Чөлөөт бүс
Хараа муутгах таван шалтгаан
Өнөөгийн хүнд, ялангуяа албан өрөөнд ажилладаг хүмүүст нүд бол ерөөс хамгийн идэвхтэй ажилладаг эрхтэн юм. Ийм ачаалалтай нөхцөлд элдэв ажил төрөлтэй холбоотой бичиг цаас, компьютерын дэлгэц, харин орой нь гэрийн телевизор гээд бодохлоор хараа нь муудахгүй хүн гэж цөөн. Үүнийг зогсоож болох уу? Биднээс өөрсдөөс маань л их зүйл шалтгаална гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хараа муутгадаг нэг дэх шалтгаан
Нүдний булчин ажиллахгүй байх. Бидний харж байгаа биетийн дүрс нь нүдний торлог, гэрэл мэдрэх хэсгээс, түүнчлэн нүдний доторх тусгай линз болох болрын муруйн өөрчлөлтөөс шалтгаалдаг юм. Хоёр зовхины булчин нь тухайн биет хүртэлх зайнаас хамааран болрыг нэг бол илүү төвгөр, үгүй бол илүү хавтгай болгодог байна. Хэрвээ байнга ном унших юм уу компьютерын дэлгэц ширтэх нь болорыг удирддаг булчингуудыг хөдөлгөөнгүй, сул болгоно. Тийнхүү хөдөлгөөнгүй аливаа булчингийн адил, зовхины булчингууд хэлбэрээ алддаг байна.
Дүгнэлт. Хол, ойрыг сайн харах чадвараа алдахгүйн тулд, нэг бол алсын, эсвэл ойрын биетэд хараагаа төвлөрүүлэх дасгал тогтмол хийж, нүднийхээ булчинг дасгалжуулах хэрэгтэй.
Хоёр дахь шалтгаан
Торлог хөгшрөх. Нүдний торлогийн эсүүд нь гэрэл мэдрэх пигменттэй байдаг бөгөөд энэ пигментийн туслалцаатайгаар бид хардаг. Насжих тусам уг пигмент задарч, улмаар хараа мууддаг байна.
Дүгнэлт. Торлог хөгшрөх үйл явцыг удаашруулахын тулд А амин дэм агуулсан бүтээгдэхүүн болох лууван, сүү, мах, загасны мах, өндөг тогтмол идэх хэрэгтэй. А амин дэм зөвхөн өөхөнд уусдаг, тиймээс луувангийн салатад цөцгий юм уу наран цөцгийн тос нэмвэл илүү сайн. Өөхтэй мах, загасны махнаас огт татгалзах хэрэггүй. Тослог багатай сүү уувал дээр. Харааны пигментийг сэргээдэг онцгой бодис шинэ нэрсэнд л байдаг. Зун энэ жимсийг ахиухан идэж, өвөл хэрэглэхээр нөөцлөхийг бодоорой.
Гурав дахь шалтгаан
Цусны эргэлт муудах. Хүний биеийн бүх эс судсаар тэжээл авч, амьсгалдаг. Нүдний торлог бол хамгийн эмзэг эрхтэн, цусны эргэлт өөрчлөгдөх төдийхөнд л мууддаг. Нүдний эмгэг судлаач эмч нар нүдний угийг шинжлэхдээ ийм өөрчлөлт гарсан эсэхийг олж харахыг боддог юм.
Дүгнэлт. Тогтмол шинжилгээ хийлгэж бай. Торлогийн цусны эргэлтийн өөрчлөлт нь ноцтой өвчлөлд хүргэдэг. Хэрвээ та ийм өвчинд өртөмтхий бол судасны ажиллагааг сайжруулдаг эмийг эмч танд бичиж өгнө. Цусны эргэлтийг сайн байлгах боломж олгодог тусгай хоолны дэг ч байдаг. Үүнээс гадна судсаа хамгаалах хэрэгтэй бөгөөд ууранд юмуу саунд удаан суух, агаарын даралт эрс өөрчлөгдөх зэрэг нь танд онцгүй.
Дөрөв дэх шалтгаан.
Хэтэрхий хүчлэн харах. Торлогийн эсүүдэд хэтэрхий хурц гэрэл тусч, гэрэл муутай нөхцөлд их хүчлэн харснаас болоод торлогийн эс мууддаг.
Дүгнэлт. Гэрэлд мэдрэмтгий эсүүдийг хамгаалъя гэвэл хэтэрхий хурц гэрлээс нүдээ хамгаалахын тулд нарны шил зүүж, түүнчлэн жижигхэн зүйлсийг харж, гэрэл муутай үед ном, сонин унших хэрэггүй. Тээврийн хэрэгслээр явж байхдаа юм унших маш хортой, жигд биш гэрэл, дайвалзах хөдөлгөөн хараанд маш муугаар нөлөөлдөг.
Тав дахь шалтгаан.
Нүдний салслаг бүрхэвч хуурайших. Элдэв биетээс ойсон гэрэл дамжин өнгөрдөг тунгалаг бүрхүүлийн давтамж нь сайн харахад маш чухал. Энэ бүрхүүлийг тусгайлан чийгшүүлдэг бөгөөд тиймээс нүд хуурайшсанаас болоод бид муу хардаг.
Дүгнэлт. Сайн харахын тулд бага зэрэг уйлах тустай. Хэрвээ та уйлж чадахгүй бол, найрлагаараа нулимстай төстэй нүдний тусгай шингэнийг нүдэндээ дусаавал зүгээр.
