Тод мэдээ
Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч дөрвөн ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоов
Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсэг тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.
Одоогоор Баян, Баянцагаан, Баянжаргалан, Эрдэнэ, Сэргэлэн, Заамар сумдын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч 65 аж ахуйн нэгж, 13 бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 25 аж ахуйн нэгж, 6 бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулаагүй байна.
Шалгалтаар уурхай дээр байх ёстой баримт бичгийн бүрдэлгүй, батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, долоон аж ахуйн нэгжид Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Мөн ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг мөрдөж ажиллаагүй, уурхайн талбайд тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хангалтгүй, маркшейдрийн хэмжилт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүллээ.
Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан, ашигт малтмалын ашиглалт олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүй, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан таван аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлээд байна.
Шалгалт үргэлжилж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл