Дэлхий нийтээр..
Д.Батсүрэн: Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажилд малчдын оролцоо бодит дэмжлэг болдог
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга, ерөнхий мал зүйч Д.Батсүрэнгээс малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхийн ач холбогдол, хэрхэн бүртгэлжүүлэх талаар тодрууллаа.
-Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажил эхлээд нэлээн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ямар ахиц дэвшил гарсан бэ?
-Малыг бүртгэлжүүлэх, ялган тэмдэглэх асуудал цоо шинэ ажил биш юм шүү дээ. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1959-1992 онуудад мал сүргээ ялган тэмдэглэж бүртгэдэг л байсан. Энэ үед харин ч бүр илүү сайн бүртгэл хөтөлж, ялган тэмдэглэдэг байсан. Нэгдэл, бригад болгонд мэргэжлийн зоотехникч ажиллаж, 11 төрлийн бүртгэлийг хийдэг байсан бөгөөд тухайн малын удам гарваль, үр төлийн чанарыг бүртгэлээр тодорхойлох ажил мэргэжлийн өндөр түвшинд хийгддэг байсан.
Одоогийн цаг үеэс ялгагдах юм нь тэр үед цахим бүртгэл гэж байгаагүй, бүгдийг гар журнал хөтөлж явуулдаг байсан. Ингээд 1992 оноос мал сүрэг хувьд шилжиж, нэгдэл нийгэм тарснаас хойш малыг бүртгэлжүүлэх, ялган тэмдэглэх ажил үндсэндээ орхигдож, мартагдсан гэж хэлж болно.
УИХ-аас “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010 онд баталж, сум бүрт 3 хүний бүрэлдэхүүнтэй Мал эмнэлэг, үржлийн тасаг ажиллаж эхэлснээр мал бүртгэлжүүлэлтийн ажил эргэж сэргэсэн. Ингэхдээ дэлхийн жишигт нийцүүлэн мал бүртгэлжүүлэлтийг эрчимжүүлэхэд анхаарч, мал сүргийг үе шаттай бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг 2011 оноос дахин эхлүүлсэн гэж хэлж болно.
Энэ хугацаанд малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн программ хангамжийг туршин суурилуулах, нэвтрүүлэх ажлыг 21 аймгийн 330 суманд эхлүүлж, Малын бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнг орон тоогоор ажиллуулж эхэлсэн.
Малын генетик нөөцийн тухай хуулийг 2017 онд баталж, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх асуудлыг нэлээн тодорхой хуульчилж өгсөн. Хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд холбогдох журам, зааврууд гарсан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн хувьд тодорхой, ойлгомжтой болсон.
-Бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд малыг хэрхэн бүртгэлжүүлбэл тохиромжтой юм бол. Цаашид энэ талаар ямар чиглэл барих вэ?
-Манай улсын хувьд мал сүргийг бүртгэлжүүлэх ажилд багагүй хүндрэл, бэрхшээл гардаг. Тухайлбал, хүн хүч шаарддаг, ээмэг нь унадаг, гээгддэг, зуны улиралд +30 градус хүртэл халж, өвөлдөө -40 градус хүртэл хүйтэрдэг, алс бэлчээрлэдэг гэх мэт маш олон асуудал байдаг. Энэ бүх асуудлыг нэг дор бүгдийг шийдэхэд хүндрэлтэй учраас ажлаа эрэмблээд, үе шаттайгаар бүртгэлжүүлэх ажлыг хийж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Нэн тэргүүнд бид уг ажлыг гардан зохион байгуулж ажиллах хүн, хүч, мэргэжлийн боловсон хүчний асуудлаа шийдэхэд анхаарч байна. Мөн малыг ялган тэмдэглэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, ээмэг, бахь, чип нь ямар байх ёстой, ямар төрлийн, ямар малаа эхэлж бүртгэх вэ гэдгийг тодорхой болголоо. Мал, малчин өрхийн мэдээллийг бүртгэлийн нэгдсэн санд хэрхэн бүртгэх, оруулах, нэмэх, хасах, баяжилт хийх вэ гэдгийг шийдэж байна.
Цаашид дараах чиглэлийг баримтална.
1. Олон Улсын ISO стандартын шаардлага хангасан, дахин давтагдахгүй код бүхий уян хатан, гадны нөлөөнд тэсвэртэй, өндөр чанарын полиуретан материалаар хийгдсэн бод, бог малын ээмгийг ашиглана.