Гол дайсан бол дэлгэц
Компьютер дээр ажиллахад нүд онцгой хүчлэн хардаг бөгөөд энд хамаг учир бичвэрт биш юм. Хүний нүд нь гэрэл зургийн аппаратттай олон талаар төстэй. Жирвэлзэх олон цэгээс бүрддэг дэлгэцэн дээрх дүрсийг нарийн «гаргахын» тулд аппарат фокусыг байнга өөрчлөх хэрэгтэй байдаг. Ийм тохируулга нь их хүч зарж, харааны гол пигмент болох родопсоныг илүү зарцуулахыг шаарддаг юм. Ойрын хараа муутай хүмүүст энэ фермент хэвийн хардаг хүмүүсээс илүү их зарцуулагддаг. Тиймээс таны нүдний хувьд тун таагүй байдал бий болдог юм.
Харааг дасгалжуулахад дараах арга ашигтай. Хэвлэсэн бичвэрийг аваад, үсгүүд сайн харагдахаа болих хүртэл нүд рүүгээ алгуурхан ойртуул. Нүдний дотоод булчингууд чангарна. Бичвэрээс хараагаа салгалгүйгээр түүнийг сунгасан гарын зайнд аажмаар холдуулахад нүдний энэ булчингууд суларна. Дасгалыг 2-3 минут давтан хийнэ.
Үүний зэрэгцээ нүдний торлогт ч тэжээл хэрэгтэй. Шөнийн нислэгийн үед хараа сайжруулах зорилгоор Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн хатан хааны агаарын цэргийн хүчний нисэгчдэд өгдөг байсан нэрсний бэлдмэл (зөвхөн чанамал хэлбэрээр) энэ тохиолдолд тусална.
Нүдний гимнастик
1. Нүдээ сайтар аниад, дараа нь нүдээ нээн том харах. 30 секундийн зайтайгаар 5-6 удаа давтана.
2. Толгойгоо эргүүлэлгүйгээр дээшээ, доошоо, бүх тал руу 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа харах.
3. Нүднийхээ алимыг доош, баруун тийш, дээш, зүүн тийш болон эсрэгээр тойруулан эргэлдүүлэх. 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа давтана.
Нүдээ аниад мөн ингэж хийх.
4. 3-5 минут нүдээ сайтар онийлгоод, дараа нь 3-5 секунд нээх. 6-8 удаа давтана.
5. Нэг минутын турш анивчих.
6. Ажиллаж байх хугацаандаа үе үе хараагаа шилжүүлэхийн тулд ажлын ширээнээс 1-2 метрийн зайд хурц өнгийн хуанли, гэрэл зураг юмуу хөрөг өлгөх нь бас ашигтай.
7. Гараа урагш нь сунган, 3-5 секундийн турш 20-30 см-ийн зайнаас хурууныхаа үзүүрийг харах. 10-12 удаа давтана
8. Дараахи дасгал нүдэнд бас сайнаар нөлөөлдөг: цонх руу очоод, шилэн дээр байгаа ямар нэг цэг юм уу зураасыг (бараан өнгийн баримлын шавраар жижиг дугуй хийгээд нааж болно) хараад, дараа нь жишээлбэл хажуугийн байшингийн дээрх телевизийн антенн юмуу хол байгаа модны мөчир рүү хараагаа шилжүүлэх.
Чөлөөт бүс
Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...
Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.
Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.
Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.
Чөлөөт бүс
Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?
Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.
Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.
Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.
Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.
Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.
Чөлөөт бүс
Халимны сүү ууж болох уу?
“Амьтны сүү юм чинь ууж л таараа биз дээ?” гэж бодогдож байна уу? Тэгвэл жаахан сонирхоод үзье. Юуны өмнө, халимны сүү гэдэг чинь энгийн сүү биш аж. Үхрийн сүүтэй харьцуулахад хэд дахин илүү тослогтой, бараг л цөцгий, масло хоёрын дунд юм шиг өтгөн. Тэр бүү хэл усанд уусахгүй, харин шахагдаж гардаг гэвэл итгэх үү? Зулзагандаа зориулсан жинхэнэ “energy drink” гэсэн үг.
Гэхдээ эндээс л сонирхолтой хэсэг эхэлнэ.
“За тэгээд нэг амсаад үзчихье” гэвэл тийм амар биш.
Халим бол зэрлэг, асар том амьтан. Далайд амьдардаг, барихад ч бэрх. Дээрээс нь дэлхий даяар хамгаалагдсан амьтны нэг тул International Whaling Commission зэрэг байгууллагууд агнах, барихыг хатуу хянадаг. Өөрөөр хэлбэл, сүүг нь авах гэж оролдох нь өөрөө асуудал дагуулна.
Тэгээд ч бодоод үз дээ… усан дотор халим “саана” гэдэг кинонд л гардаг ажил шүү дээ. Бодит амьдрал дээр ийм технологи ч, арга ч байхгүй.
Тэгэхээр дүгнэлт?
- ✔️ Онолын хувьд: амьтны сүү тул ууж болох мэт
- ❌ Бодит байдалд: боломжгүй шахуу
- 😂 Туршиж үзэх: бараг “mission impossible”
Халимны сүү тийм өтгөн байдаг нь зулзагыг усанд дулаацаж, хурдан өсөхөд нь туслах зориулалттай гэнэ. Байгаль хүртэл “premium nutrition” хийчихжээ
-
Хэн юу хэлэв...2023/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон ...
-
Үйл явдал2024/06/06
“Олимпын өвөө”-д Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жи...
-
Дэлхий нийтээр..2021/01/20
Амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсанд уучлалт хүслээ
-
Дэлхий нийтээр..2025/02/04
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана
