийн эмч нарын өрөө. Би тасгийн эрхлэгчтэйгээ хамт суудаг.

- Ажлын ширээ... Эзнийхээ тухай төвөггүй таниулдаг гэж боддог. Танай өрөөний хамгийн гоё хэсэг аль вэ?
- Манла бурхантай тахилын хэсэг их гоё. Манай эмч нарын бүх өрөө ийм зохион байгуулалттай. Нөгөө талд нь УАУ-ы онолын самбаруудаа байрлуулсан байна. Энэ нь дадлагаар ирэх оюутнуудад гарын авлага болдог юм. Харин миний ширээний дуртай хэсэг бол энэ номын тавиур. Номон дунд суухаар эерэг, эрч хүчтэй энерги төрдөг. Жишээ нь компьютерийн өрөөнд ороход тоглогч болсон мэт санагддаг даа. Түүн шиг номтой өрөө, номын үнэр “За ажлаа л хийе, номоо л үзье” гэдэг мессэжийг өгдөг. Би ном унших дуртай.
-Энд бас ОМИС-ийн төгсөгчийн Улаан диплом байна. Шууд л нүдэнд туслаа.
-Тийм ээ, улаан дипломоо тавьсан нь гайхуулж байгаа хэрэг огтоос биш. Энэ диплом, энэ лицензийг өдөр бүрийн хичээл зүтгэл, шамдлаар авсан болохоор “Бууж өгч болохгүй шүү” гэж өөрийгөө зоригжуулдаг юм. Дипломоо харахаар өөрөөрөө жаахан ч гэсэн бахархаж, лицензээ харахаар “Чи эмч болчихсон шүү дээ. Чамд маш их үүрэг хариуцлага байна” гэж бодогддог. Бас эмчийн тангараг, гэрчилгээгээ харахад өөрийн эрхгүй гоё мэдрэмж төрнө өө.

- Ер нь эмч хүний хамгийн жаргалтай мөч яг хэзээ вэ?
- Сайхан мэргэжил л дээ. Эмч ээ, Та ... Хэзээ ч, хэн ч “Эмч ээ чи” гэж хэлдэггүй шүү дээ. Тэр хэрээр итгэл, хүндлэл явдаг учраас хариуцлагатай ажил. Үүрэг хариуцлагаа ухамсартайгаар зөв биелүүлээд, “Эмч ээ Та” гэж дуудуулах бахархалтай. Гэхдээ үүнд хэзээ ч онгирч болохгүй. Энийг дарах ерөндөг нь Өглөөний уншлага, бясалгал байгаа юм. Үйлчлүүлэгчийн оношийг зөв тавиад, “Таны тэнд энд өвддөг үү, танд ийм ийм зовуурь байна уу гэж” асуухад “Тийм ээ та яаж мэдэв” гэх хариулт. Үүний дараа өөртөө итгэлтэйгээр эм эмчилгээгээ сонгоод, тохирсон зөв зөвлөгөөг өгөөд гаргах сайхан шүү. Анх “За залуу эмч яадаг бол доо” гэж харна аа /инээв.сурв/. Харин гарахдаа нүүрэнд нь баясал төрөөд, талархаад гарснаар эмч бидэнд эрч хүчийг өгдөг. Сүүлд нэг толгой нь маш хүчтэй өвддөг үйлчлүүлэгч ирж үзүүлсэн. Оношоо тавиад, эмчилгээнд явуулж, тангаа бичиж өгсөн. Хэд хоногийн дараа ирэхдээ “Толгойн өвдөлт үгүй болсон. Баярлалаа эмч ээ” гэх үгийг сонсох үнэхээр сайхан байлаа. Энэ мэт баяр төрүүлсэн жишээ байна, байна.
- VI курсийнхний сүүлийн хичээл дээр багш “Эмч бол суудал өндөр мэргэжил” болох тухай дэлгэрэнгүй тайлбарладаг.
-Тийм ээ, язгуур угсаа өндөр хүний түвшинд үнэлэгдэж чаддаг мэргэжил учраас хүндлэл дүүрэн эмч байхад маш их сахилга бат, тэвчээр, шамдлыг тухайн хүнээс шаарддаг юм.
- Ингэхэд судас эзнийхээ тухай юу юуг өгүүлдэг юм бэ?
- Судасны чимээ маш олон зүйлийг хэлнэ. УАУ-ы онолд бие, хэл, сэтгэлийг судсаар чагнаж оношилдог. Жишээ нь ганцхан зүрхийг чагнахгүй нь байна. Тухайн хүний сэтгэлийн мэдрэмжүүд, өдөр тутмын амьдралын хэв маяг, хийж буй ажил зэрэг олон мэдээлэл байна. Энэ хүний энэ явдал нь болохгүй байна гэж ч хэлнэ.
Долоон гайхамшигт судас гэж байдаг. Тодруулбал, аавынх нь судсаар охиныг нь, ээжийнх судсаар хүүг нь, нөхрийн нь судсаар эхнэрийг нь, эхнэрийн судсаар нөхрийг нь үздэг. Энэ нь баталгаа нотолгоотой учраас судсаар маш олон мэдээллийг мэдэх боломжтой. Тэгэхээр хүмүүс мэргэч төлөгчтэй жишдэг. Үгүй л дээ, бид судасны чимээ бүрийг онолоор заалгаж, практикт маш олон дадлага хийдэг.
- Долоон гайхамшигт судас гэнэ ээ, гайхалтай. Эхнэр нөхөр болно гэдэг судсаар нь нэгийг нь таних хүртэл нарийн байх нь.
-Тийм ээ, эхнэр нөхөр маш нарийн холбоотой улс. Таван махбод, мөн чанар, үйлийн үрээрээ нягт салшгүй холбогдсон байна. Ээж, хүүхдүүд ч ялгаагүй. Ээж нь өвдөхөөр хүүхдүүд нь нурмайчихдаг. Эсвэл хүүхэд нь нурмайхаар ээжийн нь сэтгэл тавгүй болчихдог. Ер нь ээж, аав, хүүхэд нь маш нарийн үйлийн үрийн холбоогоор холбогддог юм.
-ОМИС-ийн багшаас ажлын гараагаа эхэлсэн. Ахиад багшийн гоё мэдрэмжээр яриагаа үргэлжлүүлэх үү?
- Түрүүн хэлсэн дээ. Сургуулиа төгсөөд багшаараа ажиллана гэж бодож байсан гэж. Оюутан цагийн эрч хүч сулрах ч завдалгүй ажилдаа орсон болохоор үнэхээр сайхан байдаг. Багш ч бас Та-г дагуулдаг. Тэгэхээр мөн л хүндлэл хүлээхүйц мэдлэг чадвартай багш байх ёстой. Тэрний төлөө хичээх хэрэгтэй болж байгаа юм. Хичээлээ урьдчилан чин сэтгэлээсээ бэлдчихээд, оюутнууддаа заагаад, үр дүнг нь харах мөн л гоё мэдрэмж. Шүүлэг авах ч гоё. Тэр бүрд багш мэдлэгээ зузаатгаж байдаг. Багшийн хувьд хичээл орж байхдаа нюансыг нь тааруулах ёстой. Өмнөтгөл, оргил үе хаана байх уу, аль хэсэгт нь ярианыхаа эрчийг бууруулах уу гээд л. Мэдээж багш хүний хувьд илтгэх чадвар маш чухал.
Анхаарлаа төвлөрүүлэн, аливаад сатаарахгүйгээр багшийн чин сэтгэлийг хүлээж авч байгаа оюутнуудын харц андашгүй. Тэгэхгүй хэн нэг нь унтаад, эсвэл үл тоогоод утсаа оролдож байвал гунигтай гэх нь хаашаа юм урам хугардаг. Гэхдээ аль ч тохиолдолд оюутнуудын анхаарлыг 100 хувь татах чадвартай байх хэрэгтэй л дээ. Хүн ер нь багш, эмч хоёр мэргэжлийг эзэмшээд ирэхээр цаанаасаа их ярьдаг хүн болчихдог юм шиг ээ. Мэдэж байгаагаа цааш түгээмээр санагдаад байдаг юм билээ.
- Та бол 31 жилийн түүхтэй ОМИС-ийн төгсөгч. Бас удам залгасан эмч. Ингэхэд танай гэр бүлд хэчнээн эмч байна вэ?
- Би гурван ах, нэг эгчтэй, нэг дүүтэй. Том ах өөр мэргэжилтэй. Гэхдээ манай мэргэжлээр суралцаж байсан. Дараагийн хоёр ах, эгч ч мөн эмч мэргэжилтэй. Дүү маань одоо ОМИС-ийн II курсийн оюутан. Нөхөр бас эмч, багш хүн. Бид эрүүл мэнд, боловсрол, эм үйлдвэрлэл, шашны салбарт зүтгэж яваа улс. Бахархалтай шүү.
- ОМИС бол УАУ-ы эмч, мэргэжилтэн бэлтгэхээс гадна хүн байхын утга учрыг илүү ойлгуулж, төлөвшүүлдэг. Энэ биеийг олж төрөөд хүн байхын учрыг жинхэнэ утгаар нь мэдэрч амьдарна гэдэг сайхан юм.
- Түрүүн яриандаа цухас дурдсан даа. Манай сургуулийн хөтөлбөр маш цэгцтэй явдаг тухай. Ажил дээр гараад сэргээхэд л санадаг. Хэддүгээр курстээ ямар ямар хичээлээ оруулах уу, тэр нь дараа нь хэрхэн холбогдох уу гээд маш төгс хөтөлбөр юм. Үүнээс гадна манай сургууль бааз хоёр эмнэлэг, эмийн үйлдвэр, хөдөөгийн бааз, орон хийдтэй. Оюутнууд нэгдүгээр курсээс эхлээд ургамлын хээрийн дадлагад гарах бөгөөд жилийн дөрвөн улирал сургалт дадлага явагддаг. Мөн европын тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эмнэлэгт дадлагад гардаг. Төвөд хэлийг нэгдүгээр курст орсон эхний өдрөөс үзсэнээр УАУ-ы ном судрыг эх сурвалжаас нь үзэж судлах боломжтой болж байгаа юм. Сургуулийг зорин ирж суралцах гадны оюутан олон бий. Өнөөдөр эхнээсээ төгсөөд Манба Дацан эмнэлэгтээ ажиллаж байна. Энэ нь Монголын бахархал болчхож байгаа юм. Мөн бас төгсөгчдийн хүүхдүүд нь удам залган УАУ-ы эмч мэргэжлээр суралцаж байна. Би ч тэдний нэг.

УАУ-ы эмч хүнийг бие, хэл, сэтгэлээр нь оношилж, эмчилдэг. ОМИС-ийг төгсөж буй эмч нар бүх талаас нь оношлох, эмчлэх чадвартай төгсдөг юм. Нөгөө талаас хүн болж төрсний учир холбогдлыг илүү ухаж ойлгодог. Товчхондоо амьдралын зорилгоо олж авдаг. Энэ бол үнэхээр гайхалтай. I курстээ төвөд хэл, эмчийн ёс зүйн хичээл орж дуусахад хувь хүн болж төлөвшчихсөн байдаг. Энэ бол хамгийн гоё, том онцлогуудын нэг. Амьдралын зорилго нь маш өөр болдог. Буян нүгэл, үйлийн үрийн нарийн тогтолцоо, юуг хийж, юуг хорих уу, ёс зүй сахилга бат, юунд хичээж шамдах зэрэг мэдлэгийг шинэ оюутны эхний хоёр сард л үзэж дуусгадаг. Хүмүүс том хаусанд амьдрах, гадаадад гарах, их мөнгөтэй гэхчилэн мөрөөдлөө ярьцгаадаг. Харин манай оюутнуудаас асуувал их өөр хариулт хэлнэ ээ. Ямар өөрчлөлт гардагийг ээж аав нар, ойр дотныхон дуу нэг ярьдаг л юм.
-Нээрээ л тийм шүү.
- Сургуулиа төгсөх нэг хэрэг. Төгсөөд ажил мэргэжлээрээ ажиллахад шинээр буюу магадгүй /практик амьдралаас/ ахиад юуг сурч эхэлдэг юм бэ?
- Ажил дээр гараад харилцаа хандлага номер 1 чухал гэдгийг ойлгосон. Үнэндээ үйлчлүүлэгч, ажлынхандаа дундаа муухай уур амьсгал бүрдүүлээд, таагүй энерги төрүүлдэг хүмүүс бий. Тийм байж болохгүй л дээ. Мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах чадвар, харилцаа хандлага, шударга байдал сайн эмч байхад их нөлөөтэй. Бас хууль эрх зүй, санхүүгийн мэдлэг, шинэ техник технологи дээр ажиллаж сурах, судлах хэрэг гарч байна. Мэдээж бас гадаад хэлний мэдлэг хэрэгтэй. Эндээс харахад ер нь ямар ч мэргэжлийн хүн алхам тутамдаа суралцсаар л явдаг ажээ.
ОМИС-д уламжлалт анагаах ухаан 70, европ хичээл 30 хувиар ордог. Оточ Манрамба Их сургуулийн хичээлийн хөтөлбөрийн хувьд ярилтгүй сайн гэдгийг амьдрал дээр гараад илүү ойлгож явна. Жишээ нь нэгдүгээр курст төвөд хэл үзлээ, хаагдлаа. Дараа нь эмчийн ёс зүй орно, мөн хаагдана. Энэчлэн судас, шээс оношлогоо, адын өвчин гээд үргэлжилнэ. Тэгэхээр цаг тухайд нь хичээлээ сайн хийх ёстой. Дараа нь үйлчлүүлэгч орж ирэхэд цогцоор нь мэдэж байж оношоо тавина, эм, эмчилгээгээ бичнэ. Энэ бол эмч хүний хувьд маш том сорилт юм. Тэрнээс би зөвхөн судсаар оношилдог гээд суухгүй. Ямар ч зовуурьтай хүн ирж болно. Нэн ялангуяа уламжлалтын эмч хүн дээр нас насныхан ирэх бөгөөд ямар ч зовуурьтай байж болно. Сэтгэлий зовуурьтай нэгэн байхад адад хорлогдсон ч байна. Тэр бүрт эмч бэлэн байх ёстой. Тэгэхээр оюутан байх хугацаандаа хичээлээ цогцоор нь уялдуулж ойлгох нь их чухал. Жишээ нь чих өвдсөн зовуурьтай хүн ороод ирлээ. Тэгвэл ганц чих хамар хоолойн өвчнөөс гадна бөөрөөс үүдэлтэй байдаг. Тэгэхээр бөөрний өвчин, чихний өвчин хоёрыг уялдуулж ойлгох хэрэгтэй байх нь байна шүү дээ. Үүн дээр бас гардан үйлдлийн хичээл их чухал.

- Багшийн хувьд шавь нартаа юу гэж хэлэх дуртай вэ? Яг энэ мөчид зөвлөгөө өгөцгөөх үү?
- “Тасалж болохгүй”. Хичээлийн цагийг зөв ашиглах хэрэгтэй. Цагаа зөв төлөвлө гэж их хэлдэг юм уу. Харахад сүүлийн үеийн оюутнууд их амархан шантрах гээд байх болж. Нэг хичээл дээр уначхаараа шантраад, дараагийн хичээл дээр хоцорно, үгүй бол тасалдаг. Сэтгэл зүйн хувьд тогтвортой байх хэрэгтэй л дээ. Бэрхшээл тохиолдолд зөв сэтгэлээр, сахилга баттайгаар даваад гардаг байгаасай.
Нөгөөтэйгүүр гадаад хэлний мэдлэгээ сайжруулахыг зөвлөнө өө. Хэлийг оюутан байхдаа л амжиж сурах хэрэгтэй. Амьдрал дээр гарлаа, араасаа “алгадуулаад” тэр бүр цаг гарахгүй. Би хятад хэлийг хоёр дахь жилдээ үзэж байна. Оюутан байхад нэг курс хичээлийг тун хялбар дуусгасан бол одоо арай удаан үргэлжлүүлэх жишээний. Дээрээс нь спорт, урлагийн талын авьяасаа мөн л оюутан байхдаа хөгжүүлээд ав. 10 жилдээ хичээллэж байсан бол оюутан болоод ч үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ чадварууд ажил дээр гараад ч хэрэг болно. Техник технологийн тал дээр надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз ээ. Орчин үед нүд ирмэхийн зуурт л шинэ, шинэ платформууд гарч байна. Түүнийг цаг алдалгүй суралцах хэрэгтэй.
Үүнээс гадна энд нэмэхэд эмч хүн өөрөө эрүүл байх ёстой. Өөрөө таргалалттай байгаад таргалсан хүнийг эмчилж чадахгүй. Тиймээс идээ ундаа, явдал мөр зөв байх хэрэгтэй. Эрт унтдаг, эрт босдог, дасгал хөдөлгөөн хийдэг гэх мэт. Мэдээж өглөөний цай, өдөр, оройн хоолыг хэмжээнд нь тохируулж иддэг байх. Хүнд зөвлөөд байж өөрөө хэрэгжүүлэхгүй байж болохгүй юм. Өөрөө хэрэгжүүлдэг дадлуудаа бусдад зөвлөхөд илүү хүчтэй өнөө хүндээ хүрдэг. Өөрөө тангаа уухгүй байж тангаа уугаарай гэхээр ямар сонстох уу. Иймээс эмч гэлтгүй хэн нэгэнд зөвлөгөө өгөх гэж байгаа бол өөрөө хэрэгжүүлдэг л байх хэрэгтэй. Өглөө эрт бос гэчихээд өөрөө унтаад байж болохгүй юм.
- Их олон ажлыг амжуулах юм аа. Бас Youtube /https://www.youtube.com/@eejgii4848/ суваг хөтөлдөгийг мэдэх юм байна.
- Оюутан байхаас л судалж эхлүүлсэн ажил байгаа юм. Гэхдээ олонд хүргэхэд зориг хэрэгтэй юм билээ. /инээв.сурв/ Ингээд цаг хугацааны хувьд энэ жил таарч, ажил хэрэг болгосон доо. Нэг талаараа фото зураг авч, видео бичлэг хийх, эдитлэх миний хобби байгаа юм. Нөгөө талаар эмчийн хувьд хүмүүст эрүүл мэндийн чиглэлээр зөв мэдээлэл түгээе, мэдэж буйгаа бусадтай хуваалцъя гэсэн сэтгэлээс үүдэлтэй. Энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн олон ажил байна аа.
- Ярилцлага маань өндөрлөх гэж байна. Эмчтэй уулзсаных уншигчдадаа зөвлөгөө авмаар байна. Дулаарахаар хүмүүс турах, мацаг барих тухай ярьж эхэлдэг.
-Хавар бол бадган босдог улирал. Тэр утгаараа залхуурах мэдрэмж төрж, ядарна. Ийм үед шамдалыг ерөндөг болгох хэрэгтэй. Ядарлаа гээд унтаад байх биш эсрэгээрээ эрүүл зөв хоололт, дасгал хөдөлгөөн, шамдалаар “хямралыг” давах хэрэгтэй. Орчин үед хавар боллоо, мацгийн улирал эхэллээ гэж яриад байна. Энэ бол маш буруу. Мэдээж хавар мацаг барьж болохгүй. Шим тэжээлийг хоолноос авах цаг шүү дээ. Манай онолд хэт их илүүдэл жинтэй хүмүүс хаврын улиралд мацаг барина. Гэхдээ галын илч болоод тамир сайтай хүмүүс онолын дагуу мацаг барина гэж заасан байдаг
- Ярилцсанд баярлалаа.
Тод индэр
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь нийтийн эрх ашиг юм
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэдийн эхлэлээ тавьж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Монгол Улсад анх удаа бүтээн босгож байгаа нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон талын ач холбогдолтой энэхүү томоохон төслийг удирдан хэрэгжүүлэгч “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатартай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд “20 минутын хот” гэх нэр томьёо багагүй яригдах боллоо. Энэ нь ямар утга агуулгатай ойлголт юм бэ?
-“20 минутын хот” гэдгийг энгийнээр тайлбарлавал, тухайн бүсэд амьдарч байгаа хүн өдөр тутмын болон өөрт хэрэгтэй бүхий л нийгэм, соёл, төрийн үйлчилгээнд 20 минутад явганаар хүрч очих боломжийг бүрдүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хотууд яг л манайх шиг түгжрэл, утаа, дуу чимээ гээд төвлөрлөөс үүсдэг олон хүчин зүйлийг давахын тулд дэд төвүүдийг бий болгож ирсэн. Олон улсад анх 15 минутын хот гэсэн концепцтэй гарч байсан. Одоогоор дэлхий нийтэд 100 орчим хот энэ концепцын дагуу төлөвлөлтөө хийгээд хэрэгжүүлчихсэн байна. Хэрэгжүүлэх шатандаа явж байгаа 50 орчим хот байгаа юм билээ. Энэ жишгээр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
-Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол утаа, замын түгжрэл, орчны бохирдол, хэт төвлөрөл. “Сэлбэ 20 минутын хот” төсөл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулах вэ?
-Улаанбаатар нэг саяас дээш хүн амтай том хот болчихлоо. Сүүлийн 20 гаруй жил хотын хүн амын төвлөрөл хурдацтай нэмэгдэж байна. Улаанбаатар хотод гол ажлын байрууд төвлөрсөн, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж байна. Хүн амын төвлөрөл нэмэгдээд эхлэхээр нийгмийн үйлчилгээ болон дэд бүтэц хүртээмжгүй болж байна. Хүн амын нягтралын өсөлтийг бүтээн байгуулалт нь гүйцэхгүй байна гэсэн үг. Мөн дэлхийн бүхий л томоохон хотуудад байдаг түгжрэлийн асуудал болон эрс тэс уур амьсгал, дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас шалтгаалсан агаарын бохирдол зэрэг хүчин зүйлүүд ар араасаа гарч ирж байна. Эдгээрээс гадна соёл, боловсролын үйлчилгээ бүгдэд тэгш хүрч чадахгүй байна. Ийм учраас эдгээр асуудлыг богино хугацаанд зөв голдиролд нь оруулах томоохон сорилт бий болсон. Манай хотын хувьд Сүхбаатарын талбайгаа тойроод урлаг соёл, төрийн захиргаа, сургууль, бизнесүүд төвлөрчихсөн учраас яах аргагүй төв рүү чиглэсэн урсгал ихтэй.
Улаанбаатар хотын төлөвлөлт, хөгжил нь өнгөрсөн зуунд социалист нийгмийн үзэл баримтлалаар бий болсон учраас нийтийн төлөвлөлтөөр хязгаарлагддаг байлаа. 40, 50 мянгат гэсэн томоохон хорооллын төлөвлөлт нь тухайн цаг үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байсан ч өнөөдрийн амьдралын хэмнэлд тохирохгүй байгааг бүгд харж байна. Бүх хүн нийтийн тээврээр ажилдаа очдог байсан үетэй харьцуулахад айл бүр автомашинтай, хороолол болгон үйлчилгээний төвтэй болж, үүнийг дагаад үйлчилгээний талбай, бизнесийн нэгж, газар ашиглалт, автомашины зогсоол зэрэг хүртээмжийн асуудал гарч ирж байна. Цаашлаад хувийн өмчтэй байх ойлголт өнгөрсөн нийгэмд байгаагүй бол ардчилсан, чөлөөт нийгмийн өөрчлөлтөө дагаад хот төлөвлөлтөд хүний хөгжил, орчны чанар, нийтийн ба хувийн орон зайн зөв зохицлыг илэрхийлэх ёстой болжээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, шинэчлэгдэж байгаа ч цогцоор нь хараахан шийдэж чадаагүй байна.
“Сэлбэ 20 минутын хот”-ын төлөвлөлт нь барилга байгууламжаас гадна тээврийн системийг хөгжүүлэх, хотыг бүрэн шинэчилж, нийгмийн өөрчлөлттэй холбож сайжруулж байгаагаараа ялгаатай. Одоогоос арваад жилийн өмнө хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтэц бий болгох, алслагдсан дүүргүүдэд шинэ төвүүд бий болгох зорилгоор Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах эхлэл тавигдаж байсан. Тухайн үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр багагүй хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн ажил нэлээн хийсэн байдаг. Гэсэн хэдий ч амжилттай хэрэгжээгүй энэ ажлыг “Сэлбэ 20 минутын хот” концепцоор үргэлжлүүлж байна. 2023 оны сүүлч 2024 оны эхэн үеэс Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га газрыг чөлөөлөхөөр одоогийн хотын удирдлагууд шийдэж, нийт газрын 92 хувийг нь чөлөөлөөд байна. Энэ хугацаанд ТЭЗҮ, зураг төсөл, судалгаа, хөрөнгө оруулалт гээд маш олон ажил хийсэн. 2025 онд тендер сонгон шалгаруулалт болон бүтээн байгуулалт, барилгын ажлууд эхэлсэн.
-Та төслийг хэрэгжүүлэх ажлаа хэзээ хүлээн авсан бэ?
-Хотын иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжийг удирдаж байгаад “Сэлбэ 20 минутын хот” төсөл рүү томилогдож ирээд хагас жил гаруй болж байна. Миний хувьд барилга, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажилласан. Ажлын туршлага, арга барил гээд салбарынхаа жаргал, зовлонг ойлгож мэддэг учраас энэ ажил маань илүү ойр дөхөм санагдаж байгаа. Төслийг эхлүүлээд дуусах хүртэл нь хугацаанаас илүү чанарт анхаарч ажиллах мэргэжлийн баг бүрдүүлж, нягт хамтран ажиллах итгэл үнэмшил, зорилго бидэнд бий.
-Төслийн онцлог давуу тал юу вэ, яг хөрсөн дээрээ дэлхийн жишиг шиг бүтээн байгуулалт хийгдэх үү?
-Манай төсөл олон жил дэд бүтэц муутай байсан суурьшлын бүсийг шинэчлэн зохион байгуулж, одоо байгаа дэд бүтцийг нь өргөтгөж, иргэдийн амьдрах орчныг илүү сайжруулна. Амьдралын чанарт нь эергээр нөлөөлнө. Зөвхөн төсөл хэрэгжиж буй 158 га-гаар хязгаарлагдахгүй, зуслангийн ногоон бүс тэр чигтээ бизнес, эдийн засгийн хувьд дам нөлөөлөлд өртөнө. Төслийн үндсэн байршил Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт боловч Баянзүрх дүүргийн зарим хороо, 100 айл, Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Бэлх, Сэлх орчмын иргэд, оршин суугчид тэр чигтээ энэ дэд төвөөс үйлчилгээ авахаар зорьж ирэх төлөвлөлттэй.
Төслийн цар хүрээг тоон утгаар илэрхийлбэл, 1974-1982 оны хооронд барьж байгуулсан 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт, орон сууцны хорооллын бие даасан хот босох юм. Төсөл хэрэгжүүлж буй бүсэд 45-50 мянган хүний төвлөрөл бий болно. Бусад ойр орчмын бүсээс 300-400 мянган хүн дамжин өнгөрөх, зорин ирэх төв болгосноор бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгож байна. Эдгээрээс гадна тухайн бүсэд амьдарч байгаа хүмүүсийн ая тухтай, аюулгүй байдлыг хангаж, сургууль цэцэрлэг болон бусад үйлчилгээг ойроос авах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний гол зорилго. Үндсэн төлөвлөлтөөрөө улсын гурван сургууль, таван цэцэрлэг барина. Цаашид ч хувийн сургуулиудыг оруулж ирнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, боловсролын чанарыг сайжруулахаас гадна авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөөтэй.
Үндсэндээ “Сэлбэ 20 минутын хот” бол Улаанбаатарын 14 дагуул хотын хамгийн эхний бүтээн байгуулалт болж, хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Энэ төслөөс дараа дараагийн дагуул хотуудын жишиг, загварыг гаргаж ирэх боломжтой. Эхний юм бүхэн төгс болохгүй байж мэдэх ч алдаа оноогоо цэгнэж сайжруулаад явах боломжтой.
-“20 минутын хот” концепцыг харвал, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон салбарт эерэг нөлөөтэй юм билээ. Тухайлбал, байгаль орчин, нийгмийн хувьд ямар үр ашиг гарах вэ?
-Тэнд амьдарч байсан 2000 орчим айлын газрыг чөлөөлж байгаа. Урьд нь тэнд байсан өрхүүд гал түлдэг, модон жорлонтой, усаа зөөдөг байсан бол энэ нөхцөл байдал шууд өөрчлөгдөж байна. Амьдралын чанар нь сайжирна гэсэн үг. Дараагийн нөлөө нь бусад үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлын хүртээмж нэмэгдэнэ. Сургууль, төрийн үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний төвүүд, кино театр зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжууд нэмэгдэнэ.
Байгаль экологийн хувьд, төсөл бүрэн хэрэгжсэнээр 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана. Тоо хэлэх амархан хэдий ч чанар, зорилго нь чухал учраас илүү том утга агуулгаар нь харж байна. Яг өнөөдрийн байдлаар бид 2500-3000 айлын янданг буулгасан. Зөрүүлээд 12-13 мянган айлын орон сууц барьж байна. Тэгэхээр шууд утгаараа 15-16 мянган яндангаас утаа гарах дайны агаарын бохирдлыг бууруулж байна гэж болно. Хамгийн чухал нь гэр хороолол, зуслангийн бүсэд эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүсгэж буй хөрсний бохирдлоосоо сална. Он удаан жил суурьшлын бүсэд байсан уламжлалт нүхэн жорлонг боломжит бүх хэлбэрээр зөөж, оронд нь цэвэр шороогоор булж ариутгасан. Ер нь бид нүдэнд харагддагаар нь утааг яриад байгаагаас биш халдварт өвчний эх үүсвэр болж ундны усыг бохирдуулж байгаа хөрсний бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах нь зөвхөн утааг бууруулж, янданг цөөлөхөөс гадна олон төрлийн эрсдэлийг үүсгэж байгаа хөрсний бохирдлыг шийдэж, хөрсийг ариутгах, цэвэрлэх боломжийг бий болгож байна.
-Эдийн засгийн үр өгөөж нь юу байх вэ?
-20 минутын хот концепц бүрэн утгаараа хэрэгжиж хүмүүс түгжрэлд зарцуулах цагаа багасгаад эхлэхээр алдагдсан боломжийн өртгийг бууруулна. Нэг судалгаанаас дурдахад, хүн өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүн рүү шилжүүлбэл, нэг хүн жилдээ 2,4-2,5 сая төгрөг, нэг өрх 10-11 сая төгрөгийг зөвхөн түгжрэлд үргүй зарцуулж байна. Тэгэхээр энэ алдагдсан боломжийн өртгийг бууруулахад үлэмж хэмжээний нөлөөтэй. Мөн 10 орчим мянган айлын орон сууц баригдахаар 40-50 мянган иргэний төвлөрөл бий болно. Үүнийг дагаад хэрэглэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээ үүснэ. Бизнесийн энэ орон зайд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татна. Орон сууц, үйлчилгээ, оффис бусад худалдааны төвүүдийг хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалтаар хийх ажил ирэх 2026 онд эхэлнэ. Мөн улсын цирк, спорт цогцолбор, кино театр зэрэг урлаг спортыг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтыг төлөвлөсөн. Бидний тооцооллоор бүтээн байгуулалтын хугацаанд 20 мянган шууд ажлын байр бий болно. Дараагийн шатанд тухайн бүсэд дахиад 8 мянга орчим ажлын байр шинээр бий болох юм.
-Төслийн явц хэр байна, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж байна уу?
-Тухайн орчинд дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ болон замын ажлууд хийгдсэн. Шинээр нэмж хийнэ. Одоогийн байдлаар эхний ээлжийн 8565 айлын 113 блок барилгын ажлаас 82 блокийн суурийн ажил эхэлсэн явж байна. Хоёр жилийн дараа буюу 2027 оны 7-р сар гэхэд эхний ээлжийн айлууд орон сууцандаа орчихсон байх юм. Иргэд байрандаа ороод хүн амын төвлөрөл үүсэх учраас 2027 оны намар гэхэд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг мөн ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Бидний олон нийтэд зарлаад байгаа 24 сар гэдэг нь орон сууцны болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэх хугацаа. Энэ хугацаанд амжиж 8500 айлын орон сууцыг барих юм.
-Энэ төсөлд оролцох сонирхолтой бизнесийн байгууллагуудтай хэрхэн хамтарч байгаа вэ?
-Өнгөрсөн 5 сараас хойш компаниудаас саналыг нь авах хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан. Хувийн хэвшил юу хүсэж байна, тэд хөрөнгө оруулалт хийвэл ямар эрсдэл байна, юунд хамтарч оролцох зориг байна, төр болон нийслэлийн зүгээс юуг анхаарах ёстойг мэдэх зорилгоор 2-3 удаагийн уулзалт зохион байгуулж, нээлттэй саналууд авсан. Энэ ондоо багтааж зарим байршилд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшлүүдийг татан оролцуулах ажлууд эхэлнэ. Удаашралтай байгаа нэг шалтгаан нь зам дагуу байршлуудад газар чөлөөлөлт 100 хувь хийгдээгүй байна. Энэ асуудлыг нэг талдаа шийдэж байж, хөрөнгө оруулагч талтайгаа тохирох ажлуудаа хийнэ.
-Төсөл хэрэгжүүлэх явцад ямар эрсдэл, бэрхшээл, сорилт тулгарч байна?