Полиэтилен болон резинэн материалаар хийсэн ээмэг нь малын биед шигдэх, хайлах, тасрах, код арилах зэрэг эрсдэлтэй учраас хориглоно.
Мөн ISO стандартын шаардлага хангасан, ойрын болон холын зайнаас таних боломжтой, чипийг голчлон адуунд ашиглана.
2. Манай улс олон сая малтай, монгол малын зүс хоорондоо ойролцоо, байгаль цаг уурын болон тухайн малын онцлогоос шалтгаалан зүс нь хувирдаг, ялган танихад хүндрэл үүсдэг учраас малын ээмэг, чипэнд МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн кодыг ашиглана.
Тухайн малын ээмэг, чипэнд бичигдсэн кодоор аль аймгийн, аль сумын, аль багийн мал болохыг таних боломжтой юм.
3. Үржилд ашиглаж буй хээлтүүлэгч, үзлэг ангилалтаар цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан хээлтэгч, төвийн бүсийн үхэр сүрэг, хүнсний зориулалтаар худалдан борлуулж буй малыг нэн тэргүүнд ялган тэмдэглэж бүртгэлжүүлнэ.
4. Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн баяжилтыг хийнэ.
-Мал сүргийг бүртгэлжүүлэхэд малчид, иргэдийн оролцоо ямар байх ёстой вэ?
-Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхэд малчид, иргэдийн оролцоо маш чухал, нэгдсэн ойлголттой байж энэ ажил явна.
Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажил жилд 2 удаа буюу хавар 03 сарын 25-наас 05 сарын 25-ныг хүртэл, намар 09 сарын 15-наас 11 сарын 15-ныг хүртэлх хугацаанд явагддаг.
Үүнээс бусад цагт малд ээмэг зүүх, чип суулгахыг хориглодог, учир нь технологийн хугацаа алдсанаас үүдэлтэй тухайн хэсэг газарт өт батган суух, идээ шүүс гарах, цаашлаад шарх үүсэх, малын чих хөлдөх, хайрагдах, тасрах зэрэг хүндрэл үүсдэг.
Тиймээс хавар, намрын технологийн хугацаанд малчид, мал аж ахуй эрхлэгчид маань мэргэжлийн хүмүүстэй хамтраад ажиллах, малаа ойр бэлчээрлүүлэх, зар хүргэсэн цагт малаа бэлэн байлгах, малаа барих, бүртгэл хөтлөхөд холбогдох мэдээллийг бүрэн өгч туслалцаа үзүүлэх нь чухал юм.
Мөн малын ээмэг унасан, гээгдсэн, мал шилжилт хөдөлгөөнд орох шаардлагатай болсон, зах зээлд худалдан борлуулсан, мал худалдан авсан зэрэг мэдээллийг цаг алдалгүй холбогдох мэргэжлийн хүмүүст хэлж, мэдээллийн сангаас хасуулдаг, нэмдэг, өөрчлөлтийг хийлгэдэг байх нь хамгийн том дэмжлэг болдог. Энэ бол малчид, мал аж ахуй эрхлэгчдийн мэргэжлийн хүмүүст үзүүлж буй бодит дэмжлэг, бодит оролцооны асуудал юм. Үүнээс гадна санал бодлоо илэрхийлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцдаг, ойлголцдог, бусдад, нийгэмд мэдээллийг үнэн зөв түгээдэг байх нь малчны эрх, үүрэг, хариуцлага юм.
-Малаа бүртгэлд хамруулснаар ямар үр дүн гарах вэ?
-Малаа бүртгэлжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ, бидэнд ямар ашиг байна вэ, бүртгэлжүүлэх шаардлага байна уу, энэ ер нь хэрэгтэй юм уу гэдэг асуултыг аль ч шатанд тавьдаг.
Бид бүгд л эрүүл, чанартай, гарал үүсэл нь тодорхой мах, сүү, гурил, ногоо, тариа будаа, тэдгээрээс гаралтай түүхий эд бүтээгдэхүүний асуудал ярьдаг. Энэ бүх асуултын тэмдэгний цаана ганцхан гарц байгаа нь бүртгэл, мөшгөх тогтолцоо, мэдээллийн сангийн бүрдүүлэлт юм.
Тэгэхээр дээрх бүх асуудалд чиглэл тус бүртээ бүртгэл байх ёстой, хууль эрх зүй байх ёстой, бүртгэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, үр дүнг харах, эцэст нь бүгд ашиг шимийг нь хүртэх ёстой.
