Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

ҮББХ: Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Огноо:

,

УИХ-ын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 25 минутад 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргаллаа. Засгийн газраас 2023 дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Засгийн газраас  гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байгаа юм. Онцгой дэглэм тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүнд, үйл ажиллагаа ил тод бус, санхүүжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг нууцад хамааруулсан, ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байсныг тэрбээр танилцуулгадаа дурдав. Түүнчлэн тус компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагагүй алба, нэгжийг татан буулгах, ажилчдын сахилга хариуцлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч нүүрс олборлолт тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангуулах нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа гэлээ. Тухайлбал, нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгджээ. Компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн аж. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс хил нөхцөлд шилжүүлсэн, уулын ажлын гүйцэтгэл гүйцэтгэх зардлыг бууруулсан компанийн өр төлбөрийг барагдуулж ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн болохыг Д.Амарбаясгалан сайд танилцуулав.

Түүнчлэн ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамааруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгож, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн, компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд шаардлагагүй алба, нэгждийг татан буулгаж, удирдах ажилтны тоог бууруулсан хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн зэрэг үр дүнгүүд гарч эхлээд байгаа аж. Онцгой дэглэмийн хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулсан нь “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн түүхэн дээд амжилт болсон ба энэ нь 2022 оны борлуулалтын орлогын дүнгээс илүү байгаа аж.

Онцгой дэглэмийн хугацаанд сарын дундаж үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан байна. Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин тус тус өсчээ. Компанийн 500 сая ам.доллароос багагүй орлого олж гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүргийг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлогыг олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна. Тус компанийн хувьд өнгөрсөн 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого ашигтай ажилласан байна. Цэвэр ашиг нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхнээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 445.6 сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, бондын 120 орчим сая ам.долларын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны орлогоор төлөх боломжийг бүрдүүлэн, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 169.2 сая ам.доллароор бууруулсан байна.

Нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 224000 тонн коксжих нүүрс 192000 тонн эрчим хүчний нүүрс нийт 416000 тонн нүүрсийг биржээр хил нөхцөлөөр амжилттай борлуулж, нүүрс олборлохоос экспортлох үе шатыг ил тод болгон төсөв төвлөрүүлэх татвар хураамжийн төлөвлөгөөг 1.6 дахин буюу 470.5 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Мөн тээврийн тендерийг амжилттай зохион байгуулж “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож нүүрсийг хил хүртэл тээвэрлэх, борлуулах бэлтгэлийг хангуулжээ. Биржээр борлуулсан нүүрсийг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс “Ганц мод” боомтод хүргэж эхэлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой”  ХК тогтоосон онцгой дэглэмийн үед шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч Тавантолгой нүүрсний ордын эдийн засгийн өгөөж үр ашгийг сайжруулах, нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх, нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг зардлыг бууруулах, нээлттэй ил тод байдлыг хангуулах нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулж үүссэн нөхцөл байдлыг бүрэн арилгах үүднээс “Эрдэнэс Тавантолгой”  ХК тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа.  Иймд “Эрдэнэс Тавантолгой”  ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Д.Батлут, Г.Ганболд, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, үг хэлэв. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлаад 31 жил болж байгаа бөгөөд түүнтэй нийцээгүй хууль хүчингүй болгох, Үндсэн хуульд нийцсэн хууль тогтоомжийг батлах эрх зүйн шинэтгэлийн үйл явц тасралтгүй явагдаж байгааг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Зарчмын хувьд Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоомжийг мөрдөхгүй байх ёстой ч шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан, одоо хэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээг тэрбээр онцлон дурдав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгах асуудлыг 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Улсын Бага Хурлаас баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль дахь “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байх, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө БНМАУ-ын Бага Хуралд оруулж байхыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай. БНМАУ-ын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэх заалтыг үндэслэн хэлэлцэж байгааг дурдаад, тодруулга хийсэн юм. Монгол Улсын эрх зүйн орчинд 1992 оноос өмнө батлагдсан хэд хэдэн хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байгааг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан хэлээд, эдгээрийг шинэчлэн найруулах, өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх шаардлага бий гэв. Судлаачид, мэргэжилтнүүдтэй энэ талаар санал солилцож, судалгаа дүгнэлт гаргуулсан бөгөөд Засгийн газар өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд, Үндсэн хуульд нийцсэн шийдвэрүүдийг гаргуулахаар Улсын Их Хуралд төслийг өргөн мэдүүлсэн байна. Энэ төслийн зэрэгцээ Ерөнхий сайдаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад дээрх хуулиудын шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах үүргийг өгсөн талаар мэдээлэл өгөв. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг 3-5 жилээр хянаж байх шаардлагатай бий бөгөөд ирэх оны төсөвт үүнтэй холбоотой төлөвлөлтийг тусгана гэдгийг Д.Амарбаясгалан сайд хэлсэн.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон нь оновчтой байсныг үр дүнгийн мэдээллээс харж болно гэж М.Оюунчимэг гишүүн хэлээд, онцгой дэглэмийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, мэдээлэл авсан юм. Тогтоолын төслийг дэмжиж байгаагаа Ц.Анандбазар гишүүн илэрхийлээд, онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бий болсон хөрөнгө, орлогыг зохистой зарцуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хэлбэрээр эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг санал хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн үед гарсан үр ашгийг тогтворжуулах зорилгоор хугацааг нэг удаа сунгах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Батжаргал гишүүн илэрхийлээд, гэхдээ цаашид эрх зүйн орчныг бүрдүүлээд, удирдлагаас үл хамааран үйл ажиллагаа нь тогтовортой үргэлжилж байх шаардлагатай гэлээ. Тиймээс эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжуудыг нэн яаралтай шинэчлэн, өргөн мэдүүлж, батлуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Хувьцааны ноогдол ашиг тараах эсэх асуудал дээр хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв. С.Ганбаатар гишүүн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, үндэслэлээ тайлбарласан юм. Нүүрсний үнийг богино хугацаанд, ханшийн өөрчлөлттэй уялдуулан өөрчилж байх шаардлага, үндэслэлийн талаар Г.Ганболд гишүүн санал хэлэв. Түүнчлэн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг урд хөршийн төмөр замын сүлжээтэй холбох, олборлолтын талбарт лаборатори барьж, нүүрсээ ангилж, тэр бүрд тохирсон үнээр худалдаалах нь зүйтэй гэдэг саналуудыг мөн хэлсэн. Онцгой дэглэм тогтоосон үед байгуулсан гэрээ болон тухайн үеийн нөхцөлд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт бий эсэхийг О.Цогтгэрэл тодрууллаа.  Онцгой дэглэмийн үед нэг ч гэрээ байгуулаагүй гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлээд, өмнө нь “нууц” гэдэг ангиллаар гэрээ байгуулдаг байсныг өөрчилсөн гэв. Тухайн компани дээр нууцад хамааруулж ажил, арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн болохоо хэлэв. Борлуулалтын олборолтын хугацаа нь дууссан гэрээнүүдийг дуусгавар болгоод, хугацаа нь болоогүй гэрээнүүдийг хил нөхцөл рүү шилжүүлэх байдлаар худалдан авагчидтайгаа хэлцэл хийж байгаа гэлээ. Тодруулбал, уурхайн ам нөхцөлтэй 103 гэрээнээс хугацаа нь болоогүй байгаа 87 гэрээг хил нөхцөл рүү шилүүлээд байгаа гэлээ.

Ийнхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2 цаг 17 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2 цаг 35 минут

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал4 цаг 41 минут

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал4 цаг 46 минут

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал4 цаг 50 минут

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Санал болгох