-Биднээс буюу дотоодоос шалтгаалах зүйл ч байна. Бусад хүчин зүйлээс шалтгаалах зүйл ч байна. Том хэмжээний бүтээн байгуулалт учраас тэр хэрээр асуудал том байдаг. Манай хамт олон энэ болгоныг цаг тухайд нь шийдэхээр ажиллаж байна. Мэдээж 100 хувь бүх хүний хүсэл сонирхолд нийцэх зүйл гэж үгүй. Эсэргүүцэл бий. Энэ төсөл зарим нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд ч байна. Үүнд улс төрийн өнцөг ч орж ирж байна. Янз бүрийн бэрхшээлүүд байгаа. Гэхдээ эцсийн дүндээ нийтээрээ хожно, Улаанбаатар хот хожно. Тэнд орон сууц аваад амьдраагүй ч гэсэн тэнд байсан яндангаас утаа гардаг байсан, түүгээр нийслэлчүүд бид бүгд амьсгалж байсан, хөрсний бохирдол хүн бүрд нөлөөлж байсан. Үүнийг тодорхой хэмжээнд бууруулна гэдэг нь нийтээрээ хожно гэсэн үг. Тиймээс нийтийн эрх ашиг бол энэ төслийн гол хөдөлгөгч хүч юм.
Ер нь Улаанбаатарт газар чөлөөлөхөөс илүү газар олголт хамгийн том асуудал болсон байна. Орон сууцны хороолол төлөвлөөд барилаа гэхэд хажууд нь дахиад л газар олгоод байшин барьчихдаг. Тэгвэл энэ эрсдэлээс сэргийлж төр маш зоригтой шийдвэр гаргалаа. Хөрөнгө мөнгийг богино хугацаанд шийдвэрлэж түүхэнд байгаагүйгээр 158 га талбайг хамарсан газрыг чөлөөллөө. Өөрөөр хэлбэл, энэ 158 га-г чөлөөлсөн орчинд дахиад нэг ч газар олгохгүй, дараа нь хэн нэгэн ирээд хажууд нь байшин барихгүй. Зүй нь үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хаана баригдах, хажууд нь юу байх вэ гэдэг нь эхнээсээ тодорхой байх юм. Бид тухайн бүсдээ хотын стандартад нийцүүлсэн ерөнхий төлөвлөгөө гаргаж, ТЭЗҮ батлуулсан. Аль болох алдаа, эрсдэл гаргахгүйн тулд нарийн төлөвлөгөөтэй, холыг харж ажиллахыг хичээж байна.
-Сэлбэ хотод баригдах орон сууцны чанарт хэрхэн анхаарч байгаа вэ?
-Технологийн хувьд олон давуу тал байгаа. Чанарын хувьд, Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, дүрмийг хангасан, түүнээс дээш үзүүлэлттэй төслийг бид хэрэгжүүлнэ. Ирээдүйгээ уртаар харж чанартай, үзэмжтэй, зөв төлөвлөлттэй бүтээн байгуулалт хийхийг зорьж байна.
-Энэ төсөл анхных гэдгээрээ нэлээн онцлог бас өндөр хүлээлттэй байгаа. Амжилттай хэрэгжүүлбэл дараагийн байршлуудад хэрэгжүүлэх эхлэл хурдан тавигдана. Иргэд, олон нийт илүү итгэл үнэмшилтэй болно. Төслийн хүлээгдэж байгаа үр дүн юу вэ?
-15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана гэсэн тоон үзүүлэлтүүд хангагдана. Хамгийн гол нь Сэлбэ хот шиг нийгэм болон эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний дэд төв бий болсноор хувь хүн, иргэд, өрхийн маш олон зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа. Төсөл амжилттай хэрэгжсэний дараа Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа бүх хүмүүсийн итгэл сэргэх болов уу гэж бодож байна. Мэдээж процессын хувьд сайжруулах зүйл их бий. Бүх ажлыг төр хийгээд байх биш газраа чөлөөлж, дэд бүтцээ шийдэж өгөөд бусад ажлыг хувийн хэвшилд өгч, хувийн хэвшлийн хүчээр явуулах зэргээр сайжруулах зүйлс ажиглагдаж байгаа. Дараа дараагийн төслүүд “Сэлбэ 20 минутын хот”-ыг бүтээн байгуулсан туршлагад үндэслэн хувийн хэвшлийн хүч бололцоонд тулгуурлан хэрэгжиж, хөгжих ёстой гэж бодож байна.
-“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь хотын бусад бүтээн байгуулалттай хэрхэн уялдаж байна вэ?
-Сэлбэ төсөл нь нийслэлийн хөгжлийн том зурганд багтаж байгаа цогц ажил юм. Трамвай, тойрог зам, инженерийн дэд бүтцийн шинэчлэл зэрэг томоохон төсөл бүгд энэ бүсийн хөгжилтэй уялдан хэрэгжиж байна. Том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, төлөвлөлт их шаарддаг. Энэ цаг үед зайлшгүй авч хэрэгжүүлэх зөв стратеги бол асуудлыг цогцоор нь харж, шийдвэрлэх юм. Ингэснээр хотын хөгжлийн үр дүн илүү өргөн хүрээнд, илүү хурдан мэдрэгдэнэ. Нийгмийн болон эдийн засгийн өгөөжийг иргэд, аж ахуйн нэгжүүд жигд хүртэж, хотын хөгжлийн хэмнэл нэгэн зэрэг урагшилна гэж бид итгэж байна.
Тод индэр
Б.Дэлгэрсайхан: Ирэх таван жилд Засгийн газар 4 боомтыг төмөр замаар холбоно
Монгол Улсын Засгийн газар ирэх 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ сэтгүүлчид болон олон нийтэд танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын сайдууд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Зам, тээврийн салбар, тэр дундаа төмөр замын салбарт ирэх таван жил ямар бодлого баримталж ажиллах талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-Төмөр замыг ирэх таван жилд ямар бодлого баримтлан хөгжүүлэх вэ?