Тэгвэл малын бүртгэлийн тухайд бид дараах хоёр чиглэлээр үр дүн гаргах гэж бүх шатанд хамтран ажиллаж байна.
1. Нийгмийн түвшинд:
1.1. Гарал үүсэл нь тодорхой мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломж бий болно.
1.2. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, өрсөлдөх чадавхийг сайжруулна, олон улсын зах зээл бий болно.
2. Малчин өрхийн түвшинд:
2.1. Төрөөс олгож буй дэмжлэг урамшуулалд хамрагдах боломж бүрдэнэ.
2.2. Малын хулгайгаас урьдчилан сэргийлэх, алдагдсан малыг бүртгэлээр дамжуулан олох боломжтой болно.
2.3. Малын гарал үүсэл, удам гарвалын тодорхойлолтыг нэгдсэн сангаас гаргуулж, малчин өрхийн үйлдвэрлэгч болохоо батална.
2.4. Даатгалд хамруулах, зээл авах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд баталгаа болно.
-Малыг бүртгэлжүүлэхэд гарах зардлыг хэн хариуцах вэ. Малчин ямар зардал гаргах вэ?
-Малыг бүртгэлжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Малын генетик нөөцийн тухай хуулиар зохицуулсан байдаг бөгөөд Малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ажиллуулах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан.
Харин малын ялган тэмдэглэх хэрэгсэл болох ээмэг, чипний үнийг малчин, мал бүхий этгээд хариуцахаар заасан. Тиймээс тухайн жилд бүртгэлд хамруулах малын мэдээллийг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэнд үнэн зөв өгч, өөрийн харьяалагдах засаг захиргааны нэгжийн код бүхий ээмэг, чипийг нэгдсэн журмаар захиалж авна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, малчин, мал бүхий этгээдийн захиалгын дагуу засаг захиргааны нэгжийн код бүхий ээмэг, чип хэвлэгдэж, малчин тухайн ээмэг, чипний үнийг хариуцна гэсэн ойлголт юм.
-Малчин ээмэг, чипний үнийг өөр хэлбэрээр төлөх боломж байгаа юу?
-Ийм боломж байж болно. Энэ нь Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн дагуу орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн орлогыг малчдад өөрсдөд нь эргүүлж зарцуулна гэсэн ойлголт юм. Хуулийн зорилго бол малчнаас авсан татварыг буцаагаад малчинд өөрт нь зарцуулах, тухайн сум орон нутагт хэрэгтэй зүйлд нь зарцуулахад оршиж байгаа. Малын тоо толгойн албан татвараас төвлөрсөн орлогыг хэрхэн зарцуулах талаар Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсэгт маш тодорхой зааж өгсөн байдаг.
Татвараас төвлөрсөн орлогын эх үүсвэрийг малын чанарыг сайжруулах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малын эрүүл мэнд, гамшгаас хамгаалах зэрэг 13 ажилд зарцуулахаар заасан. Эдгээр 13 ажилд “малын чанар сайжруулах”, “гэмт халдлагаас сэргийлэх” гэдэг асуудал багтсан бөгөөд энэ нь малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхээс эхлэлтэй.
Тийм болохоор малын чанар сайжруулах, мал сүргийг гэмт халдлагаас сэргийлэх ажлын үндэс суурь болсон ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлтэд төвлөрсөн орлогын тодорхой хувийг зарцуулахад хууль тогтоомж зөрчих асуудал гарахгүй.
Гагцхүү уг ажил тэдгээр 13 ажлын хэдэд эрэмбэлэгдэх вэ гэдгийг малчдын санал асуулгаар гаргадаг. Өөрөөр хэлбэл, багийн ИНХ-аар албан татварт төвлөрсөн орлогыг нэр заасан 13 ажлаас хамгийн ач холбогдолтой гэдгээр нь малчид өөрсдөө олонхийн саналаар эрэмбэлэх журамтай.
Тэгэхээр бид малчдад үнэн зөв бодит мэдээлэл өгөх, тодорхой түвшинд мэдлэгжүүлэх, соён гэгээрүүлэх ажил маш чухал байгаа юм. Малчид бидэнд нэн тэргүүнд юу чухал байна вэ гэдгээ мэддэг, ойлгодог, ухамсарладаг байх, тэгээд ач холбогдлоор нь санал хураагаад эрэмбэлдэг, орлогыг түүнд нь зарцуулж байна уу гэдэгт хяналтаа тавьдаг, санал бодлоо илэрхийлдэг байвал хуулийн хэрэгжилт сайн байна гэж харах юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
