Дэлхий нийтээр..
Монгол Улс анх удаа эмэгтэй генерал цолтонтой боллоо
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Бригадын генерал цол хүртээв.
Цэргийн дээд цол хүртсэн Г.Болор болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөв.
Тэрбээр Монгол Улсын болон Зэвсэгт хүчний түүхэнд анхны эмэгтэй генерал төрөн гарсан нь Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлага гэдгийг тодотголоо.
Мөн төрийн цэргийн байгууллагад хүчин зүтгэж буй эмэгтэй алба хаагчид төдийгүй нийт эмэгтэйчүүдийн эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй үнэтэй хувь нэмэр, амжилт бүтээл, үйл хэргийг өндрөөр үнэлж буйн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэв.
Г. Болор нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас анх удаа томилогдон ажилласан бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг алба хаагч юм.
Бригадын генерал Ганболдын Болор
Мэргэжил:
Цахилгаан холбооны инженер, командын офицер, Англи хэлний багш, орчуулагч
Боловсрол:
1994-1999 онд Батлан хамгаалахын их сургууль. Цахилгаан холбооны инженер, командын офицер;
2000-2001 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургууль. Программист; (оройн анги)
2003- 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль. Англи хэлний багш, орчуулагч;
2007 онд АНУ-ын Техас муж дахь Батлан хамгаалах хэлний хүрээлэн. Англи хэлний багш;
2008 онд Батлан хамгаалахын их сургууль. Техникийн ухааны магистр;
2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж;
2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа;
2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Олон улсын аюулгүй байдлын дамжаа;
2019- 2021 онд Өндөр хөгжилтэй оронд Дайны коллеж. Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;
Боловсролын зэрэг:
Техникийн ухааны магистр;
Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;
ҮБХИС-ийн докторант;
Ажлын туршлага:
1999-2003 онд ЗХЖШ-ын Тооцоолох төвд Электроник инженер;
2003-2007 онд БХИС-ийн Холбооны тэнхимд багш;
2007-2010 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга;
2011-2013 онд Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын Холбооны албаны дарга;
2014-2015 онд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн;
2017-2019 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга;
2021 оноос ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга;
2022 оны 3-р сараас ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга.
Энхийг сахиулах ажиллагааны туршлага:
2009-2010 онд Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “MINURCAT” ажиллагаа. Хүчний штабт хүний нөөцийн мэргэжилтэн;
2013-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаа. Хүчний штабт Холбооны хэлтсийн дарга;
2015-2016 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтэн;
2016-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн
Эмэгтэй цэргийн алба хаагчид эмнэлэг, холбоо, энхийг сахиулах зэрэг нарийн мэргэжлийн хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байна.
2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй цэргийн ажиглагч офицер илгээснээс хойш 872 эмэгтэй Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцжээ.
Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч 100 гаруй орноос эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгддэг юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/05/24
Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдө...
-
Үйл явдал2026/07/22
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ...
-
Хэн юу хэлэв...2022/03/01
Улаанбаатар хот хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёст...
-
Хэн юу хэлэв...2019/05/30
Цагдаа хөл нь гэмтсэн нохойд замаар гарахад нь тусалжээ
