Тод мэдээ
Д.Будзаан :“365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана
Нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд анхаарал халамжийг нэмэгдүүлж, өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулах зорилгоор “365 анхаарч, хайрлая” аяныг зохион байгуулж байгаа. Энэ аяны талаар өнөөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан "Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд өсдөг. Улмаар хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдөж, хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд бүртгэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр бүр хүүхдээ анхаарч, хайрлая буюу “365 анхаарч, хайрлая” аяныг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан.
2025 оны эхний арван сард улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 11 хувиар буурсан. Гэхдээ 2,100 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Гэмт хэргийн гаралтыг улам бууруулж, саармагжуулж, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр дээрх аяныг зохион байгуулна.
Эхний арван сарын байдлаар 846 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны эхний арван сард хүүхэд гэмт хэрэг үйлдэх зөрчил 5-6 орчим хувиар буурсан үзүүлэлттэй. Гэхдээ хүүхэд гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал төдийлөн буурахгүй байгаа. Урьдчилан сэргийлэх чиглэлээр “365 анхаарч, хайрлая” аян нь мэдээлэл нөлөөллийн ажил болон хяналт шалгалт, хүүхэд эрсдэлтэй цэгүүдэд очиж ажиллах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.
2024, 2025 оны судалгаагаар хүүхдийн хорт зуршлын хэрэглээ 24-26 хувьд хүрсэн байна. Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, энэ чиглэлийн мэдээлэл нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай” гэдгийг онцолсон юм.
Монгол Улсад 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Жилд дунджаар 1500 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бөгөөд хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэр бүлийн болон бэлгийн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, хулгайд эд зүйлээ алдах зэрэг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Тод мэдээ
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнгөрөгч сард байгуулсан. Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.
Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг барих юм.
Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ.

Тод мэдээ
Хром, хар тугалгын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-9 дахин их илэрч байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй цэгт хөрсний сорьц авч агро химийн болон хүнд металлын 16 төрлийн бохирдуулах бодисын хэмжээг MNS стандарт аргачлалын дагуу тодорхойлж байна.
2020-2024 онуудын хүнд металлын хяналт шинжилгээний дүнгээр Цинк, Стронци тогтвортой бууралттай, Хар тугалаг, Хром, Цайр өсөх хандлагатай, Зэс, Кобальтын агууламж бага зэрэг хэлбэлзэлтэй, Мөнгөн ус, Bорын агууламж 2024 онд бараг тэг болж буурсан байна.
Хром, хар туглагын бохирдол Монгол Улсын хөрсний эрүүл ахуй MNS5850:2019 стандартаас 3-9 дахин их илэрч байгаа ба Харгиа арьс ширний үйлвэрийн орчим, Цагаан чулуутын хогийн цэгийн орчим, ДЦС-3 орчимд стандарт хэмжээнээс их, бусад цэгүүдэд стандарт хэмжээнээс даваагүй ч, байгалийн Фон хэмжээнээс өндөр агууламжтай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тод мэдээ
АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 898 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв.
-
Тод мэдээ2022/05/12
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2023/01/03
“Үндсэн хууль ба нийгмийн харилцаа” мэтгэлцээний үндэсний аварга шал...
-
Өнөөдөр2021/08/03
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Тод мэдээ2025/10/30
Нийгмийн даатгалын сангаас 32,2 тэрбум төгрөг завшсан гэх хэргийг шалгаж байна