-Бид ирэх таван жилийн төлөвлөгөөнд эрс шинэчлэлийн хүрээнд дөрвөн боомтыг төмөр замаар холбоно. Эхний боомт холбогдох ажил явж байна. Дараагийнх нь Сэхээ-Шивээхүрэн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэсэн дөрвөн боомтыг төмөр замаар холбох бөгөөд нийтдээ 2500 км төмөр замыг тавина.
Төмөр замын бодлогод хурдны төмөр зам тавих асуудлыг оруулсан байгаа. Хурдны төмөр зам гэхээр зарим хүн өндөр хурдны галт тэрэг хэмээн андуурдаг. 260 км/цаг хурдтай хурдны төмөр замыг Зам, тээврийн бодлого бодлого болгон оруулж байгаа. Энэхүү төмөр замаар том хотууд болон босоо тэнхлэгийн аймгуудаа холбосноор төвлөрлийг сааруулах боломжтой гэж үзэж байгаа.
Хөшигийн хөндийн төмөр замын тухайд өмнө нь Богдхан төмөр зам хэмээн нэрлэгдэж байсан төмөр замыг хоёр улсын хамтарсан ТУЗ-аас шийдвэр гараагүйн улмаас хойшлогдсон. Харин өнгөрсөн хавар Багахангай-Хөшигийн хөндийн салаа төмөр зам барих ажлыг Засгийн газраас 2025 оны тавдугаар сард шийдвэр гаргаад зургадугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 82 км төмөр замыг барьчихаад байна. Ирэх хавар Эмээлт буюу Рашаантын аль нэгтэй холбохоор зургийг нь хийгээд явж байна. Энэ хүрээнд ОХУ-ын талтай бүх шатанд зөвшилцөлд хүрээд явж байгаа. Ямар нэгэн асуудал гарахгүй.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ач холбогдол их. Бид 2024 онд болсон Дүнжингаравын газын дэлбэрэлтээс хойш аюултай ачаа тээврийг хотоос гаргах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсон.
Тод индэр
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Итгэлтээс мал хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.
-Өвлийн улирал эхэлж, иргэд идшээ бэлдэж эхлэхээр мал хулгайлах гэмт хэрэг нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг 9 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд үйлдэгдэг. Манай иргэд өвлийн улиралд идшээ бэлдэж эхэлдэг учраас үед мал хулгайлах гэмт хэрэг өсдөг. 2020 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтарч мал хулгайлах гэмт хэргийн урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа.
Энэ жилийн хувьд “Мал, мах 2025” арга хэмжээг 10 дугаар сарын 15-наас эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт болон байнгын постыг 132 цэг байршилд ажиллуулж байна. Нийтдээ 288 алба хаагчид 24 цагаар байнгын хяналтыг хийж байгаа. Мөн Олон нийтийн цагдаа, Эрүүгийн цагдаа нартай хамтарч мал, мах худалдаалдаг төв, зах болон мал нядалгааны газруудад Мал эмнэлгийн газартай хамтарч байнгын хяналт шалгалтын явуулж байгаа. Одоо аймаг, нийслэл рүү ямар ч бүртгэлгүй мал, мах орж ирэх боломжгүй болсон. 2020 оноос эхэлж мал болон махны бичгийг цахим болгосон. Өмнө нь гарал үүслийн бичгийг малын эмч бичиг өгдөг байсан.
-Малын хулгайн гэмт хэрэг энэ оны байдлаар хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?
-2025 оны есдүгээр сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Өвлийн идэшний үеэр бод мал хулгайлах гэмт хэрэг зонхилон гардаг байх?
-Мал хулгайлах гэмт хэрэгт бог мал, бод мал гэж ялгахгүй гардаг. Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг. Иймээс малчид малдаа тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн малчдын хувьд туслах малчин авахдаа ямар хүн авч байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. Туслах малчид мал хулгайлах гэмт хэргийн хамтрагч нь болох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн айлын мал нь хариулаг муутай, мал нь тарган гэх мэт мэдээллийг өгч байдаг. Ийм тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлж тогтоож байсан.
Мөн саахалт айлууд ямар хүмүүс байна гэдгээ маш судалж байх хэрэгтэй. Зуншлага муу байна гээд отор нүүдэл хийхдээ малчид нэг нэгнийхээ малын талаар мэдээлэл өгөх тохиолдол ч гардаг. Иймээс малчид сааталт айл болон туслах малчнаа сайн судалж, малын тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.
-Мал хулгайлах гэмт хэрэг аль аймаг хамгийн их гардаг бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг харилцан адилгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр Сүхбаатар, Хэнтий аймагт 22 тооны үхэр алдагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бод малын хувьд хариулаг бага байдаг учраас хулгайд алдагдах тохиолдол их гардаг. Малчид бэлчээрт байгаа бод малын эргэж тойрч, хардаг байх хэрэгтэй байна. Одоо үед мал хулгайлахдаа тууж явахгүйгээр машин тэргэнд дээр ачиж явдаг болсон.
-Өвлийн улирал эхлэхээр идэшнээс гадна өвс тэжээлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Намраас өвлийн улиралд шилжих үед өвс тэжээлийн залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар 135 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Мал, мах, өвс тэжээл авна гэдэг зарын дагуу иргэдийг залилах тохиолдол нэлээд гардаг. Энэ жилийн хувьд баруун таван аймаг зуншлага муутай байгаа. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг өртөх эрсдэл их байна. Мөн өвс тэжээл бэлтгэж худалдаалдаг хүмүүсийн зар мэдээллийг ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймээс иргэд мал, мах, өвс тэжээл худалдаж авах гэж байгаа бол маш сайн нягталж байж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
